Skip to main content

Камбожийн Вант Улсын банк, санхүүгийн салбарын төлөөлөгчид ХХБанканд зочилж туршлага судаллаа

14 November 2018

Камбожийн Вант Улсын банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл нь Монгол улсын банк, санхүүгийн системд амжилттай хэрэгжиж буй Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийн талаар туршлага судлахаар айлчлан ирсэн юм. 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ХХБанкaнд хүрэлцэн ирж, Байгаль орчин нийгмийн эрсдэлийн менежментийн системийн талаар туршлага судаллаа. Энэхүү аяллын хүрээнд Камбожийн Вант Улсын Төв банк, Байгаль орчны яам болон арилжааны банкнуудын удирдах ажилтнуудаас бүрдсэн 14 зочид, төлөөлөгч хүрэлцэн ирсэн юм. Монгол оронд төдийгүй Азийн бүс нутагтаа үлгэр жишээ сайн туршлага болж буй Монгол улсын Тогтвортой Санхүүжилтийн хөтөлбөр, тус хөтөлбөрийн зарчмуудыг банкууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийн ач холбогдол, үр дүнгийн талаар онцгойлон хэлэлцлээ.

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн Гүйцэтгэх дэд дарга Рандолф Коппа, Эрсдэлийн удирдлагын газрын төлөөлөл зочдыг хүлээн авч, ХХБанкны байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежментийн бодлого, журам, үнэлгээний арга аргачлал болон харилцагчийн үйл ажиллагаанаас нийгэм болон байгаль орчинд учруулж болзошгүй эрсдэлийг хэрхэн үнэлж, удирдан, бууруулдаг сайн туршлагуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.