Skip to main content

Худалдаа, хөгжлийн банк ХК нь АНУ-ын The Bank of New York Mellon-оор дамжуулж Монгол Улсыг дэлхийн ам.долларын төлбөрийн системтэй дахин холболоо.

6 February 2024

Улаанбаатар хот, Монгол улс – 2023 оны 12 дугаар сарын 28-ы өдөр: Монголын тэргүүлэгч санхүүгийн байгууллага болох Худалдаа, Хөгжлийн Банк ХК (ХХБ) нь АНУ-ын The Bank of New York Mellon (BNY Mellon) банк дээр ам.долларын клирингийн данс нээснээ мэдэгдэхэд таатай байна. Энэхүү томоохон үйл явдал  нь Монгол Улс 2019 оны 10 дугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын саарал жагсаалтад орсноос хойш анх удаа дэлхийн ам.долларын төлбөрийн системд дахин холбогдсоныг илтгэж буй юм.

Уг санаачилга нь ХХБ-ны гадаад худалдааг хялбарчлах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих гэсэн тууштай зорилтоос үүдэлтэй юм. Дэлхийд тэргүүлэгч BNY Mellon банктай корреспондент харилцаа тогтоосон нь Монгол Улсын  банкны салбарт итгэх итгэлийг сэргээж, олон улсын комплайнсын стандартад нийцүүлэх чухал алхам болж байна.

Худалдаа хөгжлийн банк ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Орхон: “Энэ бол манай банкны төдийгүй Монгол Улсын хувьд томоохон амжилт юм. Дэлхийн ам.долларын төлбөрийн системд дахин шууд холбогдож байгаа нь бидний олон улсын санхүүгийн стандартыг дагаж мөрдөх, олон улсын түншүүдийн итгэлцлийг сэргээх тууштай хүчин чармайлтын нотолгоо юм."

Шууд клирингийн данс нь ХХБанканд ам.долларын гүйлгээг илүү үр ашигтай гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлж байгаа бөгөөд улмаар гадаад гүйлгээ гүйцэтгэх хугацааг богиносгож, зардлыг мэдэгдэхүйц бууруулах зэрэг сайжруулсан үйлчилгээг харилцагчиддаа санал болгох боломжийг олгоод байна. Энэхүү алхам нь Монгол Улсын хил дамнасан худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж, улсын эдийн засгийн сэргэлтэд хувь нэмэр оруулна гэсэн өндөр хүлээлттэй байна.

Түүнчлэн энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улс өөрийн санхүүгийн зохицуулалтын тогтолцоог сайжруулах чиглэлээр өрнүүлж буй хүчин чармайлт хийгээд олон улсын комплайнсын стандартад нийцэн дагаж мөрдөх зорилтыг харуулж байна. Ам.долларын төлбөрийн системд дахин холбогдсон нь ХХБ-ны хувьд чухал үйл явдал төдийгүй Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, санхүүгийн хяналтын механизмыг сайжруулах чиглэлээр амжилттай алхаж байгааг илтгэж байна.

Худалдаа хөгжлийн банкны  ТУЗ-ийн дарга Рандолф С.Коппа онцолсны дагуу " The Bank of New York Mellon хэмээх баялаг түүхтэй, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллагатай хамтран ажиллаж байгаадаа туйлын их бахархаж байна. Энэхүү түншлэл нь шинэ боломжуудыг нээж, олон улсын нийгэмлэгтэй эдийн засгийн илүү бат бөх харилцааг бий болгох алхам болж байгаа юм".

Худалдаа, хөгжлийн банк ХК нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийн хурдасгуурын үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхийн төлөө ажиллаж, санхүүгийн нэгдмэл байдал, ил тод байдлын хамгийн дээд стандартыг хадгалахын төлөө ажиллах болно.

**Худалдаа хөгжлийн банк ХК (ХХБ)-ны тухай**

Худалдаа хөгжлийн банк ХК нь 1990 онд үүсгэн байгуулагдсан, арилжааны банкны өргөн хүрээний үйлчилгээг үзүүлдэг Монгол улсын санхүүгийн тэргүүлэгч байгууллага юм. ХХБ нь олон улсын санхүүгийн үйл ажиллагааны стандартыг баримтлан, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангахыг зорин ажилладаг. Монгол Улсын хамгийн том зээлдэгч байгууллагын хувьд ХХБ нь Монгол улсын бизнесийн бүхий л салбар дахь томоохон байгууллагын харилцагчдын бааз дээр тулгуурлан худалдааны төлбөр тооцооны салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна. Түүнчлэн 300 гаруй олон улсын санхүүгийн байгууллагуудтай корреспондент харилцаатай, дэлхийн өнцөг булан бүрийн томоохон клирингийн банкууд дээр 80 гаруй ностро данстайгийн хувьд ХХБ нь дотоодын болон олон улсын харилцагчдын хэрэгцээг хангахуйц худалдааны санхүүжилтийн өргөн хүрээний хэрэгсэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог. ХХБ нь олон улсын банк, синдикат болон синдикат бус зээл, худалдааны санхүүжилт, гадаад шилжүүлэг зэрэг олон улсын зах зээлд Монголын банкуудаас хамгийн туршлагатай, идэвхтэй оролцогчдын нэг юм.