Skip to main content

ХХБанк 10 мянган хүүхдэд эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэлээ

2 June 2020

“Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага”-аас КОВИД-19 цар тахалтай холбогдуулан хамгийн өндөр эрсдэлд орох магадлалтай амьжиргааны түвшин доогуур, эмзэг бүлгийн иргэдэд ихээхэн анхаарч байгаа. Түүн дотроо хүүхдүүдийн  эрүүл мэнд, хоол тэжээл, сэтгэл санаа боловсролын асуудлуудад онцгойлон ач холбогдол өгч, дэлхий нийтээрээ нэгдэн, хамтын хүчин чармайлт гарган ажиллахыг уриалж байгаа билээ.

Энэ хүнд цаг үед Худалдаа, хөгжлийн банк хүүхдэд чиглэсэн “Хязгааргүй Мөрөөдөл” төслийнхөө хүрээнд гэртээ хөл хорионд байгаа зорилтот бүлгийн 10 мянган хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэл багатайгаар даван туулахад нь тусламж үзүүлэх зорилгоор 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий халдварын эсрэг хүүхдэд зориулсан эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэх ажлыг санаачлан хэрэгжүүллээ.

Хүүхдүүдэд бэлэг, тусламж түгээх энэхүү үйл ажиллагааг Дэлхийн зөн ОУБ-ын нийслэлийн болон орон нутаг дахь хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд болон ХХБанкны ажилтнууд хамтран түгээлээ.  Бид Дэлхийн зөн ОУБ-ын нарийвчилсан судалгааг үндэслэн, нийслэлийн 8-н дүүрэг болон орон нутаг дахь өрхийн орлогын түвшин бага айл өрхийн хүүхдүүдэд гэрт нь хүргэн өгч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тэдэнд баяр хөөр нэмлээ.

Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан бизнесийн орлого нь буураад буй жижиг, дунд бизнес эрхлэгчид болон Үндэсний үйлдвэрлэгч харилцагчдаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх хүүхдэд түгээсэн багц бүтээгдэхүүн болох амны хаалт, гар ариутгагч, дархлаа дэмжих витаминууд болон ундаа зэргийг дотооддоо үйлдвэрлүүлсэн юм.

Түүнчлэн Худалдаа, хөгжлийн банк КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг хамтдаа даван туулахад амь биеэ үл хайрлан зүтгэж буй ЭМЯ-ны хамт олонд 40 сая төгрөгтэй тэнцэхүйц нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг хүлээлгэн өгч байсан. Мөн мөнхийн найрсаг хөрш БНХАУ-ын ард иргэдэд цар тахалтай тэмцэхэд нь зориулан 22,5 сая төгрөгийг хандивлаад байсан билээ.

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “ХЯЗГААРГҮЙ МӨРӨӨДӨЛ”-ийг хэрэгжүүлсээр байна.