Skip to main content

МОНГОЛД АНХ УДАА “MONEYGRAM” СҮЛЖЭЭГЭЭР ЕВРО ХҮЛЭЭН АВДАГ БОЛЛОО

20 August 2009

Худалдаа, хөгжлийн банкны Иргэдийн банкны газрын захиралтай бид уулзлаа. Иргэдэд ямар үйлчилгээ хэрэгтэй байна, юуг нь сайжруулах, яаж өөрчлөх гээд харилцагч Таны ашигладаг үйлчилгээ бүрт Иргэдийн банкны газар санаа тавин ажилладаг. Энэхүү газрын захирал Б.Баярмаа цоо шинэ нэгэн үйлчилгээний талаар уншигч Танд танилцуулж байна.

“Moneygram”-аар евро хүлээж авдаг болсон шинэ үйлчилгээнд харилцагчид ам сайтай байна. Хэзээнээс энэ үйлчилгээг Монголд нэвтрүүлж эхлэв?

“Moneygram” сүлжээгээр дамжуулан евро валют хүлээн авдаг болсон нь Монголдоо шинэлэг үйлчилгээ болж чадлаа. Өнгөрсөн сараас эхлэн олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын “Moneygram” сүлжээгээр гуйвуулсан гуйвуулгыг евро валютаар хүлээж авах боломжийг харилцагч нартаа бид хүргээд байна. Энэ үйлчилгээг ашигласнаар, Европын холбоо болон бусад хилийн чанадад байгаа Монголчууд маань 10 хүрэхгүй минутын дотор еврогоор гуйвуулга хийж, ар гэрийнхэн, найз нөхөд нь Монголд ам.доллароос гадна евро валютаар мөнгө хүлээн авах боломжтой болно гэсэн үг юм.

Монголд олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд Еврогоор шилжүүлэг хүлээж авдаг гуйвуулгын сүлжээ байгаагүй, тэгэхээр шилжүүлэгч нь наад зах нь еврогоо заавал ам.долларт хөрвүүлж ханшийн зөрүүний алдагдалд орохгүй юм байна гэж ойлгож болох уу?

Тийм ээ, Монголд шуурхай гуйвуулгаар евро хүлээж авдаг болж байгаа нь анхных. “Moneygram” сүлжээгээр евро гуйвуулахад өмнө нь ам.долларт шилжүүлж өгдөг байсан нь харилцагчид ханшийн зөрүүний алдагдалд орох эрсдэлтэй байсан. Одоо харин евро хүлээн авдаг болсноор энэ байдал үгүй болж байгаа юм. Олон улсын мөнгөн гуйвуулгын хэд хэдэн сүлжээ байдгийг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Бүгд л дор бүрнээ өөрийн онцлогтой. Гэхдээ “Moneygram” бусад ижил төрлийн гуйвуулгын үйлчилгээнүүдээс хол давуу дэвшилтэт хэлбэрүүдийг агуулснаараа дэлхий дээр хамгийн олон хүн ашигладаг, энэ сүлжээг мэддэг. “Moneygram” сүлжээний шимтгэл нь бусдаас хямд, бас хурдан гээд дурдвал бусдаас давуу талууд бүх нөхцлөөс нь харагдана.

“Moneygram” хамгийн хямд шимтгэлтэй байж чаддаг уу? Жишээ аваад дурдвал? Бас хугацааны хувьд хэдэн минутад гуйвуулах вэ?

