“Child and Youth Finance International” байгууллагаас 8-18 насны хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох зорилготой “Global Money Week” хөдөлгөөнийг анх 2012 онд эхлүүлсэн ба 2 жилийн хугацаанд дэлхийн 125 орны 18 сая гаруй хүүхдүүдэд хүрээд байна.
Худалдаа, хөгжлийн банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч банкны хувьд Монголын Банкны Холбооны санаачлагын дагуу “Global Money Week” буюу “Дэлхийн мөнгөний 7 хоног” үйл ажиллагаанд нэгдэн, дэмжиж ажиллалаа. Уг арга хэмжээний хүрээнд ХХБ дунд сургуулиудад зочилон “ХҮҮХЭД БҮР САНХҮҮЧ” уриан дор мөнгөний үнэ цэнэ, мөнгөн хуримтлалын талаар сурагчидтай чөлөөт ярилцлагыг өрнүүлсэн юм. Уг уулзалтад хадгаламжийн ач тус, хадгаламжийн тооцооллын аргачлал зэрэг сурагчдын мөнгөө хадгалах, зөв зохистой зарцуулах сэдлийг нэмэгдүүлэхүйц сонирхолтой сэдвүүдийг ярилцан, хөгжөөнт тоглоом тоглуулж, хүүхэд бүрийг гарын бэлгээр урамшууллаа.
Хүүхэд бүр ирээдүйн бизнес эрхлэгч, улс төрч, багш мөн эцэг эх болох юм. Тиймээс энэхүү хөдөлгөөн нь хүүхдүүдэд багаас нь санхүүгийн боловсрол олгох, хуримтлалыг бага дүнгээс эхлүүлж хадгалах, бие даан санхүүгийн хувьд зөв шийдвэр гаргахад нь туслах, мэдээлэл өгөх, түүнчлэн ахлах сургуулиа төгсөөд хүссэн мэргэжлээ сонгон, ажиллахад нь дөхөм болох зорилготой юм.