Монгол Улсын санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай TDB Capital компанийг байгуулж, өнгөрөгч 4 дүгээр сарын 1-ний өдөр брокер, андеррайтер болон бусад төрлийн санхүүгийн үйлчилгээг үзүүлэх эрхийг Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкнаас гардан авсан анхны банк болcон бол өнөөдөр анхны үйлчилгээний төвөө Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт ХХБ-ны Төв байрны хажууханд нээлээ.
Иргэдийг болон уламжлалт банкны харилцагчидаа хувьцааны арилжаанд идэвхитэй оролцуулах, хувьцаа эзэмшихэд нь дэмжлэг үзүүлж, улмаар улсынхаа их бүтээн байгуулалт, үйлдвэрлэлтэнд хөрөнгө оруулалт хийхэд нь туслалцаа үзүүлэх TDB Capital компани нь төрийн болон дотоодын компаниудын хэрэгжүүлж буй стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд зориулан санхүүжилт босгох, гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр компаниудын бонд болон хувьцаагаа гаргах ажлыг нь зохион байгуулах, уул уурхай, хайгуулын ажлыг санхүүжүүлэх, харилцагчдад санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, андеррайтер, брокерийн үйл ажиллагааг явуулах зэрэг хөрөнгө оруулалтын банкны олон төрлийн цогц үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хувьцааны зах зээлийн талаар таниулан зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.
2010 онд шинээр батлагдсан Банкны тухай хуулийн дагуу арилжааны банк нь хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах охин болон хараат компани байгуулж болохоор нэмэлт өөрчлөлт орсон, энэхүү үйл ажиллагаанд харилцагчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх, андеррайтер хийх, брокер дилерийн үйл ажиллагаа болон даатгалын зуучлал хийх зэрэг олон төрлийн чиглэлүүд хамаарагдаж байгаа юм. ХХБ нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 20 жилийн туршид Монгол Улсын эдийн засгийг хөдөлгөгч томоохон компаниудын үйл ажиллагааг амжилттай санхүүжүүлж ирсэн төдийгүй олон улсын хөрөнгийн зах зээл дээр өөрийн бондоо 3-н удаа амжилттай гаргаж, улсынхаа нүүр царай болж байгаа Монгол улсын арилжааны ууган банк юм.
ХХБ анхны хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ үзүүлэгч компани TDB Capital-ийг байгуулснаар харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг бүрэн хангах, улсынхаа эдийн засгийн өсөлтөд оруулах өөрийн хувь нэмрээ улам бүр нэмэгдүүлэх, Монгол Улсын нэр хүндийг Олон улсын зах зээл дээр илүү тод томруунаар таниулах, Монголын олон компаниудад дэлхийн тавцанд хөл тавихад нь мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжуудыг нээж өглөө. Мөн TDB Capital компанид Та хувьцааны дансаа нээлгэснээр Монгол Улсын Засгийн Газраас иргэн бүрт эзэмшүүлсэн Эрдэнэс Тавантолгой компанийн 536 хувьцааг өөрийн дансанд шууд хүлээн авах боломжтой болж байна.