Мэдээ / Dec 18, 2013

Монголын банкны холбооны Дээд шагнал Хаш эрдэнийн одонгийн анхны эзнээр Б.Мэдрээ тодорлоо

Монголын банкны холбоо (МБХ)-ны ээлжит 8-р чуулган болж, арилжааны бүх банкуудын төлөөлөл оролцон, салбарынхаа амжилт ололт, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөж, Ерөнхийлөгч М.Болд, Дэд Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Б.Чингүн нарыг улираан сонгож, шинэ Дэд Ерөнхийлөгчөөр Норихико Като мөн ажиллахаар болсон юм.

Энэ жилээс эхлэн МБХ нь Монгол Улсын банк санхүүгийн салбарын хөгжил, эрх, тэгш өсөлтийг хангахад манлайлан оролцсон, банкны байгууллагыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулсан төр, нийгэм, улс төрийн зүтгэлтэн, банк санхүүгийн салбарын удирдах ажилтанг шалгаруулан, Дээд шагнал болох “Хаш Эрдэнийн Одон”-г гардуулан, алдаршуулахаар болсон юм. Уг нэр хүндтэй шагналын анхны эзнээр Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ тодорсон бөгөөд тэрээр банкны 2 шатлалт системийг бий болгоход гар бие оролцон, цаашид амжилттай өсөн хөгжихөд бүхий л боломжоо дайчлан ажилласан, банкны салбарын түүхэнд тодоор бичигддэг хүндтэй эрхэм билээ.

Хаш эрдэнийн одон нь монгол дархны уран ухаан, өндөр ур чадвар, нарийн мэдрэмжээр бүтсэн цорын ганц бүтээл бөгөөд Б.Мэдрээгийн банкны салбарт оруулсан хувь нэмрийг ийнхүү үнэлэн, ёслол төгөлдөр гардуулсан юм.

Монголын арилжааны банкууд нэг дуу хоолойтой, нэг эв нэгдэлтэйн тод жишээ нь 1990 оноос хойш банкны салбар байнгын тогтвортой өсөлттэй байж, Монгол улсын тэргүүлэх салбар болтлоо хөгжин төлөвшиж байгаагаас харж болох бөгөөд Монголын банкны холбоо нь гишүүн байгууллагуудаа нэгтгэн, хамтран ажиллахад нь гол гүүр болж өгдөг мэргэжлийн байгууллага юм.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт