Худалдаа, хөгжлийн банк (ХХБанк) нь 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сингапур хотноо зохиогдсон GTR Asia Trade and Treasury Week 2016 арга хэмжээний үеэр Азийн хөгжлийн банкны худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн шилдэг банкаар шалгарч, “Leading Partner bank in Mongolia" буюу “Монгол дахь тэргүүлэх хамтрагч банк” шагналыг гардан авлаа.
ХХБанк нь 2005 оноос эхлэн олон улсын худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдаж ирсэн билээ. Түүнчлэн 2010 оны 3-р сард хөгжиж буй орнуудын гадаад худалдааг дэмжин, санхүүжилт олгодог, Азийн хөгжлийн банкны Trade Finance Program (TFP) буюу Худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрт элсэн орсон юм. 2009 оноос хойш нийт 8200 гаруй харилцагч байгууллагуудад 23.6 тэрбум ам.долларын худалдааны санхүүжилтийг олгожээ.
2015 онд Монгол улсын гадаад худалдааны төлбөр тооцооны 77.9%-ийг ХХБанк дангаараа гүйцэтгэж, гадаад төлбөр тооцооны хамгийн өргөн сүлжээ, бэлтгэгдсэн шилдэг боловсон хүчин, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай тогтоосон бизнес хамтын ажиллагаагаараа Монгол улсын банк, санхүүгийн салбартаа тэргүүлэгч гэдгээ дахин нотлон харуулсан билээ.