UN-Day 2024 буюу Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ийн өдөр 2024 оны 10-р сарын 24-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хэрэгжиж буй гол санаачилгуудыг онцлон тэмдэглэх зорилготой зохион байгуулагдлаа.
“Тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөө НҮБ болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдсан энэ удаагийн арга хэмжээнд Худалдаа, хөгжлийн банкны Олон Улсын Бизнес хөгжлийг хариуцсан Гүйцэтгэх захирлын орлогч Н.Сэргэлэн оролцож ХХБ-ны тогтвортой хөгжил болон ногоон санхүүжилтийн чиглэлээр хэрэгжүүлж буй сүүлийн үеийн үйл ажиллагаануудыг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.
ХХБ нь ESG буюу Байгаль орчин, Нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог анхлан үйл ажиллагаандаа нэвтрүүлж, НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн 17 Зорилтуудыг (ТХЗ) банкны үндсэн үйл ажиллагаандаа тусгаж, Монгол Улсад тогтвортой санхүүжилтийн хөгжил дэвшилд манлайлагч байсаар ирсэн билээ.
ХХБ нь 2030 он гэхэд хоёр тэрбум ам. долларын тогтвортой санхүүжилтийг харилцагчдадаа хүргэх урт хугацааны зорилт дэвшүүлсэн ба энэхүү зорилтын хүрээнд 2024 оны аравдугаар сард АНУ-ын Засгийн газрын агентлагийн Хөгжлийн Санхүүгийн Корпорац (DFC)-с анхны санхүүжилтээ амжилттай татсан ба тус санхүүжилт нь Монголын ЖДҮ болон эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжсэн жижиг дунд үйлдвэрлэгчид мөн ногоон, тогтвортой бизнесийг дэмжих зорилготой юм. Тэргүүлэгч банкны хувьд улс орны эдийн засгийг солонгоруулах, ажлын байр бий болгох зорилгоор ЖДҮ-ийн зах зээлийг эзлэх хувийг нэмэгдүүлэн ажиллаж байна.
Монгол Улс дахь Жижиг, дунд бизнес (“ЖДБ”) эрхлэгчдийг чадавхжуулах, тогтвортой санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах “SFME” төслийг хамтран хэрэгжүүлэхээр ХХБ болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (“GIZ”) нар төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг төсөл нь 2024 оны 3-р сараас 2026 оны 6-р сар хүртэл хугацаанд хэрэгжих бөгөөд Монгол улсын тогтвортой хөгжил болон ногоон ирээдүйд чиглэсэн ЖДБ-ийг дэмжих, ЖДБ эрхлэгчдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд ЖДБ эрхлэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мөн банкны жижиг, дунд бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах боловсон хүчнийг олон улсын стандартын дагуу чадавхжуулах, тогтвортой санхүүжилтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, семинар, уулзалтуудыг зохион байгуулахаас гадна, тусгайлсан зөвлөх үйлчилгээ, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр хамтран төлөвлөөд байна.
Түүнчлэн ХХБ нь Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (GGGI)-тэй стратегийн түншлэлийг бий болгож, улс орныхоо тогтвортой бөгөөд нүүрстөрөгчийн хий багатай эдийн засгийн өсөлтийг хурдасгахын тулд хамтын ажиллагааг хэрэгжүүлж” байгааг дурдсан байна. Тус хамтын ажиллагааны хүрээнд ХХБ болон GGGI хамтран нэг талаас ЖДҮ-ийн харилцагчдад бизнесийн үйл ажиллагааг нь ногооруулах боломжуудын талаар мэдлэг солилцох уулзалт, нөгөө талаас банкны ажилтнуудад боломжит ногоон төслүүдийг танин мэдэх, үнэлэх мөн түүнчлэн тэдгээрт хяналт тавих, тайлагнах, баталгаажуулах (MRV) зэрэг чадавхыг бэхжүүлэх сургалтуудыг идэвхтэй зохион байгуулж байна.