Skip to main content

КАРТЫН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

2 January 2020

Хэдий картыг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах нь олон давуу талуудыг бий болгож байгаа ч аливаа эрсдэлээс мөн адил хамгаалах шаардлагатай байдаг.

Өөрийн картыг эрсдэлээс хамгаалах дараах зөвлөгөөг Та бүхэнд хүргэж байна.

КАРТЫН МЭДЭЭЛЛЭЭ НУУЦЛАХ

Та бүхэн өөрийн төлбөрийн картын аюулгүй байдлыг хангахдаа картын чухал мэдээллүүд болох Картын дугаар, картын хүчинтэй хугацаа, СVV кодыг нууцалж байгаарай. Мөн шинээр картаа хүлээн авмагцаа арын хэсэгт нь гарын үсгээ зурж байх хэрэгтэй.

1. ПИН КОДОО НУУЦЛАХ

Нууц кодоо цээжилж, өөрийн нууц үгтэй цаасаа картын хамт байлгаж болохгүй бөгөөд хэн нэгэнд таны өмнөөс нууц кодыг хийлгэх боломжийг ч бүү олго. Утсаар болон и-мэйлээр нууц кодоо хэнд ч битгий хэлээрэй. Ямар ч байгууллага, албан тушаалтан, хувь хүн, тэр ч байтугай банкны ажилтан ч таны картын нууц кодыг асуух эрхгүй.

Худалдааны байгууллагууд танаас пин кодыг тань асуувал кодоо хэлэлгүй, пос терминалд өөрийн гараар кодоо оруулаарай. Мөн пин кодоо тогтмол хугацаанд шинэчилж байгаарай.

2. ӨӨРИЙН ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ОНЛАЙНААР ТОГТМОЛ ШАЛГАЖ БАЙХ

Онлайнаар өөрийн дансны мэдээллийг цаг алдалгүй, дэлгэрэнгүй харахад их дөхөм байдаг бөгөөд тогтмол шалгаж байх нь маш чухал. Хэрэв та дебит картыг түлхүү ашигладаг бол бүхий л гүйлгээний мэдээллийг сайн нягтлаарай. Танаас илүү хэмжээний төлбөрийг суутган авсан байх тохиолдол элбэг учраас байнгын шалгах аваас өөрийгөө энэхүү эрсдэлээс сэргийлж чадна.

3. ХҮЛЭЭХ ТУСАМ ЭРСДЭЛ НЭМЭГДДЭГ 

Хэрэв та картаа гээсэн болон хулгайд алдсан тохиолдолд мэдсэн тэр даруйдаа өөрийн банканд хандаж мэдээлэх хэрэгтэй. Ингэснээр таны картыг хэн нэгэн ашиглах боломжгүй болно.

4. КАРТАА ХАМГААЛАХАА БҮҮ МАРТААРАЙ

Хэрэв таны картын соронзон тууз гэмтсэн бол төлбөр тооцоо гүйцэтгэх боломжгүй болдог. Тиймээс картыг аливаа соронзон эд зүйл, бохир болон хатуу биет, түлхүүр гэх мэт гэмтээж болзошгүй зүйлсээс хол байлгаарай.