2022 оны 2-р сарын 28-ны өдөр Худалдаа, хөгжлийн банк нь Шамбала Инженеринг Кампус ХХК-тай хамтран “Шамбала 2056” инженерийн сууринг дэмжиж ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
ХХБ нь дунд хугацааны стратегидаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын нэг болох “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах” зорилгыг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг нь Шамбала Инженеринг Кампус ХХК-тай хамтын ажиллагааг эхлүүлэх гол үндэс суурь болж байна.
Шамбала Инженеринг Кампус ХХК нь Монгол Улсын цөлжилт ихтэй бүсэд тухайн орон нутгийн онцлогт тохирсон модыг тарьж ургуулах замаар нөхөн сэргээх, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх, дотоодын технологийн шинэчлэлийг өсөн дэвжүүлэх зэрэг зорилтуудын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Тус компани нь 2021 оны байдлаар Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 4 Га газарт 24 мянган мод тариалаад байгаа ба 2022 онд нэмж 10 мянган мод тарихаар зорин ажиллаж байгаа юм. Үүгээр зогсохгүй тарьсан мод бүрийнхээ 5 жилийн усалгаа, арчилгааг бүрэн хариуцаж ажилладгаараа давуу талтай билээ.
Тус санамж бичгийг байгуулснаар Худалдаа, хөгжлийн банк нь Шамбала Инженеринг Кампус ХХК-д болон харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх, төлбөр тооцоог цаг алдалгүй хүргэхийн зэрэгцээ ногоон төсөл, хөтөлбөрүүдэд харилцан тохиролцож хамтран ажиллах боломжтой болж байна.
Уг санамж бичиг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааны цаашдын үндэс суурь болж байна.