Дэлхийн хамгийн том буюу 200 гаруй орны 11000 гаруй банк, санхүүгийн байгууллагууд, 1000 гаруй томоохон корпорацууд нэгдсэн төлбөр тооцооны SWIFT системд Худалдаа, хөгжлийн банк Монгол улсаас анх удаа 1996 онд нэгдсэн байдаг. Энэ цагаас хойш бид SWIFT байгууллагатай нягт хамтран ажилласаар ирсэн бөгөөд тус байгууллагаас гаргаж буй төлбөр тооцооны үйлчилгээ, олон улсын стандарт, шаардлагуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хамгийн сүүлд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын шаардлагыг хангаж SWIFT SSNS системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байсан бол энэ удаад SWIFT GPI системийг харилцагчдынхаа гадаад төлбөр тооцооны үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Энэ талаар ХХБ-ны Төлбөр тооцоо үйл ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн А. Дэлгэрсайхантай ярилцлаа.
Сайн байна уу?
Сайн байна уу. Танд болон уншигчдаа энэ өдрийн мэндийг хүргэе.
Юуны түрүүнд та SWIFT сүлжээний талаар уншигчдадаа товчхон тайлбарлаж өгнө үү.
SWIFT нь олон улсын төлбөр тооцооны дэлхийн хамгийн өргөн сүлжээ бөгөөд анх 1973 онд дэлхийн 19 орны 250 орчим банкууд нэгдэн байгуулагдаж байсан, Бельги улсад төвтэй байгууллага юм. Өдгөө улс орнууд албан ёсны төлбөр тооцоогоо SWIFT сүлжээгээр дамжуулан хийж байна.
SWIFT GPI үйлчилгээний талаар дэлгэрүүлж ярина уу, юугаараа давуу талтай, онцлогтой юм бол?
SWIFT сүлжээний GPI үйлчилгээ нь анх 2017 онд нэвтэрч байсан ч өнөөдөр дэлхийн 4000 орчим томоохон банкнууд үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, өдөрт дунджаар $300 тэрбум гүйлгээ боловсруулдаг систем юм.
SWIFT сүлжээгээр улс хооронд төлбөр тооцоо дамжуулах, хүлээн авахад гүйлгээ дамжуулагч банканд саатах, хүлээн авагчдаа цаг хугацаандаа хүрэхгүй удах тохиолдлууд гардаг. Энэ тохиолдолд төлбөр хүлээн авагч болон шилжүүлэгч талууд төлбөр саатсан, удсан шалтгааныг цаг алдаж мэдээлэл авах зэргээр тодорхой бус байдал үүсдэг байсан. GPI системд холбогдсоноор дээрх асуудлууд шийдвэрлэгдэх бөгөөд төлбөр шилжүүлснээс эхлээд хүлээн авагчийн дансандаа орох бүхий л үе шатны мэдээллийг цаг хугацаатай нь, дамжуулагч банкнуудын суутгасан шимтгэл хураамжийн хамт дэлгэрэнгүй мэдэх боломжтой болж байгаа.
Нэгтгээд хэлбэл, гадаад шилжүүлгийг дамжуулах, хүлээн авах цаг хугацаа, бусад мэдээлэл дэс дараатай тодорхой болсноор гүйлгээнд тасралтгүй хяналт ажиглалт хийгдэх, шимтгэл хураамжийн ил тод байдал нэмэгдэх, ингэснээр харилцагчийн хийсэн гүйлгээний хурд нэмэгдэх юм.
Гадаад шилжүүлгийн гүйлгээг шилжүүлэгчийн данснаас төлбөр хүлээн авагчийн дансанд төлөгдөх хүртэлх явцыг бодит цагийн горимд лавлаж харах боломжийг олгож буй энэхүү үйлчилгээг ХХБ гадаад төлбөр тооцооны үйлчилгээндээ нэвтрүүлэх төслийн ажлыг 2021 онд эхлүүлснээр ийнхүү 9-р сарын 13-ны өдрөөс үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүллээ.
Мэдээлэл нээлттэй, ил тод болсноор харилцагчдад илүү боломж нэмэгдэж байгаа юм байна. Хэрхэн энэхүү боломжийг авах билээ?
Таны гадаадын аль нэг улс руу шилжүүлсэн мөнгө тухайн мөчид хаана, аль улсын ямар банкаар дамжсан, эдгээр банкнууд шимтгэл суутгаж авсан, төлбөр хүлээн авагчдаа хэзээ очих талаарх мэдээллийг ХХБ-ны бүх салбар, төвд хандаж авах боломжтой. Мөн манай 24 цагийн лавлах 1900-1977 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой байгаа.
Товч бөгөөд тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа.
Баярлалаа.
Image