Эрсдэлийн удирдлага
Худалдаа, хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын бодлогын зорилго нь банкны стратеги зорилтыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад туслалцаа үзүүлэх ба банкны үйл ажиллагаанд гарах алдагдал, эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах замаар банкны ашигт ажиллагааг дэмжихэд чиглэдэг. Банк нь эрсдэлийн удирдлагын тогтолцоондоо дараах зарчмуудыг мөрдлөг болгодог. Үүнд:
Банкны бүхий л үйл ажиллагааны салшгүй хэсэг байх. Банкны бүхий л үйл ажиллагааг эрсдэлийн удирдлагаар хангана.
Шийдвэр гаргах үйл явцын нэг хэсэг байх. Банкны удирдлага болон бизнесийн нэгжүүдийн шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлнэ.
Тодорхой бус байдлыг ил тод байлгах. Аливаа тодорхойгүй байдлыг илрүүлж, тэдгээрээс үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ.
Хараат бус, бие даасан байх. Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ хараат бус, хөндлөнгийн байр сууринаас үнэлж, дүгнэн, тайлагнана.
Боломжит мэдээлэлд үндэслэсэн байх. Эрсдэлийн удирдлагад түүхэн баримт мэдээлэл, бусад газар нэгжийн санал, ажиглалт, урьдчилсан таамаг болон эрсдэлийн ажилтны дүгнэлт зэрэг бодит мэдээллийг үндэслэнэ.
Онцлог нөхцөл байдалд тохирсон байх. Гадаад болон дотоод нөхцөл байдалд тохируулан эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлнэ.
Мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлдэг байх. Эрсдэлийн удирдлагын хүрээнд ажиллах ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэхэд чиглэгдсэн сургалтын хөтөлбөрүүдтэй байх ба ажилтнуудаас мэргэжлийн ёс зүй, дүрэм журам, стандартыг сахин ажиллахыг шаардана.
Ил тод ба оролцоог хангасан байх. Банкны газар нэгжүүд болон бусад оролцогч талуудтай мэдээлэл солилцон, зөвлөлдөж, санал зөвлөмжийг тусгана.
Тогтмол сайжруулалтыг хийж байх. Тогтмол хугацааны давтамжтайгаар эрсдэлийн удирдлагын тогтолцоондоо эргэн хяналт хийх, шаардлагатай өөрчлөлт сайжруулалтыг тухай бүр хийнэ.
Худалдаа, хөгжлийн банк нь Байгууллагын эрсдэлийн удирдлага (Enterprise Risk Management, цаашид ERM)-ын зохистой засаглалыг бизнесийн бүх үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. ERM нь эрсдэлийн орчныг тасралтгүй хянах, сайжруулах боломжийг бий болгож, эрсдэлийн талаарх ойлголт, мэдлэг, найдвартай ажиллагаа, стратеги шийдвэр гаргах зэрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг. Банкны хувь нийлүүлэгчдийн хурлаас банкны стратегийн шийдвэрүүдийг гаргах бөгөөд уг стратегид тулгуурлан банкны эрсдэлийн засаглалыг хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх үүрэг бүхий хамгийн дээд нэгж нь “Төлөөлөн удирдах зөвлөл” (ТУЗ) болон түүний дэргэдэх “Эрсдэлийн удирдлагын хороо”(ЭУХ) юм.
Банкны ТУЗ нь эрсдэлийн зохистой засаглалын бүтэц, эрсдэлийн аппетит зэрэг эрсдэлийн бодлогын баримт бичгийг баталдаг бөгөөд Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч нь Банкны өдөр тутмын эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавьж, ТУЗ болон түүний дэргэдэх ЭУХ-нд тайлагнадаг. Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч нь эрсдэлийн хамгаалалтын 2-р шугам болох эрсдэлийн удирдлагыг хариуцдаг ба энэ хүрээнд дараах газар, нэгжүүд хамаардаг.
Эрсдэлийн удирдлагын бодлого, зохицуулалтын газар;
Зах зээл, хөрвөх чадварын эрсдэлийн удирдлагын хэлтэс;
Зээлийн эрсдэлийн газар;
Зээлийн хэрэг бүртгэлийн хэлтэс;
Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын газар;
Цахим эрсдэлийн удирдлагын хэлтэс;
Комплайнсын хэлтэс.
Эрсдэлийн хамгаалалтын 2-р шугам болох эдгээр газар нэгжүүд нь банкны эрсдэлийн удирдлагын арга хэмжээнүүд болох өдөр тутмын эрсдэлтэй үйл ажиллагаанд хяналт тавих (risk monitoring), эрсдэлийг олж ирлүүлэх (risk identification), эрсдэлийг үнэлж хэмжих (risk assessment), эрсдэлийн лимитүүдийн биелэлтийг хянах, мэдээлэх (risk reporting), тухай бүр эрсдэлийг бууруулах арга хэмжээг авах (risk mitigation), эрсдэлийн удирдлагыг сайжруулах (risk management improvement) арга хэмжээг эрсдэлийн аппетит болон дотоод үйл ажиллагааны заавар, журмуудаар дамжуулан тасралтгүй хийдэг.
Эрсдэлийн хамгаалалтын 1-р шугам болох бизнесийн нэгжүүд нь тус бүрийн чиг үүрэг, бизнесийн зорилт болон ТУЗ-с батлагдсан эрсдэлийн аппетитын хүрээнд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг бол 3-р шугам болох дотоод аудит нь эрсдэлийн удирдлагын тогтолцооны хэрэгжилтийг хараат бус байдлаар хянан баталгаажуулдаг.
Эрсдэлийн удирдлагын хороо нь Банкны эрсдэлийн удирдлагын бодлого, эрсдэлийн аппетит, эрсдэлийн тайлангуудыг хэлэлцэх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, үйлчилгээний хүү, шимтгэлийн нөхцөлүүдийн өөрчлөлтүүдээс шалтгаалсан эрсдэлийн аппетитад үзүүлэх сөрөг нөлөөллийг эрсдэлийн аппетитын хэрэгжилтийн тайлангаар улирал бүр хянах замаар банкны ТУЗ-д дэмжлэг үзүүлэх, ТУЗ-өөс гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий ТУЗ-өөс томилсон дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байнгын ажиллагаатай хороо юм.
Удирдлагын хороо нь Банкны бодлогын шинж чанартай зорилтуудыг хэрэгжүүлэх явцад тулгарч буй удирдлагын хүрээнд шийдвэрлэвэл зохих асуудлуудыг үндэслэлтэй, зөв оновчтой шийдвэрлэх чиг үүрэг бүхий Гүйцэтгэх захирал, Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Гүйцэтгэх захирлын орлогч нараас бүрдсэн хороо юм.
Зээлийн хороод нь зээлийн үйл ажиллагаанд баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, батлагдсан лимитийн хүрээнд шинэ зээлийн хүсэлт болон зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах шийдвэр гаргах, зээлийн эргэн хяналтын тайлан, зээлийн эргэн төлөлтийн тайлан зэрэг асуудлуудыг хэлэлцэх, Банкны нийт зээлийн багцад хяналт тавьж ажиллана.
Чанаргүй активын хороо нь ТУЗ-өөс баталсан Банкны хэмжээнд нийт чанаргүй активыг бууруулах стратеги, зорилт болон чанаргүй активын үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд чанаргүй активтай ажиллах газар, хэлтсийн үйл ажиллагааг удирдлагаар хангах, тэдгээрт шилжсэн чанаргүй активын өр төлбөр барагдуулах арга зам, хэлбэрийг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл, үүрэг өгөх, хяналт тавих, чанаргүй активтай холбоотой аливаа асуудлыг хэлэлцэнэ.
Актив пассивын хороо нь төлбөрийн чадварын эрсдэл, зах зээлийн эрсдэл, хүүгийн эрсдэл, ханшийн эрсдэлийг батлагдсан лимитийн хүрээнд Банкны актив, пассивыг удирдлагыг хэрэгжүүлэх, шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх эрх, үүрэг бүхий хороо юм.
Үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хороо нь Банкны үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын бодлого, журмын үр дүнтэй байдалд хяналт тавих, эрсдэлтэй үйлдэл, эрсдэлийн мэдээллийн талаар хэлэлцэн, үйл ажиллагааны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг хянах, бууруулах, удирдах чиглэлээр шийдвэр гаргах, зохион байгуулж, чиглүүлэх эрх, үүрэг бүхий хороо юм.