Монголын Банкны Холбооноос БОНХЯ, Монголбанк, Олон Улсын Санхүүгийн Корпораци, Нидерландын Хөгжлийн Банк болон гишүүн банкуудтай хамтран “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2014”-г “Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй” сэдэв дор 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Уг форумаар тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудыг нийт банкууд 2015 оны I улирлаас эхлэн өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэх гэж буйтай холбоотойгоор бодлого боловсруулагчид, харилцагчид, бизнесийн салбарын төлөөлөгчид, байгаль орчны мэргэжилтнүүд болон олон улсын байгууллагууд хамтдаа Монгол улсын банкны салбарт тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарах өөрчлөлтүүд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн ирээдүй, ногоон эдийн засгийг бүтээн байгуулахад хэрхэн хамтран ажиллах талаар ярилцана.
Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлснээр банкууд өөрийн санхүүжүүлэх төслийн эдийн засгийн үр өгөөж, эрсдэлийг тооцохын зэрэгцээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг харгалзан удирдах, байгаль орчин, нийгэмд ээлгүй төслүүдийг санхүүжүүлэхээс татгалзах, ногоон бүтээгдэхүүн үйлчилгээ, санал санаачлагыг дэмжин ажиллах, түүнчлэн өөрсдийн дотоод үйл ажиллагаанд эдгээр зарчим, шаардлагуудыг баримталж бусад бизнесийн салбаруудыг тогтвортой хөгжилд манлайлан, уриалах юм.