Мэдээ / Mar 28, 2014

JCB интернейшнл, худалдаа хөгжлийн банкны хамтын ажиллагааны 20 жилийн ойн хурал боллоо

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) нь JCB Интернейшнл байгууллагатай 1994 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, олон улсын JCB картыг Монгол улсад анхлан төлбөрт хүлээн авах үйл ажиллагааг эхлүүлсэн түүхтэй. Энэ онд тус байгууллагуудын хамтын ажиллагааны 20 жилийн ой буюу JCB картыг Монгол улсад төлбөр тооцоонд хүлээн авсны 20 жилийн ой тохиож байна.

Хамтын ажиллагааны 20 жилийн ойг тохиолдуулан JCB Интернейшнл байгууллагын Дэд ерөнхийлөгч, Азийн бүсийг хариуцсан захирал ноён Хироши Терада тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад хүрэлцэн ирсэн бөгөөд ойн хурал 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Туушин зочид буудалд амжилттай болж өндөрлөлөө. Хурлын үеэр өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь хамтын ажиллагааны түүх, ололт, амжилтуудаа ярилцаж цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Мөн энэхүү түүхэн ойтой давхцаж JCB карт эзэмшигчид Монгол улсад зөвхөн ХХБ төдийгүй МонголБанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн гишүүн банкуудын картын сүлжээнд төлбөр тооцоогоо гүйцэтгэх төслийг ХХБ, JCB Интернейшнл, МонголБанктай хамтран амжилттай бүрэн хэрэгжүүлж дууслаа. Энэхүү ажлыг эхлүүлэх хамтран ажиллах гурвалсан гэрээг 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ХХБ, JCB Интернейшнл, МонголБанк байгуулж байсан юм. Уг төсөл хэрэгжсэнээр ХХБ-ны картын систем, МонголБанкны банк хоорондын сүлжээгээр дамжуулан Голомт, Хаан, Төрийн банкны бүх салбар, АТМ, ПОС терминалуудаар JCB картыг төлбөрт хүлээн авдаг боллоо. Өөрөөр хэлбэл ХХБ нь картын системийн хувьд Монгол улсаас JCB Интернейшнл рүү холбогдсон цорын ганц гарц болж байгаа юм.

JCB КАРТЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

JCB (Japan Credit Bureau) байгууллага нь 1961 онд Японд үүсгэн байгуулагдаж 1981 оноос олон улсад бие даасан JCB картын брэндийг бий болгож олон улсад үйл ажиллагаа явуулж байна. JCB нь Япон улсын төлбөрийн картын зах зээлд үргэлж тэргүүлэгч нь байсаар ирсэн ба дэлхий даяар карт эзэмшигчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх зорилготой ажилладаг.

Одоогийн байдлаар дэлхийн 190 гаруй улсад JCB картыг төлбөрт хүлээн авч, 20 гаруй улсад салбар компаниуд нь үйл ажиллагаагаа явуулж, 350 гаруй бизнесийн байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллаж байна.

JCB картыг нийт 16 оронд гаргадаг ба карт эзэмшигчдийн тоо 80 саяд хүрсэн. Дэлхий даяар нийт 24 сая гаруй үйлчилгээний байгууллага JCB картыг төлбөрт хүлээн авдаг ба картыг төлбөрт хүлээн авах сүлжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. Эдгээр үйлчилгээний байгууллагуудаар жилд 170 гаруй тэрбум ам.долларын гүйлгээ хийгддэг байна.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих