Худалдаа, хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Р.Коппа Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотод “Ногоон дэлхий ертөнцийн төлөөх эв нэгдэл” сэдвийн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын талуудын 29 дүгээр бага хуралд амжилттай оролцлоо.
Тус хурал нь Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих улс орнуудын үүрэг хариуцлагын биелэлтийг хангуулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, санхүүжилт босгох, хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагыг хангах санхүүжилт олгох зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгч дээд түвшний уулзалтад оролцож Монгол Улсын тогтвортой хөгжил болон ногоон эдийн засгийн шилжилтийн асуудал дээр байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд энэ чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулсан болно.
Энэ удаагийн бага хурлаар хүлэмжийн хийг бууруулах дэлхий дахинаа анхааран хэлэлцэж байгаа бөгөөд Худалдаа, хөгжлийн банкны хувьд 2020 онд Уур амьсгалын ногоон сангаас итгэмжлэл авснаараа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах болон тус нөлөөлөлд дасан зохицох чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын хамтын санхүүжилтийн механизмаар дэмжихэд бүрэн эрхтэй болсноороо онцлог юм. Түүнчлэн ХХБ нь өөрийн бизнесийн болон дотоод үйл ажиллагааг ногоон эдийн засгийн загварт нийцүүлэн 2050 он гэхэд Ногоон банк болох, үүний тулд банкны үйл ажиллагаанаас улбаатай нүүрс хүчлийн хийн цэвэр ялгарлыг тэглэх (Net-Zero) болон 2030 он гэхэд 2 тэрбум ам. долларын тогтвортой санхүүжилтийг бизнес эрхлэгчид, харилцагч нартаа олгох зэрэг хэтийн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаагаараа энэхүү COP29-д хуран чуулсан олон улсын хөгжлийн байгууллагуудтай уялдаа холбоотой, хөл зэрэгцэн алхаж байгааг илтгэж байгаа юм. Мөн энэхүү бодлогын хүрээнд олон улсын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч байгууллагууд, Олон улсын хөрөнгө оруулагч талуудтай уулзалтуудыг зохион байгууллаа.
ТУЗ-ийн дарга Р.Коппа нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дэх удаагийн (COP 29) хурлын хүрээнд зохион байгуулагдсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн дэргэдэх олон улсын хөрөнгө оруулагчдын орон тооны бус зөвлөлийн анхны хуралд оролцлоо.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА