Skip to main content

ХХБ АВСТРИЙН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЙЛЧЛАЛААР МОНГОЛ УЛСАД ИРСЭН БИЗНЕС ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

26 May 2025

Бүгд Найрамдах Австри Улсын Төрийн Тэргүүн Александер Ван Дер Беллен 5-р сарын 25-ны өдөр Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж, хоёр улсын дипломат харилцааны түүхэнд шинэ хуудас нэмлээ. Тус айлчлалын хүрээнд БНАУ-ын салбар бүрийн тэргүүлэгч 22 байгууллагын 25 төлөөлөгч ирээд байна.

Монгол, Австрийн хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түншлэл байгуулах, хөрөнгө оруулалт болон салбар хоорондын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хүрэлцэн ирсэн билээ.

Түүнчлэн өнөөдөр ХХБ Монгол Улсын банк, санхүүгийн салбарыг төлөөлөн Австрийн бизнес төлөөлөгчдийг хүлээн авч, харилцан санал солилцлоо. /2025.05.26/

Энэхүү уулзалтаар талууд хоёр улсын бизнес эрхлэгчдэд илүү таатай хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх, ирээдүйн хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг өргөжүүлэх боломжуудын талаар нээлттэй ярилцсан юм. Уг уулзалт нь ХХБ-ны хувьд харилцагчдаа шинэ зах зээлд нэвтрүүлэх, олон улсын бизнесийн боломжуудыг нээх чухал алхам боллоо. 

ХХБ нь Европын 100 гаруй банктай корреспондент харилцаатай ажилладаг бөгөөд Австрийн томоохон санхүүгийн байгууллагуудын нэг болох ERSTE банктай 2015 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байна. 2025 оны I улирлын байдлаар ХХБ нь Монгол Улсын нийт гадаад гүйлгээний 32 хувийг дангаараа гүйцэтгэсэн. Үүнээс зөвхөн ERSTE банк дахь дансаар еврогийн нийт гүйлгээний 10 орчим хувь дамжин өнгөрсөн нь бидний хамтын ажиллагаа үр дүнтэй явагдаж буйг илтгэж байгаа үзүүлэлт юм.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК