Мэдээ / Oct 14, 2015

Гааль, татварын бүх төлбөрөө цахимаар төлдөг боллоо

Иргэд, байгууллага гээд хэн бүхний багагүй цаг зав зарцуулдаг, хүндрэл чирэгдэлтэй ажлуудын нэг бол яах аргагүй гаалийн болон татварын төлбөрөө төлөх явдал байдаг.

Тэгвэл Худалдаа, хөгжлийн банк нь харилцагчийн гааль, татварын төлбөртэй холбоотой аливаа хүндрэлийг багасгах зорилгоор өөрийн системээ Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын цахим системтэй шууд холбогддог болгосноор гүйлгээний мэдээллийг тухай бүрт солилцдог боллоо.

Ингэснээр, харилцагч баримтаа баталгаажуулж тамга даруулах зэрэг ажилд цаг хугацаагаа алдалгүй, ХХБ-ны өөрт ойр салбар болон TDB Online интернэт банкны үйлчилгээг ашиглан гааль, татварын бүх төлбөрөө шуурхай төлөх боломжтой болж байгааг дуулгахад таатай байна.

Гаалийн төлбөр төлөх үе шатыг жишээ болгон энгийнээр тайлбарлавал, Та өмнө нь нэхэмжлэлийн дагуу гаалийн төлбөрөө банкинд төлж, гүйлгээний баримтаа аван, ГЕГ-аар баталгаажуулж тамга даруулсны үндсэнд бараагаа хүлээн авдаг байсан бол одоо өөрт ойр банкны салбарт эсвэл TDB Online үйлчилгээг ашиглан төлбөрөө төлснөөр төлбөрийн мэдээлэл цахим горимоор гаалийн системд бүртгэгдэж, ямар нэгэн баталгаажуулах баримт авах шаардлагагүйгээр тэр дор нь бараагаа хүлээн авч болох юм.

Өөрөөр хэлбэл гааль, татварын төлбөрөө төлдөг байсан нийт процессийг хэд дахин хөнгөвчилж, гар утас, таблет, компьютер гэх мэт интернэтэд холбогдсон бүхий л төхөөрөмжөөр төлбөрөө түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой боллоо.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих