Мэдээ / Oct 26, 2021

Мэдэгдэл

 

Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн цахим сүлжээгээр ХХБ-ны орон сууцны зээлийн бүтээгдэхүүнтэй холбоотой “Өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийн барьцаа хөрөнгийг МИК-д миний зөвшөөрөлгүй барьцаалуулсан, нууцаар 6 хувийн эх үүсвэрт зээлийг шилжүүлээд их хэмжээний хүү авч байна” гэх таамаг нийтэлж цөөнгүй иргэд, харилцагч нарт ташаа буруу ойлголт өгч, бухимдал үүсгээд байгаатай холбоотойгоор банк албан ёсны тайлбар, мэдээллийг харилцагч, иргэдэд хүргэж байна.

Ипотекийн зээл болон түүний барьцааны шаардах эрхийг арилжааны банк гэрээ хэлцлийн үндсэн дээр гуравдагч этгээд, санхүүгийн байгууллагад шилжүүлэх явдал нь Монгол Улсын төдийгүй олон улсын санхүүгийн зах зээлийн  түгээмэл практик юм.

Ийнхүү хэлцэл хийх, шаардах эрх шилжүүлэх үндэслэлийг Монгол Улсын Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зохицуулсан байдаг бөгөөд уг зүйлийн 123.2 дахь хэсэгт Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасны дагуу дагуу дээрх төрлийн хэлцлийг хийдэг.

Түүнчлэн тухайн харилцагчтай байгуулсан Барьцааны гэрээний шаардах эрх нь барьцаалбараар баталгаажсан ба Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай Монгол Улсын хуулийн гуравдугаар бүлэгт зааснаар Барьцаалбарыг эзэмшигч нь түүнийг гуравдагч этгээдэд шилжүүлж болох бөгөөд барьцаалбарыг хууль ёсоор шилжүүлэн авч эзэмшиж байгаа этгээд нь “өөр нотолгоо шаардахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн барьцаагаар хангагдсан мөнгөн төлбөрийн үүргийн биелэлтийг хүлээн авах, шаардах эрх”-тэй байдаг.

Мөн дээрх зээлийг МИК худалдан авахдаа өөрийн хөрөнгөөр худалдан авсан бөгөөд арилжааны банкнаас өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийг худалдан авахад төрийн буюу “орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эх үүсвэрийг ашиглах боломжгүй юм.  Зээл, барьцааны шаардах эрхийг шилжүүлэх хэлцэл нь зөвхөн санхүүгийн байгууллагуудын хооронд, хууль тогтоомжийн хүрээнд үүсдэг санхүүгийн эх үүсвэрээ байршуулах, чөлөөлөх агуулгатай, ипотекийн хоёрдогч зах зээлийн хэлцэл бөгөөд уг хэлцэл зээлдэгч, барьцаалуулагчийн хууль ёсны ашиг сонирхолд аливаа байдлаар сөргөөр нөлөөлөхгүй юм. Харин ийм хэлцлүүд нь банкны өөрийн эх үүсвэрийг чөлөөлж, эх үүсвэрийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж, илүү олон зээлдэгч орон сууцны болон бусад зээл, үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлдэг.

Банкны үйл ажиллагаанд төрийн холбогдох байгууллага, олон улсын аудитын байгууллагууд тогтмол шалгалт хийж тухай бүр хийсэн санхүүгийн гэрээ хэлцэл, бүртгэл, тайлан тооцоог Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгадаг.

Иймд харилцагч дээрх агуулга бүхий санхүүгийн харилцааны талаар ташаа мэдээлэл түгээж, олон нийтэд эргэлзээ, бухимдал үүсгэсэнд харамсаж байгаагаа илэрхийлэхийн хамт Худалдаа, хөгжлийн банк нь аливаа байдлаар хууль тогтоомж зөрчөөгүй болохоо үүгээр албан ёсоор мэдээлж байна.

2021.10.25

Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт