Мэдээ / Mar 24, 2022

ХХБ-ны “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл” нь жендерийн эрх тэгш байдлыг хангах бодит ажил

О.Баярсайхан: ХХБ-ны “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл” нь жендерийн эрх тэгш байдлыг хангах бодит ажил

Манай улс жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудалд ихээхэн анхаарч төр болон хувийн хэвшлийн байгууллагууд ч үүнд чиглэсэн олон ажлуудыг хийж байна. Тэр дундаа арилжааны банкнууд юуг, хэрхэн, яаж хэрэгжүүлж буй туршлагыг хуваалцах үүднээс Тогтвортой Санхүүгийн Холбооны Жендерийн хорооны дарга, ХХБ-ны Санхүүгийн байгууллагын хэлтсийн захирал О.Баярсайхантай ярилцлаа.


 

Сэт: Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе!  Ярилцлагаа жендерийн эрх тэгш байдал гэж чухам юу болохоор эхлэх нь зөв болов уу?

О.Баярсайхан: Дэлхий дахинд Жендерийн эрх тэгш байдлыг тогтвортой хөгжлийн нэг зорилго болгон тодорхойлж, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Жендерийн эрх тэгш байдал гэдэг нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх тэгш байр суурь, нийгмийн амьдралд адил оролцох эрх, хөгжлийн үр шимээс тэнцүү хүртэх болон жендерийн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг хэлдэг.

Манай Монгол Улсын хувьд анх 2011 онд УИХ-аар Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, Монголын Улсын Ерөнхий сайдын дэргэд Жендерийн Үндэсний Хороог үүсгэн байгуулж, холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтыг хийсэн байдаг. Одоогийн байдлаар Монгол улсын хувьд “Жендерийн тэгш бус индекс”-р дэлхийн 162 орноос 71-т жагсаж байна (Human development report, 2020).

Жендерийн эрх тэгш байдлыг хангахын тулд, олон салбар, байгууллагын хүчин чармайлт хэрэгтэй билээ. Ялангуяа, бизнес болон байгууллагууд ажлын байран дээрх жендерийн эрх тэгш байдал, жендерийн мэдрэмжтэй менежментийн арга барил дээр анхаарал хандуулах болсон. Энэ чиглэлээр Жендерийн Үндэсний Хороо, олон улсын байгууллагууд, хөгжлийн түншлэгч байгууллагууд, ТоС холбоо нь нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, сайн туршлага, санал зөвлөмжөө өөр хоорондоо хуваалцдаг болсон нь сайшаалтай зүйл юм. Үүний нэг жишээ нь жил болгоны 3 сарын 8-д эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эмэгтэйчүүдэд тулгардаг жендерийн асуудлыг хөнддөг бол энэ жилийн 3 сарын 14 өдөр “Эрэгтэйчүүдийн нийгмийн манлайлал ба оролцоо” сэдвээр чуулган зохион байгуулж, эрэгтэйчүүдийн жендерийн асуудлыг хэлэлцсэн. Энэ нь нөгөө талаараа жендерийн тэгш бус байдал нь зөвхөн эмэгтэй хүмүүст тулгардаг асуудал биш бөгөөд эрэгтэйчүүдийн дуу хоолойг мөн сонсох нь чухал гэдгийг харуулсан чухал алхам болсон гэж үзэж байна.

Сэт: Худалдаа Хөгжлийн Банкны хувьд саяхнаас байгууллага дотроо Жендерийн хороо бий болгон ажиллаж байна. Жендерийн хороотой болоход нөлөөлсөн гол хүчин зүйлс юу вэ?

О.Баярсайхан: Жендерийн тэнцвэртэй байдлыг хангах гэдэг нь зөвхөн нийгмийн сайн сайхны төлөөх бус, байгууллагад өрсөлдөөний давуу талыг бий болгож, үнэ цэнийг бий болгох чухал стратеги юм. Энэхүү стратегийн ач холбогдлуудаас дурдвал, бүтээгдэхүүний инновац, үйл ажиллагааны инновац, гадаад үнэлэмжийг дээшлүүлэх болон ажлын байрны сэтгэл ханамж байна. Бүтээгдэхүүний инновацыг энгийн жишээгээр тайлбарлая. Талх нь ямар ч амттай, хэлбэртэй байсан ч бидний зайлшгүй хэрэглэх анхдагч бүтээгдэхүүн. Гэвч өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хэрэглэгчийн олон талт хэрэгцээнд суурилан хар талх, цагаан талх, үртэй талх, сармистай талх, бургерийн талх, сэндвичэн талх, багел талх гээд маш олон янзаар гарч ирж байна. Эдгээрийн дийлэнх нь эрүүл мэндээ анхааръя, гэр бүлийн гишүүддээ олон төрлийн хоол хийж өгье гэсэн эмэгтэй харилцагч нарын хэрэгцээ шаардлагаас үүссэн бүтээгдэхүүнүүд байна. Банкны салбарт ч мөн адил дээрхтэй адил жендерт суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлбэл,  томоохон бүтээгдэхүүний инновац гарч ирнэ. Монголбанк, ТоС-ын хамтарсан судалгаанаас үзэхэд, нийт чанаргүй зээлд эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдээс дунджаар 18 хувиар бага байдаг буюу сайн зээлдэгчид гэдгийг баталсан статистик тоо байна. Түүнчлэн, Дэлхийн банкны судалгаанаас харвал, эмэгтэйчүүд нь ирээдүйн зардалдаа зориулж хадгаламж хийх магадлал нь эрэгтэйчүүдийнхээс 16 хувиар илүү буюу  банкны найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэгч байна.

Гадаад үнэлэмжийг нэмэгдүүлэх ач холбогдлыг авч үзвэл, хөрөнгө оруулагч, гадаадын банкнаас томоохон эх үүсвэр татахад сүүлийн жилүүдэд Environment буюу байгаль орчин, Social буюу нийгэм, Governance буюу засаглалын тухай чухалчилдаг болсон. Энэ дотроо нийгмийн үзүүлэлтүүдийн нэг чухал хэсэг нь жендерийн эрх тэгш байдал.

Үйл ажиллагааны инновац болон ажлын байран дээрх сэтгэл ханамжийн хувьд, gender-smart удирдлагыг хэрэгжүүлэн, ажилтан нарт хүйсээс үл хамааран эрх тэгш өсөж хөгжих боломжоор хангаснаар ажиллах хүчинг тогтвор суурьшилтай тогтоон барих, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, эмэгтэй удирдагч нарыг бий болгох ач холбогдолтой байна. Эрэгтэй, эмэгтэй хүний тэгш оролцоог хангах замаар жендерийн мэдрэмжтэй ажиллах орчныг бүрдүүлснээр асуудлыг олон талаас нь харах боломжтой болж, ухаалаг шийдвэр гаргах давуу талтай.

Дээрх үнэ цэнийг бий болгохын тулд ХХБ нь “Жендерийн эрх тэгш байдлын бодлого”-оо МУ-ын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр болон бусад олон улсын байгууллагуудын тэргүүн туршлагыг харгалзан, анх 2019 онд баталж байсан. Уг ажлын хүрээнд жендерийн хороог үүсгэн байгуулсан нь ХХБ-ны цаашдын тогтвортой хөгжил рүү тэмүүлэх тэр урт замын эхлэл юм.

Сэт: Жендерийн Хороо ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

О.Баярсайхан: ХХБ-ны Жендерийн Хороо нь байнгын үйл ажиллагаатай хороо бөгөөд нийт 5 гишүүн болон нарийн бичгийн даргаас бүрддэг. Гишүүд болон нарийн бичгийн дарга нараа оролцуулбал 5 эмэгтэй, 1 эрэгтэй гэсэн хүйсийн бүтэцтэй байна.

Жендерийн Хорооны чиг үүрэг нь банкны жендерийн эрх тэгш байдлын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хянаж, газар, нэгжүүдийн жендерийн үйл ажиллагааны үр дүнг нэгтгэж, уялдаа холбоог тодорхойлж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Энэхүү чиг үүргийн хүрээнд, дараах ажлуудыг голчлон хийхээр ажиллаж байна:

  • Банкны бодлого, заавар журамд жендерийн мэдрэмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, холбогдох өөрчлөлт оруулах
  • Жендертэй холбоотой сургалтуудыг нийт ажилтан нарт тогтмол орох. Манай банканд шинээр томилогдон ажиллаж буй болон томилогдохоор ажил горилж буй бүх ажилтнуудыг хүртэл уг сургалтад хамруулж, хэрхэн жендерийн мэдрэмжтэй байж, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх дээр анхнаас нь сургаж байна. Дунд болон түүнээс дээш шатны удирдлагуудад “Жендерийн мэдрэмжтэй менежмент” сэдвээр тогтмол сургалт зохион байгуулсаар байна.
  • Мөн ХХБ-ны сайн дурын ажилтнуудаас бүрдсэн “Жендер Нетворкинг клуб” үүсгэн байгуулагдаж, банкны бодлогод суурилсан шинэлэг сэдвүүд, сорилт болон тулгарч буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, хэрэгжүүлэх боломжтой ажлуудыг санаачилж Жендерийн Хороотойгоо уялдаатай ажилладаг. Уг клуб маань маш өргөн агуулгыг хамарсан ажлуудыг энэ жил зохион байгуулахаар төлөвлөж байна. Хүний бусдаас ялгаатай байдлаар илэрхийлэх биеийн чадамж, арьс өнгө, жендер, жендер ба мэргэжил сонголт, гэр бүлийн байдал ба жендер, үзэл бодол ба шашин, бэлгийн чиг хандлага гэх мэт олон чиглэлийн хүрээг хамруулдагаараа онцлогтой.

Сэт: Гаднын хөрөнгө оруулагчид мөн жендерийн асуудлыг чухал шаардлагуудын нэгээр тодорхойлдог болсон байна. ХХБ-ны хувьд саяхан УАНС-ийн итгэмжлэгдсэн байгууллага болсон. УАНС-ийн эх үүсвэрийг татахад жендертэй холбоотой шаардлага мөн зохих ёсоор тавигдсан байх

О.Баярсайхан: Монгол улсын Үндэсний эрх бүхий байгууллагууд болон Үндэсний зохицуулагч нар бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж төсөл, хөтөлбөрүүд дээр УАНС-ээс дэмжлэг авахаар шаргуу ажиллаж байна. Тус сангаас итгэмжлэл авсан байгууллага нь тухайн оронд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг ихээхэн хэмжээгээр бууруулах зорилготой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг.

Зөвхөн байгаль орчинд ээлтэй төсөл санхүүжүүлэхээс гадна УАНС нь төсөл бүрд “Жендерийн үнэлгээ” хийхийг шаарддаг. Тийм ч учраас, ХХБ-наас УАНС-д хүргүүлэх төсөл, хөтөлбөрүүд нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн жендерийн эрх тэгш байдлын асуудлуудыг ч мөн харгалзаж үзэн, жендерийн эрх тэгш байдлыг хангах төслүүд байна гэсэн үг юм.

Сэт: Банк санхүүгийн байгууллагууд эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн бүтээгдэхүүн гаргаж буй нь олон нийт, нийгэм жендерийн эрх тэгш байдалд анхаарч ажиллаж эхэлж байгаагийн нэг жишээ юм болов уу гэж санагддаг. Тэгвэл бодит байдал дээр энэхүү  зээлийн бүтээгдэхүүн хэрхэн олгогддог талаар та товч дурдвал?

О.Баярсайхан: ХХБ-ны “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл” нь эмэгтэй эзэмшил, манлайлагч ба оролцоог хангасан бизнес, аж ахуйн нэгжүүдэд олгогддог гэсэн үг юм. Тухайлбал

  • Хувьцаа эзэмшигчийн 51% ба түүнээс дээш хувьд эмэгтэй хувьцаа эзэмшигч байх;
  • Эмэгтэй гүйцэтгэх/ерөнхий захиралтай байх;
  • Нийт ажилтнуудын 50% ба түүнээс дээш эмэгтэй ажилтнууд байх

гэсэн 3 шалгуур үзүүлэлтийн аль нэгийг нь л хангах шаардлага тавьдаг бөгөөд зээлийн гэрээн дээр зээл авсан хугацааны туршид энэ шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллах нөхцөл мөн тусгаж өгсөн.

Эмэгтэй бизнес эрхлэгчид  рүү чиглэсэн зээлийн бүтээгдэхүүн нь хүлээлтээс давж, нийгэмд хэрэгцээ шаардлага өндөр бүтээгдэхүүн байгаа учраас цаашдаа энэ чиглэлийн зээлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зорилго баримталж ажиллаж байна.

 

 

Сэт: ХХБ нь эмэгтэйчүүдийн дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүн санал болгож буй цөөн хэдэн арилжааны банкны нэг. Мөн зээлийн нөхцөл нь ч маш хөнгөлөлттэй, эмэгтэй бизнес эрхлэгчдийн дунд эрэлт ихтэй байхаар харагдсан. Эмэгтэйчүүдийг дэмжсэн тусгайлсан санхүүгийн бүтээгдэхүүн гаргах нь жендерийн эрх тэгш байдлыг дэмжихэд ямар эерэг нөлөөлөл үзүүлэх вэ? (Энэ хэсэгт эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн авч буй санхүүжилтийн ялгаа, эргэн төлөлтийн ялгаа зэргийг дурдах)

О.Баярсайхан: Судалгаагаар Жижиг Дунд Бизнес эрхлэгчдийн хувьд нийт 60% нь эмэгтэй бизнес эрхлэгч байгаа бол 2021 оны байдлаар манай банкны жижиг, дунд бизнес эрхлэгч харилцагчдын 73 орчим хувь нь эмэгтэй байна. Үүнээс харахад эмэгтэй бизнес эрхлэгчид манай жижиг, дунд бизнесийн зээлийн багцын дийлэнх хувийг эзэлж байгаа боловч банк санхүүгийн салбарт эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй нөхцөлтэй, уян хатан зээлийн бүтээгдэхүүн ховор байдаг.

Тэр ч утгаараа, ХХБ-ны “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл” нь уян хатан нөхцөлтэй тул харилцагчид ирэх дарамт багатай, үйл ажиллагааны чиглэл, салбар харгалзахгүйгээр санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, санхүүжилт авахад таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаараа давуу талтай юм. Улс орны хөгжилд чамгүй их зүтгэл үзүүлдэг, баялаг бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дэмжсэнээр жижиг, дунд бизнесийн салбарын хөгжлийг ч мөн дэмжиж байна гэсэн үг юм.

Сэт: (Эмэгтэйчүүдэд олгох зээлийн тоо их боловч хүртээмж багатай гэсэн санаа гарсны дараа) Дээр дурдсан эмэгтэйчүүдтэй холбоотой санхүүгийн хүртээмжийн асуудлыг эрэгтэй хүний нүдээр харан, Жендерийн хорооны даргаар ажиллахад ямарваа нэг сорилт, бэрхшээл тулгардаг уу?

О.Баярсайхан: Жендерийн хорооны дарга гээд жендерийн асуудал ярихаар эрэгтэй хүн хийдэг нь сонин гэсэн байдлаар ханддаг хүмүүс олон байдаг. Гэхдээ эсрэгээрээ жендер гэхээр л заавал эмэгтэй хүн дугарч манлайлах ажил биш гэдгийг олон хүмүүст харуулж чадаж байгаа гэж хувьдаа боддог. Хамгийн том сорилт, бэрхшээл гэвэл хүмүүсийн жендерийн тухай ойлголт. Жендерийн эрх тэгш байдлыг хангах хэрэгтэй гээд л яриад байдаг. Яг яагаад хангах ёстой гэдгийг нь ерөөсөө ярихгүй байна. Дээр дурдсанчлан энэ бол бизнест үнэ цэнийг бий болгох чухал стратеги гэж харвал эсрэгээрээ жендерийн асуудал чухал юм гэж ойлгох боломжтой гэж боддог. Жендер яагаад чухал гэдгээ банкны ажилтан бүр, шат шатны удирдлагууд ойлгож байж, сая жендерийн мэдрэмжтэй банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох цогц систем бүрдэх юм.

Сэт: Худалдаа Хөгжлийн банкны хувьд ТоС Холбооны 2022 оны Манлайлагч байгууллагаар тодорсон гэж сонссон. Тэгвэл Худалдаа Хөгжлийн банкны хувьд цаашдаа жендерийн эрх тэгш, хүртээмжтэй байдалтай холбоотойгоор тогтвортой санхүүжилтийн хүрээнд төлөвлөсөн дунд, богино хугацааны стратеги зорилт бий юу?

О.Баярсайхан: Жендерийн хороог үүсгэн байгуулсан нь ХХБ-ны цаашдын тогтвортой хөгжил рүү тэмүүлэх тэр урт замын эхлэл гэж өмнө нь хэлсэн билээ. ХХБ нь дунд хугацааны стратеги зорилтдоо НҮБ Хөгжлийн 17 зорилгын дундаас ТХЗ 4: Чанартай боловсролыг дэмжих, ТХЗ 5: Жендерийн эрх тэгш байдлыг хангах, ТХЗ 8: Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн хөгжлийг дэмжих, ТЗХ 13: Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах гэх 4 зорилгуудыг үйл ажиллагаандаа тусгайлан тусган, холбогдох төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.

Жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгын хүрээнд цаашид эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллагууд, сангуудаас боломжит сургалт, судалгаа, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгч нарт ээлтэй банкны бүхий л төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх тал дээр үндсэн зорилтоо тавьж ажиллаж байна.  

Сэт: Миний асуусан асуултуудаас гадна таны хэлэхийг хүссэн зүйл үлдсэн байж магадгүй. Тэгвэл ярилцлагынхаа төгсгөлийг танд үлдээе!

О.Баярсайхан: Өнөөдөр ярилцлага авсан ТоС холбооны хамт олондоо баярлалаа. ТоС холбоо нь зөвхөн жендерийн асуудлаас гадна тогтвортой хөгжлийн чиглэлд банк, санхүүгийн байгууллагуудыг нэгтгэн, энэ чиглэлээр гишүүн байгууллагуудынхаа болох харилцагчид руу чиглэсэн ажлуудыг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Монголын банк, санхүүгийн салбарт ТоС холбоотойгоо хамтран жендерийн мэдрэмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтдаа ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөгөөд Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт