ХХБ-ны Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын банкны газрын орлогч захирлын албыг Б.Эрхэмбаяр гэх шавилхан бүсгүй хашдаг. Ямар ч ажилд жижиг гэлтгүй нухацтай няхуур ханддаг энэ бүсгүй цаанаа л нэг жинхэнэ банкны ажилтны дүр төрхийг илэрхийлээд байх шиг санагддаг. Бид хөрөнгө оруулалт, гадаад харилцааны талаар төдийгүй түүний хувийн амьдрал, дотоод ертөнц рүү нь зочилсон юм.
ХХБ-ийг гадаад харилцаа нь өндөр төвшинд хөгжсөн банк гэдэг. Олон улсын зах зээлд бонд гаргасан, гадаад төлбөр тооцооны 50 шахам хувийг дангаараа эзэлдэг гээд л. Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын банкны газар (ГХХОБГ)-ынхаа талаар Та танилцуулаач?
Манай банкны гадаад харилцаа хөгжлийн хувьд тухайн үеийн Улсын банкны Гадаад төлбөр тооцооны газраас түүхэн хөгжил нь эхэлсэн. Энэ утгаараа ХХБ нь гадаад харилцааны арвин их туршлагатай, гадаад харилцаан дээр суурилсан банкны бүтээгдэхүүн үйлчилгээнүүд түлхүү хөгжсөн давуу талтай байдаг. Миний хувьд энэ олон жилийн туршлагатай том гадаад харилцааны хэсэгт ажиллаж, ихийг сурч мэдээд явж байгаагаараа бахархдаг.
ГХХОБГ-ын явуулдаг үйл ажиллагаа бол нэгд, гадаад харилцаа буюу корреспондент банкуудтай хийх харилцаагаа хөгжүүлэх, бэхжүүлэх, шинээр нэмж санхүүгийн болон хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийх, харилцагчиддаа гадаад төлбөр тооцооны сайн үйлчилгээ хүргэхийн тулд бүх голлох төрлийн валютаар дэлхийд нэр хүндтэй банкууд дээрх ностро данс байрлуулах зэрэг ажлууд байна. Дараагийн нэг ажил нь Хамтын санхүүжилтын үйл ажиллагаа байдаг. Хамтын санхүүжилт гэдэг бол том зээлдэгчийн зээлийн хэрэгцээ шаардлага өндөр болсон өнөөгийн нөхцөлд хамгийн хэрэгтэй үйлчилгээ байдаг.
Өөрөөр хэлбэл, банкууд тухайн байгууллагын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн том хэмжээний төслийг хамтраад санхүүжилт хийнэ гэсэн үг. Дараагийн нэг үйл ажиллагаа бол Худалдааны санхүүжилт, аккредитив нээх, харилцагчийн аккредитивийг гадаадын гуравдагч том банкаар баталгаажуулах, экспорт кредитийн агентлагуудын даатгалтай худалдааны санхүүжүүлтын зээлийг харилцагчиддаа дамжуулан олгох явдал юм. Одоогийн байдлаар манай ХХБ-ны харилцагчдын гадаад худалдааны санхүүжилтэд зориулж гадаадын нэр хүнд бүхий 20 гаруй банкнаас 100 сая гаруй ам.долларын санхүүжилтын зээлийн шугам баталж өгсөн байдаг. Энэ нь гадаадын банкууд манай харилцагчдын нээсэн гадаад худалдааны аккредитив, баталгааг ХХБ-наас ямар нэгэн барьцаа баталгаа шаардахгүйгээр баталгаажуулж байгаа гэсэн үг л дээ. Мөн нөгөө талаар энэ бол манай банкинд итгэх тэдгээр банкуудын итгэл ХХБ-ны маань гадаад дахь нэр хүндийг давхар харуулж байгаа хэрэг. Хямралын энэ үед ч худалдааны санхүүжилтын зээлийн шугамын хэмжээ буураагүйгээр барахгүй бид харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог худалдааны санхүүжилтын төрөл бүрийн хэлбэрээр хурдан шуурхай гүйцэтгэж байгаадаа сэтгэл өөдрөг байдаг. Мөн Монгол улсад Дэлхийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны банк, Германы KfW зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй төслийн зээлүүд дээр банк дотроо зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн сүүлд нь хөрөнгө оруулалтын банкны чиглэл байна. Энэ чиглэлийг бид хөгжүүлэх гээд сүүлийн хоёр гурван жилийн дотор шаргуу ажиллаж байна. Та бүхэн ХХБ маань 2007 онд Монголоос анх удаа олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд гаргасан гэдгийг мэдэж байгаа байх.
Олон улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр дагнасан банкууд байдаг, харин манай банкуудад хөрөнгө оруулалтын чиглэлээр туршлага бараг байхгүйтэй адил. Энэ чиглэл хөгжих боломж манайд хэр байдаг бол?
Хөрөнгө оруулалтын банкны туршлага Монголд бага гэдэг нь ойлгомжтой. Хөрөнгө оруулалтын банк бол тухайн бизнесийн байгууллагыг нийлэх нэгдэхэд зөв, эрсдэлгүй санхүүгийн зөвлөгөө өгөх, компаниудыг өрийн бичиг буюу бонд, хувьцаагаа гаргах үйл ажиллагааг зохион байгуулах, үнэт цаасны арилжаа хийх гээд л монголд хараахан хөгжөөгүй тэр үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Гэхдээ Монголын томоохон банкуудад үндэс суурь нь хөгжиж эхэлж байгаа гэж бодож байна. Жишээ нь, ХХБ-ны хувьд эдийн засагт дорвитой нөлөө үзүүлдэг Монголын томоохон чухал салбаруудтай харилцдаг тул хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажиллахад бидэнд боломж байгаа. Түүнчлэн, бид өргөн гадаад харилцаа, олон улсын зах зээл дээр бонд гаргаж хөрөнгө босгосон туршлага дээрээ тулгуурлаад, мөн томоохон байгууллагын харилцагчдын хүсэлт шаардлагын дагуу хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг эхлүүлээд байгаа.
Нөгөө талаас хөрөнгийн хоёрдогч зах зээлийн хууль, эрх зүйн орчин бүрхэг, ганцхан үнэт цаасны хуулиар л бүх зүйл зохицуулагдаж байгаа манай улсын нөхцөлд хөрөнгө оруулалтын банкны чиглэл хөгжихөд саад тотгор болж байгаа юм.
Өнгөрсөн 9-р сард ХХБ олон улсад гаргасан бондоо эргүүлэн төлсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа яригдсан. Бондоо хугацаанаас нь өмнө төлж байгаа нь ХХБ хөрөнгө оруулалтын хувьд хангалттай сайн байна гэдэг үндэслэл болж чадах уу?
Мэдээж хэрэг, өр төлбөрөө хугацаанаас нь өмнө төлж байна гэдэг чинь найдвартай байдлын баталгааг л харуулж байгаа хэрэг. Энд зөвхөн ХХБ төдийгүй Монгол улсын нэр хүнд давхар яригдаж байгаа юм. Учир нь цаашид олон улсын зах зээл дээр Монгол улсын бонд бол итгэл найдвартай, хугацаанаасаа өмнө төлөгдөх чадвартай, тэдэнд итгэж болох юм байна гэдгийг олон улсын хөрөнгө оруулагчдад харуулсан үйл явдал болж чадсан. Тухайн үед ХХБ-ны бондыг Сингапурын хөрөнгийн бирж дээр Ази Европын 14 орны 100 орчим хөрөнгө оруулагч худалдан авч, хөрөнгө оруулсан байдаг.
Худалдаа, хөгжлийн банк Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтуудыг байнга ивээн тэтгэдэг. Ингэж ивээн тэтгэснээр танай банкинд ямар ач холбогдолтой, цаашлаад манай эдийн засагт ямар үр өгөөжийг авчирдаг вэ?
ХХБ Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтуудыг 2006 оноос хойш байнга ивээн тэтгэж ирсэн. Ивээн тэтгэхийн гол ач холбогдол бол Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах эдийн засгийн салбарууд дээр гадны хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг зөв өгөх, дотоодын байгууллагуудаа тэдэнтэй холбож өгөх л зорилготой юм. Энэ нь өөрөө Монголын эдийн засагт үр өгөөжөө өгч байгаа гэдэгт бид итгэлтэй байдаг.
Хамгийн сүүлд 12 сарын 3-нд Лондон хотноо болсон “Европ - Монголын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт”-нд ХХБ Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагтай хамтын ажиллагааны хүрээнд Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтуудыг бид ивээн тэтгэж оролцдог. Энэ удаагийн чуулга уулзалт Монголчууд уул уурхайгаа ирээдүйн хөгжлийн чиглэл болгон, Оюутолгойн төслийг баталсны дараа тохиосноороо онцлогтой боллоо.
Ярилцлагаа Эрхэмбаяр захирлын хувь хүн тал руу нь шилжүүлбэл ямар вэ? Төгссөн сургууль, боловсрол, ажлын туршлага гээд харилцагч уншигчиддаа сонирхуулаач, ХХБ-нд хэзээнээс ажиллаж байна?
Миний бие 1994 онд МУИС-ийн банкны ангийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэр үед банкны систем дөнгөж хоёр шатлалд шилжээд нэлээд бужигнаантай байсан үе. Тухайн үед Ардын банк гэж байхад тэндээс ажлын гараагаа эхэлж байлаа. Дараа нь 1999 он хүртэл Хадгаламжийн банкинд ажиллаж байгаад Швед улсын Стокгольмын их сургуульд бизнесийн удирдлагын магистрт хоёр жил суралцсан. Энэ нь Төрийн сангийн тэтгэлэгт хөтөлбөр байсан л даа. Мэргэжлийн шалгалт нь реферат бичих ажил байсан. Миний бие “Хадгаламжийн даатгалыг монголын банк санхүүгийн байгууллагад нэвтрүүлэх нь” гэдэг сэдвээр оролцсон нь тухайн үед Монголд олон банкууд дампуурч, хүмүүсийн банкинд итгэх итгэл суларсан үе байсан тул энэ сэдэв тухайн үедээ чухал бөгөөд сонирхолтой байсан байх гэж боддог юм. Тэгээд л шалгаруулалтад нэлээд өндөр оноо авч тэнцээд Швед явсан. Магистраа хамгаалсны дараа 3 жил Шведед гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаад Монголд 2005 онд ирээд ХХБ-ндаа анх ажилд орж байлаа. Намайг ажилд орсны дараахан ХХБ дэлхийн том банк санхүүгийн байгууллагуудын нэг болох ING менежментийг нэвтрүүлж байсан онцлог цаг үе байсан. Одоо бодоход банкны системд 10-аад жил ажиллачихсан юм байна.
Ялангуяа, ХХБ-ны хамт олны уур амьсгал, орчиндоо дасал болчихсон, нэг л дулаан, ажиллахад урам зоригтой сайхан санагддаг. Ер нь өөрийгөө банкнаас өөр салбарт ажиллана гэж төсөөлж чаддаггүй, банк бол амьдралын минь нэг салшгүй хэсэг болчихсон юм уу даа.
ХХБ-ны томоохон газар, нэгжийн орлогч захирал бүсгүйн амжилттай ажиллаж байгаагийн цаана гэр бүлийн тань түшиг мэдээж хэрэг нөлөөлдөг байх, гэр бүлээ Та танилцуулаач?
Манай нөхөр “MCS Electronics” компанид Төслийн хэлтсийн захирлаар ажилладаг Батзориг гэж хүн бий. Нөхөр маань бас Швед улсад боловсрол эзэмшсэн. Үндсэн мэргэжил нь уг нь мэдээлэл технологийн хүн л дээ. Төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг газарт хүчээ сорихоор шийдээд одоо амжилттай ажиллаж байгаа. Хоёулаа бизнесийн салбарт ажилладаг болохоор цаг заваар хомсхон ч гэлээ намайг бүх талаас минь дэмждэг нөхөртөө баярлаж явдаг. Эмэгтэй хүний ямар явах нь хань ижлийн өмөг түшиг, хайр халамжаас шалтгаалдаг гэдэг шүү дээ. Миний хань хамгийн дотны зөвлөх, туслагч минь байж чаддаг. Би өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Бид хүү охин хоёртой. Том хүү Оргил маань 16 настай, “Хобби” сургуулийн 10-р ангид сурдаг. Охиныг минь Бөртэ гэдэг, 8 настай, Плехановын нэрэмжит бага сургуульд сурдаг. Миний охин Шведэд төрсөн л дөө. Бид гэр бүлээрээ Шведийн тэр сайхан хөгжингүй нийгэм, ажиллаж амьдрахад маш таатай орчин нөхцөлд урт хугацаанд амьдармаар байсан ч хүүхдүүдээ бодоод эх орондоо буцах шийдвэр гаргаж байсан. Охин маань Монголд ирэхдээ монголоор ярьж чаддаггүй байсан. Тэгээд ч тэрүү хүүхдүүд маань хэтэрхий харийн хүн болчих юм шиг санагдаад, Монголоо гэх зүрх сэтгэлгүй өсчих вий гэх болгоомжлол намайг зовоож байсан тухайн үед.
Би таныг авъяаслаг бичигч, блог хөтлөгч гэдгээр сайн мэднэ. Өгүүллэг, уянгын жанрын нийтлэл бичлэгүүд тань таны зан төрхийг илтгэдэг ч юм шиг. Таныг зохиолч, бичигч гэдэг талаас чинь сонирхмоор байна?
