ХХБ ба Уур амьсгалын ногоон сан (УАНС)
Дэлхийд нэр хүнд бүхий Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund)-ийн удирдах зөвлөлийн 25 дахь удаагийн хурал 2020 оны 3-р сарын 10-12-ны өдрүүдэд Швейцарын холбооны улсын Женев хотноо зохион байгуулагдсан бөгөөд энэхүү хурлын үеэр ХХБ-ийг Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага болгох шийдвэрийг гаргасан юм.
Уур амьсгалын ногоон сан (УАНС) нь Нэгдсэн үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБ-ын УАӨСК)-ийн гишүүн 194 орны нэгдсэн шийдвэрийн үр дүнд 2010 онд байгуулагдсан бөгөөд хөгжиж буй орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой дэлхийн хамгийн том уур амьсгалын сан юм.
ХХБ нь тус сангийн итгэмжлэгдсэн байгууллага болсноор тогтвортой, ногоон хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр тус бүрд 250 сая хүртэлх ам.долларын хөнгөлөлттэй хамтын санхүүжилт олгох боломжтой болсон юм. Түүнчлэн банк нь тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх зорилгын хүрээнд хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүдийг УАНС болон олон улсын байгууллагуудтай хамтын санхүүжилттэйгээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
№ | Батлагдсан огноо | Төсөл, хөтөлбөрийн нэр | Төсөл, хөтөлбөрийн байршил | Эдийн засгийн салбар | Төсөл, хөтөлбөрийн төлөв |
1 | 2021 оны 10-р сарын 29 | Монгол улсад тогтвортой | Монгол улс | Санхүүгийн салбар | Хэрэгжиж буй |
2 | 2022 оны 07-р сарын 02 | Монгол Улс дахь бүс нутгийн ногоон хөгжлийг дэмжих | Монгол улс | Бүс нутаг | Хэрэгжиж буй |
ХХБ нь Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй төсөл, хөтөлбөрүүддээ төслийн сөрөг нөлөөнд өртсөн иргэдийн санал гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх зорилгыг тавьдаг. Иймд танд төсөл, хөтөлбөртэй холбоотой санал гомдол байгаа бол санал, гомдлын механизмаар дамжуулан банк болон төсөл хэрэгжүүлэгчидтэй холбогдон санал, гомдлоо мэдүүлэх боломжтой.
ХХБ-ны төсөл, хөтөлбөрийн санал, гомдлын механизм нь Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй төсөл танд болон таны оршин суугаа газарт ямар нэг сөрөг нөлөө үзүүлсэн эсвэл үзүүлэх магадлалтай хэмээн үзвэл тухайн гомдлоо мэдүүлэх боломжийг олгодог. Санал, гомдлын механизм нь гомдлуудыг хянаж үзэн хариу арга хэмжээ авах, асуудал болон түүний шийдлүүдийг хамтран тодорхойлох зэргээр төслийн нөлөөлөлд өртсөн иргэдийн гомдлыг барагдуулахыг зорьдог.
ХХБ нь ямар төрлийн гомдлуудыг шийдвэрлэдэг вэ?
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй төслийн нөлөөнд өртсөн болон өртөх магадлалтай иргэдийн санал, гомдол
ХХБ нь гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
Бид таны гомдлыг хүлээн аваад хүлээн авснаа мэдэгдэн, өөрт хамаарах гомдол мөн эсэхийг тодорхойлно.
Ажлын 10 хоногийн дотор санал, гомдол үндэслэлтэй эсэхийг тодруулж, шийдвэрлэх арга хэмжээ авах ажлыг эхлүүлэх бөгөөд хэрэв шаардлагатай бол танаас нэмэлт мэдээлэл хүснэ.
Бид таны гаргасан гомдлын хүрээнд төсөл хэрэгжүүлэгч болон оролцогч талуудтой холбогдон, гомдол барагдуулах шийдлийг санал болгоно. Хэрвээ та бидний санал болгосон шийдлийг зөвшөөрвөл төслийн баг шийдлийг хэрэгжүүлж, санал, гомдол хариуцсан ажилтан хэрэгжилтэд хяналт тавьдаг.
ХХБ гомдол гаргагчийн нууцлалыг хэрхэн хадгалдаг вэ?
ХХБ нь гомдол гаргагчийн хүсэлтээр түүний нууцлалыг хадгалах боломжтой ба зөвхөн банкны санал, гомдол хариуцсан ажилтнууд болон тухайн төсөл, хөтөлбөрийг хариуцсан ажилтнуудад л гомдол гаргагчийн мэдээлэл ил харагдана.
Харин тухайн гомдлыг шийдвэрлэхийн тулд гомдол гаргагчийн мэдээллийг төсөл хэрэгжүүлэгч болон бусад оролцогч талуудад ил болгох шаардлагатай тохиолдолд гомдол гаргагчийн зөвшөөрлийг авна.