“Moneygram” бусад ижил төрлийн гуйвуулгаас хамгийн хямд шимтгэлтэй байдаг. “Moneygram” байгууллагаас бүс нутаг бүрт тохирсон, иргэдийнх нь хэрэгцээнд нийцүүлсэн үйл ажиллагааг байнга авч хэрэгжүүлдэг учраас энэ сүлжээг хүмүүс хамгийн их хэрэглэдэг. Жишээ нь манай Монголд гэхэд бид Хятад улс руу бараа бүтээгдэхүүн худалдан авахаар гуйвуулга их хийдэг, харин Солонгост байгаа Монголчууд эх орон руугаа гуйвуулга байнга хийдэг учраас энэ хоёр тохиолдолд онцгой хөнгөлөлттэй үнээр мөнгөө гуйвуулах боломжтой байдаг. Жишээ нь Солонгосоос Монгол руу 2000 хүртэл ам.долларыг гуйвуулахад 5 ам.доллар, 5000 хүртэл бол 10 ам.доллар гэх зэргээр шимтгэл нь харьцангуй бага байдаг. Хугацааны хувьд гэвэл албан ёсоор ердөө 10 хүрэхгүй минутын дотор гуйвуулга тань эзэндээ очно. Мөн нэмж хэлэхэд мөнгө шилжүүлэх бүрдээ 10 үгэнд багтсан зурвас, мэндчилгээ, сэтгэлийн үг зэрэг хүссэн мэдээллээ нэмэлт үнэ төлбөргүйгээр дамжуулах боломжийг “Moneygram” үйлчилгээ олгодог. Ижил төрлийн гуйвуулгын үйлчилгээнд үг бүр нь төлбөртэй байдаг.

“Moneygram”-аар дэлхийн ямар улс орнуудаас гуйвуулга хийх, хүлээн авч болох вэ? Монголд мөн аль банкуудаар дамжуулж болох вэ?
“Moneygram” нь дэлхийн өнцөг булан бүрт 180 гаруй орны 162 мянган үйлчилгээний цэгүүдээр дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулгыг найдвартай гүйцэтгэдэг арвин туршлагатай. Тэдгээр 180 орны талаар www.moneygram.com вэб хуудсаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
Харин Монгол улсад Худалдаа, хөгжлийн банк, Монголшуудан банк, Хадгаламжийн банк, Улаанбаатар хотын банк, Эрэл банк, Анод банк, Капитрон банк гэсэн нийт 7 банк “Moneygram” үйлчилгээний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг.

 

“Moneygram”-аар мөнгө шилжүүлэх болон хүлээн авахад банкинд данстай байх шаардлагатай юу?

Шаардлагагүй. “Moneygram”-ын бас нэг давуу тал нь  мөнгө шилжүүлэх болон хүлээн авахад хамгийн энгийн байдаг. Та өөртөө хамгийн ойр байгаа “Moneygram” сүлжээ бүхий банкинд иргэний бичиг баримттайгаа очиход хангалттай. Мэдээж хэрэг хэрэв Та мөнгө хүлээж авах гэж буй бол илгээгч хүнээсээ нууц дугаар авсан байх ёстой.

ХХБ Монголдоо хамгийн олон буюу 14 төрлийн гадаад валютаар гүйлгээ хийдгийг мэдэх юм. Харин “Moneygram” сүлжээгээр хэдэн төрлийн валютаар гуйвуулга хүлээн авдаг вэ?
“Moneygram” үйлчилгээг ашиглан дэлхийн өнцөг булан бүрээс мөнгө гуйвуулах болон хүлээн авахдаа хүссэн валютаа сонгох боломжтой. Өөрөөр хэлбэл, “Moneygram” нь хамгийн олон төрлийн валютаар гуйвуулга хүлээн авдагаараа бусдаас онцгой давуу. Энэ нь мөн л харилцагчийг ханшийн зөрүүний алдагдалд орох эрсдэлийг нь хааж өгдөг болон ямагт харилцагчийн санхүүгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. Moneygram нь мөнгө гуйвуулах эрх мэдлийг Таны гарт өгч байна.

“Moneygram”-аар евро хүлээн авдаг болсноос гадна танай банкнаас харилцагчиддаа хүргэх өөр шинэ соргог үйлчилгээ юу байна?
Бид өнгөрсөн сараас эхлэн P2P буюу АТМ-ыг ашиглан өөрийн карт хооронд болон бусдын картын данс руу, Payment буюу картаас харилцах, хадгаламжийн данс руу мөнгө шилжүүлэх үйлчилгээг эхлүүллээ. АТМ-аас өөрийн картаа ашиглан бусад руу мөнгө шилжүүлэх үйлчилгээг авахын тулд банкинд ирэх, бүртгүүлэх зэрэг ямар нэгэн нэмэлт ажиллагаа шаардахгүй, зөвхөн шилжүүлэх картын дансаа л мэдэж байх хэрэгтэй. Энэ үйлчилгээ мөнгөн тусламж шаардлагатай болсон найз нөхөд, гэр бүлийнхэн тань Монгол улсын өнцөг булан бүрт төдийгүй гадаадын улс орнуудад байсан ч мөнгө шилжүүлэхэд хамгийн хямд зардлаар, маш бага шимтгэлтэйгээр, хурдан шуурхай мөнгө шилжүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог давуу талтай үйлчилгээ болж чадсан.

