
Дэлхийн Эдийн Засгийн Форумын 55 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 20-24-ны хооронд Швейцари Улсын Давос-Клостерс хотод зохион байгуулагдаж байгаа билээ. Тус уулзалтад ХХБ-ыг төлөөлж, ДЭЗФ-д ТУЗ-ын дарга Рандольф Коппа, гүйцэтгэх захирлын орлогч Н.Сэргэлэн нар оролцлоо.
Энэ удаагийн ДЭЗФ-д 130 гаруй орны гурван мянга орчим төлөөлөгч, 350 гаруй засгийн газрын томоохон албан тушаалтан оролцлоо. “Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтын үеэр уур амьсгалын хурдацтай өөрчлөлт глобал түвшний анхаарах асуудал гэдгийг онцгойлон хэлэлцэж, эрчим хүч үйлдвэрлэл, технологийн хөгжил, эдийн засаг, хамтын ажиллагааны шинэ шийдэл, саналуудыг дэвшүүлж байв. ХХБ-ны хувьд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгод нэгдэж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн ногоон банк болох зорилготой ажиллаж байгаа билээ. Түүнчлэн 2030 он гэхэд хоёр тэрбум ам.долларын тогтвортой санхүүжилтыг харилцагчдадаа хүргэх урт хугацааны зорилт тавин ажиллаж буйгаа ДЭЗФ-ын үеэр илэрхийллээ.
Ийнхүү ХХБ Дэлхийн эдийн засгийн форумд албан ёсны түнш байгууллагаар оролцож буй нь дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт улс орноо таниулах, олон улсын зах зээл дээр банкныхаа төдийгүй Монгол Улсын нэр хүндийг өсгөх, бататгахад хувь нэмэр оруулсан том алхам болж байна.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК