Мэдээ / May 29, 2017

Худалдаа, хөгжлийн банкны хамт олон мод услах аянд 3 дахь жилдээ нэгдлээ

Миний Клуб” онлайн бүлгэм нь залуучуудад экологийн боловсрол олгох, эх орныхоо байгаль орчноо хайрлан хамгаалж, мод тарих хүсэл эрмэлзэлтэй болгож, өөрсдөө мод тарьж, услах ажилд гар бие оролцоход уриалан залуусын хамтын ажиллагааг дэмжих зорилгын хүрээнд ажилладаг сайн дурын байгууллага юм. Энэ клуб 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш Улаанбаатар хотын Сонгинохайрхан болон Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ, Булган аймгийн Баяннуур сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Дорноговь аймгийн Хамарын хийд зэрэг олон газар мод тарих, арчлах, услах ажилд байгальд хайртай олон мянган залуусыг оролцуулж чадсан. Залуусын оролцоо жилээс жилд өссөөр 2009 онд 773 хүн оролцож байсан бол 2016 онд 2’232 хүн гар бие оролцож эх дэлхий, хойч үедээ хэмжээлшгүй их буян үйлддэг болжээ.

 

Манай хамт олон "ТоС хөтөлбөр"-ийн хүрээнд байгаль дэлхий, иргэдийн эрүүл мэндэд тустай дээрх клубийн үйл ажиллагааг дэмжин, 3 дахь жилдээ мөнгөн хандив цуглуулж, мод услах ажилд оролцож байна. Банкны хамт олон өмнөх жилүүдэд Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ суманд мод усалж байсан бол энэ оны 5-р сарын 27-нд Төв аймгийн Аргалантын сумын модны талбайд 8’000 гаруй мод усалж, нэг өдрийг хамт олноороо эрүүл агаарт хөдөлмөрлөж өнгөрөөлөө. “Миний Клуб”-ийн зохион байгуулагчийн зүгээс “ХХБ-ны ажилтнууд манай оюутнууд шиг л ёстой мундаг ажиллаа” хэмээн үнэлж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

 

Манай улсын хэмжээнд цөлжилт нь орон нутагт их байгаа бөгөөд Улаанбаатар хот руу нүүж байгаа учраас цөлжилтийг хот руу оруулахгүйн тулд орон нутагт мод тарьж, услах үйл ажиллагааг явуулдагийг мэргэжлийн хүмүүс тайлбарлан хэлж байгаа юм. Модыг зөвхөн тариад зогсохгүй, мэргэжлийн хүний нягт зааварчилгаан дор байнга усалж ургуулах нь чухал бөгөөд их хүч хөдөлмөр шаарддаг ажил учраас сайн дурын оролцоо их хэрэгтэй байдаг.

Бизнесийн олон байгууллагууд эх дэлхийгээ хайрлан хамгаалах энэхүү үйлсийг дэмжиж ажиллана гэдэгт илтгэлтэй байна. Бид хамтын хүчээр эх дэлхийгээ хайрлан хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж чадна.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт