ХХБанк болон ОУХОБ-ны хооронд байгуулсан гэрээний дагуу энэхүү санхүүжилт нь байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эмэгтэй гүйцэтгэх удирдлагатай болон эмэгтэй ажилтнууд давамгайлсан бизнес, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт санал болгож, улс орны эдийн засгийн сэргэлтэд үнэтэй хувь нэмрийг оруулах юм.
ХХБ-ны хэрэгжүүлж буй тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын Монгол Улс дахь хэрэгжилтэд чухал үр нөлөөтэй юм. Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн баталсан нэгдсэн ногоон зээлийн тодорхойлолтыг боловсруулсан, ямар шаардлага үзүүлэлтийг хангасан үйл ажиллагааг “ногоон” гэж ангилах, тэдгээрийг хэмжих, үнэлэх боломжийг бий болгосон үндэсний “Ногоон Таксономи” -нягт уялдаж байгаа билээ.
“Хөгжил дэвшилд хамтдаа” уриан дор өнгөрсөн хагас жарны хөгжлийг тодорхойлсон Худалдаа, хөгжлийн банкны хувьд урт хугацааны стратеги, ирээдүйн чиг хандлагаа шинэчлэн тодорхойлж, “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриаг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд урт хугацааны стратегидаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг тусгаж дараах зорилгуудыг онцлон дэмжихээр зорин ажиллаж байгаа болно. Үүнд:
Тогтвортой хөгжлийн зорилго №4: Чанартай боловсролыг дэмжих;
Тогтвортой хөгжлийн зорилго №5: Жендерийн эрх тэгш байдлыг хангах;
Тогтвортой хөгжлийн зорилго №8: Эдийн засгийн өсөлтийг дэмжих;
Тогтвортой хөгжлийн зорилго №13: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах.
ОУХОБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн Зээл, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга ноён Георгий Потапов “ХХБ-тай байгуулсан тус гэрээ нь манай гишүүн орны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааны тод жишээ юм. ХХБ-ны эрхэм зорилго нь ОУХОБ-ны зорилготой уялдаж байгаа бөгөөд бид ийм төрлийн төслүүдийг эрчимтэйгээр санхүүжүүлж, гишүүн орныхоо эдийн засагт хамгийн өндөр үр ашгийг авчрахаар хичээн ажилладаг"
ТУЗ-ийн дэд дарга ноён Рандолф С.Коппа "Бид урт хугацааны сайн түнш болох ОУХОБ-тай хамтран ногоон бизнесийг дэмжих, жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. ХХБ нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тэргүүлэгч ногоон банк болох урт хугацааны зорилтоо хангаж, Монгол Улсын тогтвортой хөгжил, хүртээмжтэй эдийн засгийн сэргэлтэд томоохон хувь нэмрийг оруулах юм"
ОУХОБ нь өөрийн гишүүн орнуудын засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр олон улсын байгууллагын хэлбэрээр 1970 онд байгуулагдсан юм. Монгол улсаас гадна Бүгд Найрамдах Болгар Улс, Бүгд Найрамдах Куба Улс, Чех Улс, Унгар Улс, Румын Улс, ОХУ, Бүгд Найрамдах Словак Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам зэрэг өөрийн гишүүн орнуудын эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэн ажилладаг болно. ОУХОБ болон ХХБ хооронд 2005 онд корреспондент харилцаа үүссэнээс хойш МУ-ын үнэт цаас, худалдааны санхүүжилт болон тогтвортой санхүүжилтийн зах зээл дээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын ууган арилжааны банк ХХБ нь уриагаа Тогтвортой хөгжилд хамтдаа хэмээн шинэчлэн 2030 он гэхэд 2 тэрбум ам.долларын тогтвортой санхүүжилт олгох, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн саармаг байгууллага болохоо тус тус зарлаж, Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн банк болон ажиллаж байна. Одоогоор цахим банк болон 90 гаруй салбар, тооцооны төвүүдээр дамжуулан санхүүгийн 150 гаруй үйлчилгээг харилцагчдадаа хүргэж байна.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА