Мэдээ / Feb 09, 2015

ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Отгонбилэг: Харилцагчаа таньж байж үйлчлэх нь мөнгө угаалтаас сэргийлэх чухал бөгөөд эхний алхам.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг олон улсын төвшинд хүртэл эрчимжүүлж байгаа ба банк, санхүүгийн байгууллагууд энэ тал дээр түлхүү анхаарал хандуулж байгаа юм. Бид энэ асуудлын эргэн тойронд ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Отгонбилэгтэй ярилцлаа.


Сүүлийн жилүүдэд Монгол
Улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг олон улсын төвшинд хүртэл эрчимжүүлж байгаа ба банк, санхүүгийн байгууллагууд энэ тал дээр түлхүү анхаарал хандуулж байгаа юм. Бид энэ асуудлын эргэн тойронд ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Отгонбилэгтэй ярилцлаа.

-Мөнгө угаалт гэхээр бидэнд их хол, бас төдийлөн хамаагүй, гадны улс орнуудад л байдаг гэж  ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Монгол Улсын хувьд уг ойлголт  ямархуу хэмжээнд байдаг талаар яриагаа эхлэе?

-Саяхныг хүртэл олон нийт мөнгө угаалтын талаар төдийлөн сайн ойлголтгүй байсан. Анх 2006 онд манай улсад Мөнгө угаах гэмт хэрэгтэй  тэмцэх тухай хууль батлагдсан хэдий ч хуулийг мөрдөж хэрэгжүүлэх байдал хангалтгүй, сул байсан. Харин сүүлийн  жилүүдэд мөнгө угаах гэмт хэрэг, түүний хор уршиг, үүсч болзошгүй эрсдэлийн талаар  эрчимтэй яригдах болсноор  олон нийтийн ойлголт харьцангуй өөрчлөгдөж эхэлсэн.

Манай улс 2013 онд Мөнгө угаах болон терроризмтэй  тэмцэх тухай хуулийг  шинэчлэн баталж, олон улсын холбогдох байгууллагуудаас гаргасан зөвлөмж, стандартуудыг  хуульдаа  тусгаж оруулсан. Ингэснээр банкууд  дотоод дүрэм, журмаа хуульд нийцүүлэн өөрчлөх, улмаар харилцагчдадаа тавих шаардлагаа  шинэчлэн тодорхойлж гаргаж ирсэн. Харилцагчид маань ч дээрх шинэ  шаардлагуудын талаар тодорхой ойлголттой болж эхэлсэн. Өнөөдөр банк, санхүүгийн байгууллагууд үйлчилгээндээ “Харилцагчаа таньж үйлчлэх ” гэдэг чухал зарчмыг авч үздэг болсон байгаа.

-2006 онд батлагдсан анхны хуульд энэ “Харилцагчаа таних зарчим” байсан уу?

-Байсан. Гэхдээ тухайн үед банкууд энэ зарчмыг төдийлөн чухалд авч үзэлгүйгээр харилцагч татах үйл ажиллагаандаа түлхүү анхаарч,  хэрэгжилтийг нь орхигдуулж ирсэн тал байж болох юм.

-Монголд яг одоогийн байдлаар мөнгө угаасан гүйлгээний бодит жишээ байдаг уу?

-Яг одоогийн байдлаар бол тийм жишээ баримт гараагүй гэж үздэг. Гэхдээ холбоотой байж болзошгүй, сэжигтэй гэж үзсэн гүйлгээнүүдийг холбогдох байгууллагууд хянадаг.

-Тэгэхээр ер нь мөнгө угаах үйл ажиллагааны гол  бай нь банк болдог гэж хэлж болох уу?

-Олон улсад мөнгө угаах үйл ажиллагааг гурван үе шат дамждаг гэж үздэг. Эхний  шатанд  хууль бусаар, гэмт хэргийн замаар олсон мөнгийг банк, санхүүгийн байгууллагад данс нээж байршуулах, дараагийн шатанд дансанд байршуулсан мөнгөө өөр дансанд  шилжүүлэх, улс дамжуулан гадаад шилжүүлэг хийх, эсвэл бага багаар салгаж тараан байршуулдаг. Үүнийг далдлах үе шат гэж нэрлэдэг. Хамгийн сүүлчийн шатанд эдгээр тараан байршуулсан мөнгөөрөө үнэт цаас, хувьцаа, үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар өөртөө буцааж нэгтгэдэг ийм үе шатуудыг дамждаг гэсэн үг.

-Мөнгө угаах гэмт хэрэгтэй  олон улсын төвшинд тэмцдэг, зохицуулдаг тусгай байгууллага байдаг байх?

-Ийм чиг үүрэг бүхий байгууллагууд байдаг. Гол байгууллага болох Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF (The Financial Action Task Force). Энэ байгууллага нь мөнгө угаалттай тэмцэх үндэсний болон олон улсын арга хэлбэрүүдийг судалж, зөвлөмж гаргах, энэхүү үйл ажиллагаатай  хангалттай тэмцдэггүй, хууль эрх зүйн орчин бүрдүүлээгүй улс орнуудыг дэлхий нийтэд зарлаж, хяналтын “хар жагсаалт”-д оруулан, зөвлөмж өгч ажилладаг.1990 онд FATF-аас мөнгө угаалттай тэмцэх талаар 40 зөвлөмжийг боловсруулж гаргасныг одоо дэлхий даяар мөрдөж ажиллаж байна. Мөн 2003 онд терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх 9 зөвлөмж гаргасныг олон улсад “40+9” зөвлөмж нэрээр банк санхүүгийн байгууллагууд хэрэгжүүлж байна.

