Skip to main content

ХХБ “Шилдэг ТоС Банк”-аар 3 дахь жилдээ шалгарлаа

6 December 2019

Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан банкны салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, байгаль орчин, нийгэмд ээлтэй олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг санхүүгийн системд нэвтрүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг ТоС Банк” уралдааныг Монголбанк, Монголын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Холбоо хамтран 2019.03.01-10.31 хүртэлх хугацаанд зохион байгууллаа.

Тус уралдаанд ХХБанк нь 2019 оны 12-р сарын 5-ны өдөр бүх төрөлд нийлбэр дүнгээр нэгдүгээрт шалгарч “Шилдэг ТоС Банк”-аар 3 дахь удаагаа шалгарлаа.

ХХБанк нь 2012 оноос хойш “Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежментийн систем (БОНЭМС)” хэмээх цоо шинэ ойлголтыг Монгол Улсын хувьд цогцоор нь хэрэгжүүлж эхэлсэн Монголын анхны арилжааны банк юм. 2019 оны хувьд ХХБанк  өөрийн БОНЭМС-ийн бодлого, заавруудаа шинэчлэн баталж, тогтвортой хөгжлийн тав дахь зорилго болох жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгын хүрээнд жендерийн бодлогоо олон улсын жишигт нийцүүлэн шинэчилсэн юм. Түүнчлэн эрчим хүч, нөөцийн хэмнэлт, хогны менежментийг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэн, үйл ажиллагааны бүхий л түвшинд тогтвортой, байгаль орчин болон  нийгэмд ээлтэй байдлаар үйл ажиллагаа явуулах зорилгын дор ажиллалаа.

Монгол Улсын ууган, тэргүүлэгч арилжааны банкны хувьд ХХБанк бусад банкууддаа үлгэр жишээ байж, туршлагаасаа хуваалцан, байгаль орчин, нийгэмдээ ээлтэй банк байхыг зорин ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.

Ногоон хөгжлийг дэмжигч
Худалдаа, хөгжлийн банк