Байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнесийн үйл ажиллагаа эрхлэж, байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс сэргийлэх замаар урт хугацаанд тогтвортой хөгжих нь дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжлийн чухал зорилт болоод байна. Энэхүү чиглэлийн хүрээнд байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, нийгмийн бүхий л давхаргад санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах, компаниудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх гээд олон асуудал багтаж байна.
Дэлхийн хөгжингүй орнуудын туршлагаас харахад дээрхи зорилтод хүрэхэд банк, санхүүгийн салбар чухал үүрэгтэй оролцдог байна. Учир нь банк нь харилцагчиддаа олгох санхүүжилтээрээ дамжуулан, зээлийн эрсдэлийг үнэлэх, бууруулах үйл явцтай адил зарчмаар харилцагчдынхаа байгаль орчин, нийгэмд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлж, үнэлэх улмаар тэдгээр эрсдэлээс үүсч болох санхүүгийн хор хохирлоос харилцагчийг хамгаалах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг юм.
Цаашлаад банк нь үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангаж ажиллах зорилгын хүрээнд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог дэмжиж, жендерийн хяналт шинжилгээ, үнэлгээний үйл ажиллагаагаар байгууллага, тэдгээрт олгох банкны санхүүжилтийг жендерийн мэдрэмжээр үнэлэх, зөвлөгөө өгөх, загвар боловсруулах замаар жендерийн эрх тэгш байдлыг дэмжихэд хувь нэмэр оруулна.
ХХБ нь нийгэмд тулгарч буй тэгш бус байдал болон олон талт ялгаатай байдлыг ойлгож, жендэрийн мэдрэмжтэй банк санхүүгийн байгууллага болох зорилго тавьж, Жендэрийн эрх тэгш байдлын бодлого (ЖЭТБ)-ыг анх 2019 оны 12-р сард баталж, 2021 онд Жендэрийн хороог шинэчлэн байгуулсан ба байгууллагын бүхий л түвшинд бодлогын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Бид үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний хувьд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллах зорилгын хүрээнд “Жендэрийн эрх тэгш байдлын бодлого”-ыг хэрэгжүүлж ажилладаг. ХХБ-ны Жендэрийн хороо нь тус бодлогыг банканд хэрэгжүүлэн ажилладаг ба үүргийнхээ дагуу улирал бүр хуралдаж, банканд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллах үүднээс хүйсээр ангилсан харилцагчдын мэдээллийн сан үүсгэх, ХХБ-ны газар, нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа, салбар, тооцооны төвүүдийн үйл ажиллагааг жендэрийн мэдрэмжтэйгээр явуулах боломжийг тогтмол судлан хэлэлцэж, зохих шийдвэрийг гарган ажиллаж байна.