-Хар жагсаалтад одоогийн байдлаар ямар улс орнууд байгаа вэ? Ер нь ямар улс, орнууд мөнгө угаах  гэмт хэрэгт холбогдох эрсдэл ихтэй байдаг бол?

- Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага нь мөнгө угаалттай хангалттай тэмцдэггүй, энэ талаарх хууль эрх зүйн орчин сайн бүрдээгүй стратегийн томоохон дутагдалтай улс орнуудыг дэлхий нийтэд зарлаж, хяналтын “хар жагсаалт”-д оруулан, сайжруулах шаардлагатай асуудлууд дээр тусгай зөвлөмж өгч ажилладаг. Нөгөө талаас өгсөн зөвлөмжийнхөө хүрээнд тухайн улс орнуудын авч хэрэгжүүлсэн бодлого, хууль журмын хэрэгжилт, биелэлтийг тодорхой хугацааны дараа хянаж, дахин үнэлгээ өгснөөр хяналтын жагсаалтаас гаргах эсэх шийдвэрийг гаргадаг. Голдуу шинэ тутам хөгжиж байгаа, буурай хөгжилтэй, авилга, хээл хахууль ихтэй, татварын бодлого хангалтгүй улс орнуудыг мөнгө угаах гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөртэй гэж үздэг.  Одоогийн байдлаар Хойд Солонгос, Иран, Мьянмар, Индонези, Алжир, Эквадор улс FATF-ын “хар жагсаалт”-д байгаа. Харин “хар жагсаалт”-ын өмнөх “саарал жагсаалт”-д Зүүн өмнөд Ази болон Африкийн нэлээд хэдэн орон ордог

Манай улс 2011 оноос FATF-ын хяналтын “саарал жагсаалт”-д бичигдэж ирсэн бөгөөд 2014 оны зургадугаар сард Парис хотноо болсон FATF-ын ээлжит хурлаас Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны стратегийн дутагдлуудаа засч, хууль эрхзүй, зохицуулалтын орчныг бий болгоход ахиц дэвшил гаргасан гэж тэмдэглэн, уг  жагсаалтаас гаргах тухай шийдвэрийг албан ёсоор гаргасан. 

Энэ нь манай улсын нэр хүндийг дэлхий дахинд өргөөд зогсохгvй, цаашид эдийн засаг, худалдаа, санхүү, бизнесийн чиглэлээр олон улсын төвшинд харилцах харилцааг улам нээлттэй байлгаж хөгжүүлэхэд томоохон ахиц дэвшлийг бий болгосон чухал алхам болсон.  

-Саяхан ХХБ-наас харилцагчдадаа зориулан мөнгө угаах эрсдэлээс сэргийлэх уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулсан. Харилцагчид яаж хүлээж авч байв?

-Харилцагчид мөнгө угаалтын талаар шинэ тутам ойлголттой байсан хэдий ч бодсоноос илүү сонирхож,  ач холбогдол өгч оролцсон. Мөнгө угаалт, түүний эрсдэлүүд болон олон улсын стандарт, дүрэм журмуудын талаар зөв ойлголт өгөх, урьдчилан сэргийлэх мэдээлэлтэй болгох зорилгоор “Мөнгө угаах эрсдэлээс сэргийлэх нь” уулзалтыг хийсэн. Уулзалтад манай харилцагчдаас гадна холбогдох хяналтын болон  зохицуулагч байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцож зохих мэдээлэлийг өгсөн байгаа.

-Монголын банкуудын хувьд хэрхэн яаж сэргийлж ажиллаж байгаа вэ?

-Ерөнхийдөө сэргийлэх арга зам бол ижил. Гэхдээ хэрэгжүүлэх арга барил нь өөр байж болно. Хэрхэн сэргийлэх вэ гэхээр банк, санхүүгийн байгууллагууд харилцагчаа зөв таньж ажиллах, мэдээллийг нь бүрэн зөв авдаг, программууд нь сайн ажилладаг, хяналтаа оновчтой хийдэг, ажилтнуудаа байнга сургаж мэдээллээр хангаж байх учиртай. Ажилтнуудаа сургаж мэргэшүүлэх гэдэг бол маш чухал. ХХБ-ны хувьд  харилцагчид үйлчилдэг, өөрөөр хэлбэл  данс нээдэг, гүйлгээ хийдэг ажилтнуудаа холбогдох сургалтад тогтмол  хамруулж, мэдээлэл, зөвлөмжөөр хангаж ажилладаг.

-ХХБ аливаа үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлчилгээндээ олон улсын стандартыг түрүүлж нэвтрүүлдгээрээ ялгардаг юм шиг санагддаг. Мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагааны хувьд Та бүхэн олон улсын төвшинд ажиллаж чадаж байгаа юу?

-Бид олон улсын холбогдох байгууллагуудаас мөнгө угаалттай тэмцэх талаар тавигддаг стандарт, шаардлагуудыг үйл ажиллагаандаа байнга мөрдөж ажилладаг. 2013 онд мөнгө угаахтай тэмцэх банкны эрхзүйн орчныг сайжруулах хөтөлбөрийг PwC (Pricewaterhouse Coopers) олон улсын зөвлөх компанийн зөвлөмж, тусламжтайгаар банкиндаа амжилттай хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд банкны холбогдох газар, нэгжийн ажилтнуудаас бүрдсэн томоохон ажлын хэсэг байгуулан мөнгө угаахтай тэмцэх үйл ажилагааг олон улсын жишигт нийцүүлэх  олон ажлыг хийж нэвтрүүлсэн. Энэ нь  банкныхаа бас нэгэн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэсэн шийдэл болж чадсан.  Цаашдаа бидэнд төлөвлөсөн ажлууд бий.

Ярилцсанд баярлалаа.

Б.Мишээл

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт