GOOD WORKPLACE AWARDS – 2022 “Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжигч шилдэг байгууллага”
Худалдаа Хөгжлийн Банк нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан шилдэг ажил олгогчдыг шалгаруулах GOOD WORKPLACE AWARDS 2022-д Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжигч шилдэг байгууллагаар шалгарлаа. Мөн Хүний нөөцийн бодлогоор манлайлагч байгууллага төрөлд оролцож өндөр үнэлгээтэй байгууллагаар шалгарлаа.
“Жендерийн Манлай Байгууллага”
“Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо “ТоС Холбоо“-оос жил бүр Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хороотой хамтран тухайн онд ТоС-ийн хэрэгжилтээр манлайлсан байгууллагуудаа шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилээс эхлэн “Жендерийн Манлай Байгууллага” шагналыг шинээр олгож эхэлсэн бөгөөд анхдагч эзэн нь Худалдаа Хөгжлийн Банк байлаа.
Худалдаа Хөгжлийн Банк нь Жендэрийн бодлого болон Жендэрийн удирдлагын түвшний хороотой болсон анхдагч банкуудын нэг бөгөөд Жендэрийн эрх тэгш байдлыг хангахтай холбоотой тэдний хэрэгжүүлсэн ажлуудаас онцолбол:
Банкны бизнесийн газар, хэлтэс, нэгжүүдийн жендэрийн мэдрэмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын хийх ажлын төлөвлөгөөг нэгтгэн, банкны жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын хүрээнд урт хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан;
Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр боловсруулах, нярайн чөлөөтэй эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр боловсруулсан;
Хүйсээр ангилсан харилцагчдын дата мэдээллийг гаргаж байна;
Шинээр ажилд орсон болон удирдах албан тушаалтан нарт зориулсан жендэрийн сургалтын хөтөлбөртэй болов.
Бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан тусгайлсан эх үүсвэрийг бий болгож, зөвхөн бизнесийн зээлээр хязгаарлахгүй хувиараа бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг дэмжих бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж ажилласан байна.
Түүнчлэн "Санхүүгийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг түгээн дэлгэрүүлэх, жендэрийн мэдрэмжтэй санхүүжилтийн үйл ажиллагаа явуулах тогтолцоог бэхжүүлэх" төслийн үр дүнд бий болсон зөвлөмж, аргачлал, хэрэгслийг боловсруулахад ТоС Холбооны дэргэдэх Жендэрийн дэд ажлын хэсгийг ахлан ажиллаж, эмэгтэй бизнес эрхлэгч нарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг банк хэрхэн шийдвэрлэх боломжийг тодорхойлох талаар салбараа манлайлан ажиллалаа.
The 2022 Asiamoney Best Bank Awards for Mongolia “Шилдэг байгууллагын банк” “Байгаль орчин, нийгэм, засаглалыг хэрэгжүүлэгч шилдэг банк” “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч шилдэг банк”
Дэлхийд нэр хүнд бүхий Euromoney сэтгүүлийн дэргэдэх, Ази, Номхон далайн бүс дэх эдийн засаг, банк, санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг хүргэдэг Asiamoney сэтгүүлээс жил бүр Азийн шилдэг банк, санхүүгийн байгууллагуудыг тодруулдаг билээ. Тус сэтгүүлээс Худалдаа, хөгжлийн банкны Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулсан хувь нэмэр, тогтвортой хөгжил болон ногоон санхүүжилтийн чиглэлээр хийгдсэн ажлууд, гаргасан ололт амжилтууд, харилцагчдад зориулан зах зээлд нэвтрүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ зэргийг үнэлэн 2022 оны “Монгол Улсын Шилдэг байгууллагын банк”, “Монгол Улсын Шилдэг ногоон банк” “Монгол Улсын Шилдэг нийгмийн хариуцлагатай банк” шагналуудыг олголоо.
ХХБ нь Ногоон зээлийн хөтөлбөрийг боловсруулж түүндээ олон улсын санхүүгийн байгууллагуудаас нийт 71.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэн, Бизнесийн ногоон зээл болон Иргэдэд зориулсан цахим болон хэрэглээний ногоон зээл зэрэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн юм. 2022 оны 3-р улирлын байдлаар ХХБ-ны ногоон зээлийн багц нийт 47 тэрбум төгрөг байгаа ба “Монгол Улсын Ногоон Таксономи” -ийн Тогтвортой ус, хог хаягдлын хэрэглээ болон Эрчим хүчний хэмнэлт ангиллуудад харгалзан тус тус 36%, 33% буюу дийлэнх зээл олгогдсон байна.
ХХБ-ны бизнесийн ногоон зээлд хамрагдсан ногоон төсөл, хөтөлбөрүүдийн урьдчилсан тооцооллоор, нэг жилд ойролцоогоор нийт 43 сая кг СО2 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар байна.