Мэдээ / Dec 05, 2013

Зээлийн батлан даалтын сантай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тулгамддаг томоохон асуудал нь барьцаа хөрөнгийн дутагдал байдаг. Тэд банкнаас зээл авч бизнесээ өргөжүүлж, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд барьцаа хөрөнгийн үнэлгээ нь банкны шаардлагад нийцэхгүй байх, арилжааны банкуудын хувьд мөн өөрийн эрсдэлээ тооцох стандартын дагуу ажиллах шаардлага тулгардаг.  

Тэгвэл жижиг, дунд бизнес эрхлэгч болон арилжааны банкны хооронд үүсдэг энэхүү хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд Зээлийн батлан даалтын сан чухал үүрэг гүйцэтгэхээр болж байна.

Монголын байгууллагын зах зээлд тасралтгүй тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк иргэд болоод жижиг, дунд бизнесийн зах зээлд сүүлийн жилүүдэд түлхүү анхаарч буй бөгөөд энэ удаад Зээлийн батлан даалтын сантай хамтын ажиллагаагаа өнөөдрөөс эхлэж байна.  

Ийнхүү хамтран ажиллаж эхэлснээр Худалдаа, хөгжлийн банкнаас зээл авахаар хүсэлт гаргаж буй жижиг, дунд бизнес эрхлэгчийн Эргэлтийн хөрөнгийн, Хөрөнгө оруулалтын, Бичил зээлийн 60 хүртэл хувьд нь буюу 250 сая төгрөг хүртэлх батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаас хариуцах юм. 

Арилжааны банкууд, Зээлийн батлан даалтын сантай үр дүнтэй хамтран ажиллаж, жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ үр өгөөжтэй байж, тэднийг өсөж томрох, корпорацийн хэмжээнд хүрэхэд нь томоохон дэмжлэг болох болно.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт