Мэдээ / Jun 17, 2013

8 хувийн зээлийн Нээлтийн ёслолыг Худалдаа, хөгжлийн банкинд зохион байгууллаа

6-р сарын 17-ны Даваа гараг. Худалдаа, хөгжлийн банкны Төв байрны гадна талбай дуу хуур, баяр хөөр, инээмсэглэл дүүрэн залуусаар хөглөгдлөө. Энд Засгийн газрын 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн нээлтийн ёслолын ажиллагаа болж, Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, МИК-ийн Гүйцэтгэх захирал Д.Гантөгс болон бусад зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

8 хувийн хүүтэй зээлийг Худалдаа, хөгжлийн банкнаас авч буй анхны зээлдэгч Д.Дашсүрэн: Анхны зээлдэгч болж байгаадаа манай гэр бүл маш их баярлаж байна. Орон сууцны зээлийг олон жил олгосон, туршлагатай итгэж болох банк болохоор гэр бүлээрээ зөвлөлдөж байгаад Худалдаа, хөгжлийн банкийг сонгосон. Зээлийг маань шуурхай шийдэж өгсөнд баярлалаа. Манайх  сард 400 гаруй мянган төгрөг төлөх хуваарь гарсан, хоёулаа ажилладаг тул манай гэр бүлд энэ мөнгө нэг их дарамт болохгүй гэж бодож байна.

Зээлээ 8 хувь руу шилжүүлсэн Б.Ариунболд: Өнөөдөр Худалдаа, хөгжлийн банкнаас гар утсанд “Таны орон сууцны зээл 8 хувь руу шилжлээ” гэсэн мессеж ирсэн, үнэхээр их баярлаж, гэр бүлээрээ бөөн баяр боллоо. Ийм хурдан шилжүүлчихнэ гэж бодсонгүй, сая нэмэлт гэрээгээ байгууллаа. Өмнөх зээлэндээ төлдөг байсан дүнгээс 350 мянган төгрөг сар бүр хэмнэгдэх юм байна, энэ мөнгийг хүүхдийнхээ хадгаламжинд хуримтлуулна даа.

Долларын зээлээ төгрөгийн 8 хувьд шилжүүлсэн Б.Давааням: Манайх орон сууцны зээлээ тухайн үед хүү нь бага юм уу гэж бодоод доллароор авсан, гэтэл төгрөгөөр төлөх дүн байнга хэлбэлзэж, ханшийн өөрчлөлт ихтэй байсан. Энэ нь тогтмол орлоготой манай гэр бүлд хүндрэлтэй байсан. Харин өчигдөр төгрөгийн 8 хувьд шилжүүлэх санал Худалдаа, хөгжлийн банкнаас тавихад уухайн тас зөвшөөрч, зээлээ шилжүүллээ. Засгийн газар, Монголбанк, Худалдаа хөгжлийн банкиндаа баярлалаа.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт