Мэдээ / Feb 10, 2012

Худалдаа хөгжлийн банк Goldman Sachs банктай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол улсын банк санхүүгийн зах зээлд тэргүүлэгч “Худалдаа, хөгжлийн банк” (ХХБ), Дэлхийн тэргүүлэгч банк болох “Goldman Sachs” групптэй хөрөнгө оруулалтын гэрээнд ёслол төгөлдөр гарын үсэг зурлаа. Үүгээр Goldman Sachs групп нь ХХБ-ны 4.8 хувьтай тэнцэх хувьцааг худалдан авж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэхүү хөрөнгө оруулалт нь ХХБ-ны өсөн нэмэгдэж буй бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц өгөх юм.

“Дэлхийн нэр хүнд бүхий “Goldman Sachs” групп Монголын ХХБ-нд хөрөнгө оруулсан нь ХХБ-ны цаашдын стратеги, санхүүгийн бат бэх байдал болон удирлагын чадвар зэрэгт бүрэн дүүрэн итгэж байгаагийн илэрхийлэл мөн” гэж “Goldman Sachs” группын Ази тивийг хариуцсан Ерөнхийлөгч ноён Дэвид Райн онцлон тэмдэглэв.

ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ хэлэхдээ “Монгол улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил болон ашигт малтмалын экспортын огцом өсөлт дээр суурилан хурдацтай өсөн хөгжиж байна. Иймд “Goldman Sachs” группын санхүүгийн хүчтэй байр суурь, олон улсын санхүүгийн мэдлэг, туршлага нь бидний ирээдүйн өсөлт хөгжилд томоохон нөлөө үзүүлэхээс гадна харилцагчдадаа санхүүгийн илүү сайн бүтээгдэхүүнүүдийг санал болгох боломжийг олгож байна” гэлээ.

ХХБ нь дотоодын банк санхүүгийн салбарт хамгийн олон жилийн түүхтэй төдийгүй Монголын банк санхүүгийн салбарын зах зээлд тэргүүлэгч юм. ХХБ нь 1990 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эдийн засгийн гол салбаруудад үйл ажиллагаагаа явуулдаг гадаад, дотоодын томоохон аж ахуйн нэгж, корпорациуд, гадаадын хөрөнгө оруулагчдын гол санхүүжүүлэгч нь байсаар ирсэн Монгол Улсын ууган арилжааны банк юм. Монголын банк санхүүгийн салбарт үргэлж шинийг эрэлхийлэгч, нэвтрүүлэгч байсаар ирсэн ХХБ нь Азийн Хөгжлийн Банк болон Олон Улсын Санхүүгийн Корпорациас санхүүжилт авч байсан Монголын анхны банк бөгөөд 2006 онд арилжааны банкуудаас анх удаа өөрийн үйл ажиллагаандаа олон улсын үнэлгээний Moody’s агентлагаар үнэлгээ хийлгэн, банкны үйл ажиллагаа тогтвортой, сайн хэмээн дүгнэлт авч байсан ба энэхүү үнэлэлтэндээ тулгуурлан Олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд гаргасан Монголын улсын анхны бөгөөд цорын ганц компани билээ.

Goldman Sachs нь олон талт үйлчилгээтэй дэлхийн тэргүүлэгч банк ба дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэгчдэдээ үнэт цаас болон хөрөнгө оруулалтын удирдлагын үйлчилгээг хүргээд зогсохгүй банк санхүүгийн цогц үйлчилгээг хүргэдэг санхүүгийн групп юм.  Тус группийн харилцагчид нь дэлхийн томоохон корпорациуд, аж ахуйн нэгжүүд, Засгийн газрууд болон өндөр зэрэглэлийн бизнес эрхлэгчид багтдаг байна.  “Goldman Sachs” групп нь 1869 онд анх үүсгэн байгуулагдсан ба төв нь Америкийн нэгдсэн улсын Нью Йорк хотод байрладаг бөгөөд томоохон хэмжээний санхүүгийн төвүүд нь дэлхий даяар тархан үйл ажиллагаагаа явуулдаг юм.

ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт