Энэ оны 7 дугаар сарын 18-ний өдөр Хонг Конг хотод Банк санхүүгийн салбарын дэлхийд тэргүүлэгч “Euromoney” сэтгүүлээс зохион байгуулсан улс орны банк санхүүгийн салбар дахь шилдгүүдийг шалгаруулах “Euromoney Award for Excellence 2013”-ын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болсон бөгөөд 2013 оны “Монгол Улсын Шилдэг Банк”-аар Худалдаа, хөгжлийн банкийг шалгарууллаа.
Дэлхийд тэргүүлэгч “Euromoney” сэтгүүл нь сүүлийн 22 жил уг арга хэмжээг олон улсын хэмжээнд 100 гаруй улсын банк санхүүгийн салбарын шилдгүүдийг хамруулан амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд тухайн банкны зах зээлд тэргүүлэгч байр суурь, найдвартай байдал, үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн чадавхи зэрэг үзүүлэлтүүдийг нэгтгэн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр улс орны шилдэг банкийг шалгаруулдаг билээ.
Худалдаа, хөгжлийн банк нь Монголын банк санхүүгийн салбарт ямагт тэргүүлэгч байсаар ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт актив 3.8 их наяд төгрөг, татан төвлөрүүлсэн хөрөнгө 1.8 их наяд төгрөгт хүрч, санхүүгийн тогтвортой үзүүлэлтээрээ Монгол улсын шилдэг банк гэдгээ батлан харууллаа.