Skip to main content
1

Харилцагч таньж мэдэх ажиллагаа

Харилцагч таньж мэдэх ажиллагаа

Хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн үйл ажиллагааг тогтвортой явуулах нь Худалдаа, хөгжлийн банкны нэн тэргүүний зорилгуудын нэг үргэлж байсаар ирсэн. Банк нь харилцагчийг таньж мэдэх ажиллагаа болон гүйлгээний тусгайлсан хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлснээр санхүүгийн системийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад санхүүгийн гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бууруулж, цаашлаад нийгмийн болон харилцагчийнхаа мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна гэж үздэг.


Хууль бус хөрөнгийн шилжилт хөдөлгөөн нь улс орны санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд заналхийлж, Монгол улсын иргэн, аж ахуйн нэгжүүдийг олон улсын түвшинд хүрч ажиллах чадварт сөргөөр нөлөөлдөг.


Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь олон улсын зүгээс онцгой анхаарал хандуулдаг асуудал болсон тул улс орны хэмжээнд дээрх гэмт хэргүүдтэй тэмцэхийн тулд хууль тогтоомжийг баталж хэрэгжүүлээд зогсохгүй, санхүүгийн системийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг.


Санхүүгийн гэмт хэргүүдийн хувьд нийгэмд бүхэлд нь нөлөөлж чадахуйц байдаг тул гэмт хэргээс сэргийлэх болон шаардлагатай хяналтыг хэрэгжүүлэх ажлыг банк, санхүүгийн байгууллага дангаараа хийх боломжгүй. Иймд, банк нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт гэмт хэргийг илрүүлэх, тэмцэх хүрээнд бусад дотоодын болоод олон улсын банк, санхүүгийн байгууллага, хууль хэрэгжүүлэгч, хууль сахиулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Банк харилцагчаас ямар мэдээлэл гаргуулан авдаг вэ?

Найдвартай бөгөөд стандартад нийцсэн банк болох эхний алхам нь харилцагчийг таньж мэдэх ажиллагаа юм. Бид албан ёсны баримт бичиг, холбогдох хянан баталгаажуулалтын хүрээнд найдвартай, итгэлтэй гэж баталгаажсан иргэн болон хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж, хамтран ажилладаг.
Харилцагчийг таньж мэдэх ажиллагаанд тухайн харилцагчийг болон харилцагчийн гүйлгээг олон улсын хориг жагсаалтаас шүүх, харилцагчийн мэдээллийг шинэчлэх, харилцагчаас нэмэлт тодруулга, харилцагчийн үйлдэл, гүйлгээтэй холбоотой баримт, материалыг авахаас гадна холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гүйлгээг тусгайлан хянах, хуульд заасан бусад үүргийг хэрэгжүүлэх зэрэг хамаарна.

Иргэнээс:

  • Хүчин төгөлдөр иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт

  • Харилцагчийн орлогын эх үүсвэрийг тодорхойлох мэдээлэл

  • Эрхэлж буй ажил, бизнесийн байдал, албан тушаалын мэдээлэл

  • Холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн болон албан газрын хаяг

  • Шаардлагатай бусад мэдээлэл

Хуулийн этгээдээс:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ

  • Байгууллагын дүрэм

  • Гүйцэтгэх удирдлагын мэдээлэл

  • Холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг, оршин байгаа хаягийн мэдээлэл

  • Бүрэн бөглөж баталгаажуулсан “Эцсийн өмчлөгчийг мэдүүлэх маягт”

  • Шаардлагатай бусад мэдээлэл