Мэдээ / Aug 22, 2014

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн олон улсад бизнесээ тэлэх чухал цэг бол Монгол улс

Япон улсын Nikkei Industrial сонины нийтлэл (2014.08.20)

Mitsubishi UFJ Research and Consulting
Олон Улсын Бизнесийн Консалтинг хэлтсийн захирал
КАРАКИ ЮҮЖИ

2014 оны 7 –р сарын сүүлчээр Монгол улсын Ерөнхийлөгч Япон улсад албан ёсны айлчлал хийж, хоёр улсын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар эцэслэн тохиролцсон тухай мэдээлэл  цацагдсан билээ.

Ерөнхийлөгчийн айлчлалыг тохиолдуулан Монголын олон компани, корпорациудын  төлөөлөл Япон улсад хүрэлцэн ирж, Японы хувийн хэвшлийнхэнд зориулсан семинар, уулзалтуудыг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр тус улсын томоохон арилжааны банкуудын нэг болох Худалдаа, хөгжлийн банк Токио хотод анхны төлөөлөгчийн газраа нээсэн юм.

<>

Японы жижиг, дунд бизнес эрхлэгчид гадаад зах зээлд бизнесээ өргөжүүлэхийн өмнө тухайн улсын ард түмэн Япон улсыг хэр элэгсэг дотноор хүлээн авч байгааг нь чухал үзүүлэлт болгодог.
Монголчуудын хувьд Япон улсад суралцаж байсан улс төр, нийгмийн зүтгэлтнүүд нэлээдгүй байдгаас гадна хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудад ч япон хэлтэй олон ажилтнууд байгаа нь сонирхол татсан үзүүлэлт юм. Үүнээс гадна Монголчууд Япон улсад тун элэгсэг ханддаг нь судалгаагаар харагддаг юм.

Японы Гадаад хэргийн яамнаас 2004 онд Монголд явуулсан “Япон улсын талаарх олон нийтийн санал асуулга” (2005 онд гаргасан) –аас үзэхэд, Таалагддаг болон Зорчихыг хүсдэг улсаар АНУ-ын дараа буюу 2-р байрт, Найрсаг харилцаатай байх ёстой улсаар АНУ-ын өмнө буюу 1-р байрт бичигдсэн нь Япон улсад Монголчууд сайнаар ханддаг нь тодорхой харагдаж байна.

Энэхүү санал асуулгаас хойш 10 жил өнгөрсөн байна. Өнөөдөр Монголчууд 10 жилийн өмнөхөөс ч илүүтэй Япон улсад элэгсэг ханддаг болсон мэт санагддаг. Ойрын жилүүдэд 1000 монгол оюутныг Японд суралцуулахаар гэрээ, хэлцэл хийгдсэн бөгөөд Монголын нийслэл Улаанбаатар хотод Японы сурагчийн дүрэмт хувцас болон спортын клуб бүхий сургуулийн системийг нэвтрүүлсэн ахлах сургууль хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Орос Хятадын дунд орших Монгол улс нь ойрын хөрш орнуудтай харилцах харилцаандаа анхаарал хандуулахын зэрэгцээ Япон улстай харилцах харилцаагаа ч мөн гүнзгийрүүлсээр байгаа нь Япон улсын буцалтгүй тусламж, дэмжлэг болон Мэргэжлийн сумо бөхчүүдийн гаргаж буй өндөр амжилт зэрэг нь ч үүнд нөлөөлж байгаа гэж хэлж болох юм.

Японы жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд Монгол улсад бизнесээ өргөжүүлэн тэлэхэд хүний нөөц, монгол ажиллагсдын ёс журмыг сахиулах зэрэг зарим нэг асуудлууд тулгардаг хэдий ч Монголд бизнес эрхлэхэд нэн таатай орчин болоод байгаа юм. Мөн “Япон компани” гэсэн брэнд бий болгоход ч маш таатай бөгөөд төгсгөлд нь дахин хэлэхэд Монгол улс нь гадаадын зах зээлд орохоор төлөвлөж буй Японы компаниудад тааламжтай нөхцөл бүрдсэн орон гэж хэлж болохоор байна.

Япон улсын талаарх Монголд явуулсан олон нийтийн санал асуулгын үр дүн

Санал асуулга Япон Америк
Таалагддаг улс 33.4% 41.8%
Зорчихыг хүсдэг улс 31.3% 40.8%
Найрсаг харилцаатай байх ёстой улс 37.4% 35.1%

Эх сурвалж: “Япон улсын талаарх олон нийтийн санал асуулга” 2005 оны 8 сар Гадаад хэргийн яам


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт