"GENESYS CX 2023"
ХХБ харилцагч нартаа илүү ойртсон хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн төлөө олон төрлийн ажлыг шат дараатай хийж гүйцэтгэж байна. Үүний нэг нь 2022 онд дэлхийд тэргүүлэгч "Genesys Pure Cloud" системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн явдал юм. Мөн олон улсын стандартчиллын ISO байгууллагаас 2021 онд боловсруулан гаргасан “Үйлчилгээний төгөлдөршлийн” ISO 23592:2021 стандартыг Монгол Улсад нэвтрүүлсэн анхлан нэвтрүүлсэн.
Тэгвэл энэ удаад Контакт центрийн үйлчилгээ, үүлэн технологиор салбартаа тэргүүлэгч Genesys компаниас ХХБ-г "GENESYS CX 2023" шагналаар шагналаа. Энэ нь Америкийн программ хангамжийн компаниас монгол компани шагнал авч байгаа анхны тохиолдол юм.
“Онцлох ТоС банк”
“Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо “ТоС Холбоо“-оос жил бүр Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хороотой хамтран тухайн онд ТоС-ийн хэрэгжилтээр манлайлсан байгууллагуудаа шалгаруулдаг уламжлалтай. 2023 оны “Онцлох ТоС Банк''-аар Худалдаа Хөгжлийн Банк шалгарлаа.
Худалдаа Хөгжлийн Банк нь:
Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг банкны салбарт ижил түвшинд мөрдүүлэх санаачилгыг анхлан гаргаж, салбараа манлайлж эхэлсэн түүчээ байгууллагын нэг билээ.
Ногоон банк болох, үүний тулд банкны дотоод үйл ажиллагаанаас улбаатай нүүрс хүчлийн хийн цэвэр ялгарлыг тэглэх (Net-Zero) болон 2030 он гэхэд 2 тэрбум ам.долларын тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх хэтийн зорилттой.
2023 онд Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй, батлан даалттай бизнесийн ногоон зээлийг нэвтрүүллээ.
Уур амьсгалын ногоон сангийн (GCF) бэлэн байдлын хөтөлбөрийн хүрээнд “Монгол улсын Орон нутгийн ногоон хөгжлийг дэмжих" төслийг боловсруулж батлуулснаар төслийн хүрээнд бүс нутгийн ногоон хөгжлийг бий болгоход төр, хувийн хэвшлийн хамтарсан буюу холимог санхүүжилтийн загварыг хөгжүүлэх шинэлэг төсөл эхлүүлэв.
“World Economic Magazine” сэтгүүлээс “Best Bank for Remittances Mongolia 2023”
Монгол Улс 2019 онд ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор Монголын арилжааны банкнууд ам.долларын гадаад төлбөр тооцооны системээс хасагдсан. Тэгвэл Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсаас анх удаа АНУ-ын клирингийн ТОП банк болох Bank of New York Mellon-той хамтын ажиллагаа эхлүүлж, ностро дансаа нээсэн билээ.
Монгол Улсаа дэлхийн ам.долларын төлбөрийн системтэй дахин холбосон амжилтыг олон улсад үнэлж “World Economic Magazine” сэтгүүлээс Худалдаа, хөгжлийн банкийг Монгол Улсын гадаад төлбөр тооцооны тэргүүлэгч банк буюу “Best Bank for Remittances Mongolia 2023” –аар тодруулан шагналаа.
“GIP AWARDS 2023” -н “Шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ” үзүүлэгч байгууллага
БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” санаачилгын “Ногоон Хөрөнгө Оруулалтын Зарчмууд (GIP)”-аас жил бүр санаачлан зохион байгуулдаг “GIP 5 дугаар Чуулга уулзалт” амжилттай болж өндөрлөсөн юм. Энэхүү уулзалтад Ази, Европ, Их Британи, Африкийн 50 гаруй гишүүн байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож “GIP Awards” оны шилдэг байгууллагуудыг тодрууллаа.
Тус чуулга уулзалтын гол зорилго нь төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, дасан зохицох чадвартай, олон нийтэд хүртээмжтэй байлгахад гишүүн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, GIP-аас шинэчилсэн алсын харааг танилцуулах болон дараагийн шатны ажлын төлөвлөгөөг хэлэлцэхэд оршино.
Энэ жилийн хувьд Худалдаа, хөгжлийн банкийг ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж ажилласныг үнэлэн “Шилдэг Бүтээгдэхүүн, Үйлчилгээ” үзүүлэгч байгууллагаар шалгарууллаа.