ХХБ байгууллагын банкны үйл ажиллагаагаар тэргүүлэгч банк гэдэг. Харин Иргэдийн банкны үйл ажиллагаа нь ямар түвшинд яваа гэж Та дүгнэх вэ?
Манай банк эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон томоохон байгууллагуудыг дэмжиж ажилладагаараа Монголдоо байгууллагын банкны үйлчилгээгээр байнга тэргүүлсээр ирсэн. Гэхдээ манай банкны иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа энэ төвшинд хүрэх тун ойрхон байгаа гэдгийг би итгэлтэй хэлж чадна. Өөрөөр хэлбэл, бид иргэд харилцагчид маань юу хүсч байгааг байнга судалж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ ямагт шинэчлэн сайжруулж, олон улсын банкуудын туршлага дээр үндэслэн санхүүгийн олон төрлийн үйлчилгээг үзүүлж чадаж байгаа. Монголын эдийн засгийн түвшин, мөнгөн эх үүсвэрийн бололцооноос хамаараад бүтээгдэхүүн үйлчилгээгээ байнга шинэчлэн сайжруулж байна. Иргэддээ зориулсан маш олон үйлчилгээн дээр бид анхдагч байж чадсандаа баяртай байдаг.

Жишээ авъя л даа, Бид Монголд анх удаа олон улсын SWIFT сүлжээнд холбогдсон, хоёр шатлалт хамгаалалт бүхий интернэт банкны үйлчилгээ, GSM, CDMA сүлжээний аль алины хэрэглэгчдийн хувьд боломжтой SMS банкны үйлчилгээ, Лояалти урамшууллын картын системийг монголд анх удаа нэвтрүүлсэн гээд банк санхүүгийн салбарт цоо шинэ эргэлтийг хийсэн амжилт бидэнд байна. Цаашлаад бид Монголд картын хамгийн өргөн сүлжээг бий болгож чадсан, картын дэвшилтэт бүтээгдэхүүнүүд гэж юу байдгийг монголчууддаа хүргэлээ, VISA, Mastercard, American Express, JCB байгууллагуудын төлбөрийн картуудыг хүлээн авдаг анхны банк болж, бэлэн мөнгөний машин АТМ-ыг Монголын зах зээлд анх удаа нэвтрүүлсэн гээд тоочоод байвал бидний сонины хуудсын нэлээд зайг эзэлнэ.

Үнэхээр иргэдэд зориулсан маш олон анхдагч үйлчилгээг харилцагчдын байнгын хэрэглээ болгожээ. Гэвч өнөөдөр бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгө, зээл хэрэгтэй байгаа, гэтэл банкуудын шалгуур маш өндөр байгаа. ХХБ-ны хувьд иргэдэд зориулсан ямар нэгэн зээл олгож байгаа юу?
Иргэдэд зориулсан зээл тодорхой хэмжээгээр олгож байгаа. Гэхдээ мэдээж хэрэг олон улсын болон дотоодын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед бид өмнөх шигээ өргөн хүрээнд зээл олгохгүй байгаа ч манай банкинд зээлийн сайн түүх үүсгэсэн, өөрөөр хэлбэл, манайхаас 2 - 3 удаа бизнесийн зээл аваад хэвийн эргүүлэн төлсөн, үйл ажиллагаа нь тогтвортой явагдаж байгаа аж ахуйн нэгж болон иргэд харилцагчиддаа жижиг бизнесийн зээл буюу 100 сая төгрөг хүртэл зээлийг олгож байгаа. Мөн иргэддээ манай банктай хамтран ажиллаж байгаа барилгын компаниудаас орон сууц худалдан авах тохиолдолд орон сууцны зээлээр санхүүжүүлэх боломжтой байгаа. Манай банктай Жигүүр гранд, Макс групп, Бридж констракшн, Эко констракшн зэрэг барилгын салбарын 20 гаруй компаниуд хамтран ажиллаж байна.

Танд баярлалаа. Амжилт хүсье.