Өөрийгөө зохиолч гэхэд дэндүү ахадна гэж боддог юм аа. Бичих бол миний сонирхол хобби юм уу даа. Дунд сургуульд байхдаа зохион бичлэг сайн бичдэг гэж багшдаа магтуулдаг байлаа. Харин 10 жилийн өмнөөс л уянгын өгүүллэгүүд бичиж эхэлсэн. Харин блогийг 2007 оноос хөтлөсөн юм байна. Гэр бүлийн хүн маань блог ертөнц рүү намайг хөтлөж оруулж, блог нээж өгч байсан.
Зан төрх илтгэдэг гэдэг дээр таны зөв ч байж магадгүй, би угаасаа огцом түргэн хүн биш болохоор тэр байх. Бичлэгийн сэдвийн хувьд янз бүрийн чөлөөт сэдвээр бичдэг, гэртээ хариад зав л гарвал юм бичнэ. Тухайн үед сонирхолтой санагдсан, эсвэл найз нөхөдтэйгээ сууж байхад бичих сэдвийн санаа төрөх ч юм уу, янз бүр дээ. Бага байхад аав ээж маань надад ном их бэлэглэдэг, номтой нөхөрлүүлдэг байсан нь бичих эв дүйтэй болоход дөхөм болгосон байх гэж боддог юм. Сүүлийн үед өгүүллэгүүдээрээ ном гаргая гэсэн хувийн төлөвлөгөө бий. Өгүүллэгүүд маань ихэвчлэн орчин үед эмэгтэй хүнд учирч байгаа бэрхшээл, нөгөө талаас бидний амьдарч байгаа нийгэм эмэгтэй хүнд ямар давуу тал олгож байгаа талаар, ер нь л эмэгтэй хүний дотоод мөн чанарын тухай бичдэг.
Хамгийн сүүлд Та юу бичсэн бэ? Магадгүй Таны бичлэгүүдийг, уянгын өгүүллэгүүдийг сонирхох уншигч байгаа байх, Та блог хаягаа өгвөл дургүйцэхгүй биздээ?
Ажлын ачаалал ихтэй байдаг болохоор тогтмол өдөр бүр бичээд байж чаддаггүй. Хамгийн сүүлд гэр бүлээрээ амарсан тэмдэглэл, мөн өршөөлийн хуулийн талаар нийтлэл бичсэн юм байна. Ер нь миний бичдэг зорилго бол нийгмийн хүрээнд болон гэр бүлийн хүрээнд болохгүй бүтэхгүй зүйл юу байна вэ?, түүнийг шийдэхэд өөрийн гэсэн бага ч болов хувь нэмрээ оруулах юмсан, хүмүүст санаа авах, ямар нэгэн зөв шийд гаргахад нь тус болох болов уу гэх үүднээс бодлоо хуваалцдаг. Миний бичлэгүүд www.orloo.info сайтын Зохиогчийн буланд нийтлэгддэг, мөн миний хувийн блог хаяг www.erkhembayar.blogspot.com
Бичихээс гадна Та чөлөөт цагаа юунд зориулдаг вэ?
Үндэсний хувцастай модон хүүхэлдэй цуглуулах дуртай. Очсон газар бүрээсээ эрэгтэй эмэгтэй хос хүүхэлдэй авдаг. Анх цуглуулж эхлэхдээ нэг нэгээр нь авдаг байсан чинь нэг удаа телевизээр хүүхэлдэй цуглуулдаг хүн айлд заавал хос хосоороо хүүхэлдэй байх ёстой гэж сонссоноос хойш хосоор нь авдаг болсон. Хүүхэлдэй цуглуулах хоббитой болохоор төрсөн өдрөөр хүүхэлдэйн бэлэг авна, найз нөхдүүд гадагшаа явахаараа хүүхэлдэй авчирч өгсөөр байгаад цуглуулга маань овоо баяжиж байгаа. Мөн бид гэр бүлээрээ долоо хоногт 2-3 удаа фитнессээр хичээллэдэг. Оюуны ачаалалтай хүмүүст зайлшгүй хэрэгтэй санагддаг.
Хүүхэлдэйнүүдээ тоолж үзсэн үү, хамгийн анх бас хамгийн сүүлд ямар хүүхэлдэй цуглуулгандаа авав?
Яг тоолж үзээгүй юм байна, гэхдээ нэлээн олон бий. Хамгийн анхных нь япон хүүхэлдэй манай нэг найз Японоос авчирч өгч байсан. Хамгийн сүүлийн хүүхэлдэйгээ ажлынхантайгаа Чежү арлаар аялахдаа авсан. Чежүгээс харин модон хүүхэлдэй олдоогүй, галт уулын лаваар хүүхэлдэй цуглуулгандаа нэмсэн юм байна.
Танд баярлалаа. Аз жаргал хүсье.
Б.Мишээл