Мэдээ / May 21, 2012

Валютын арилжааны V зөвлөлгөөн зохион байгуулагдлаа

Монголбанкнаас валютын арилжааны ээлжит тавдугаар зөвлөлгөөнийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Их тэнгэр цогцолборт амжилттай зохион байгууллаа.

Уг зөвлөлгөөний хамтран зохион байгуулагчаар манай улсын тэргүүлэгч банк Худалдаа хөгжлийн банк ажилласан бөгөөд Монголбанк, арилжааны банкууд, олон улсын байгууллагын төлөөлөл, нефть импортлогч, уул уурхайн болон гадаад худалдаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжүүд зэрэг нийт 80 гаруй төлөөлөгч оролцсон байна.

2011 онд манай улсын гадаад худалдааны эргэлт 2010 онтой харьцуулахад 1,9 дахин өсөж, 10 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний хэрээр дотоодын экспортлогч болон импортлогч компаниудын валютын захад оролцох оролцоо улам нэмэгдэж байгаа бөгөөд аж ахуй нэгж байгууллагууд нь тодорхой хугацааны дараа валютын ханшийн эрсдэлээ удирдах үүднээс своп, форвард арилжааг харилцагч банкуудтай байгуулах хэрэгцээ, шаардлага улам нэмэгдэж байгаа тухай зөвлөлгөөнд оролцогчид онцолж байсан юм. Олон улсын түвшинд үйлдвэрлэгч, олборлогч болоод хэрэглэгчид бүгд ханшийн эрсдлээс хамгаалсан бүтээгдэхүүнийг ашигладаг бол манай улсын хувьд санхүүгийн үүсмэл хэрэгсэл аж ахуйн нэгжийн түвшинд өргөн хэрэглэгдэхгүй байгаа юм. Ханшийн эрсдлийг зохицуулах санхүүгийн үүсмэл хэрэгслийг аж ахуйн нэгжүүд ашиглах шаардлагатай байгаа бөгөөд үүнд Монголбанкны санаачилга, оролцоо хангалттай байгаад зөвлөлгөөнд оролцогчид санал нэгтэй байсан. Энэ хүрээнд Монголбанкнаас арилжааны банкуудтай санхүүгийн үүсмэл хэрэгслийн арилжааг хийх эрх зүйн орчныг бүрдүүлж, ам.доллар/төгрөгийн своп, форвард хэлцлийг 2010 оноос хийж эхэлсэн байна. Тухайлбал, Монголбанк өнгөрсөн оны хувьд нийт 177 сая ам.долларын форвард, своп хэлцлийг банкуудтай хийсэн байна. Гэсэн хэдий ч энэ ажил банк, харилцагчийн түвшинд бодитоор хэрэгжихгүй, аж ахуйн нэгжүүд ханшийн эрсдэлд өртсөн хэвээр л байна.

Үүнтэй холбогдуулан санхүүгийн үүсмэл хэрэгслийг  аж ахуйн нэгжийн түвшинд нэвтрүүлэхэд чухам ямар саад бэрхшээл, хүндрэл тулгарч буй, үүнийг шийдвэрлэх гарцыг хэрхэн харж байгаа талаар энэ удаагийн зөвлөлгөөнөөр ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд ханшийн эрсдэлийг удирдах чиглэлээр 2012-2013 онд дараах үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ:

  • Банк, харилцагч хооронд байгуулах санхүүгийн үүсмэл хэрэгслийн хэлцлийг нэмэгдүүлэх, хэрэглээг өргөжүүлэхэд банкууд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Банкууд харилцагч нартаа санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотойгоор илүү уян хатан нөхцөлийг санал болгох, тухайлбал хүүгийн зөрүүг бууруулах.

Энэ удаагийн зөвлөлгөөн нь дээрх агуулгаараа валютын захыг хөгжүүлэх асуудлыг мэргэжлийн үүднээс олон талаас нь хэлэлцсэн, бодлогын саналд хүрсэн бүтээлч, үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт