Мэдээ / May 05, 2011

Худалдаа, хөгжлийн банкны Иргэдийн банкны газрын захирал Б.Баярмаа: Монголд анх удаа ХХБ олон улсын Moneygram гуйвуулгын шимтгэлийг хамгийн хямд болголоо

Дэлхийн сая сая хүмүүст мөнгөө хурдан бас хямд шилжүүлэх боломжийг олгож, тив дэлхийн аль ч өнцөг булан бүрд мөнгийг нь саадгүй хүргэдэг Moneygram үйлчилгээг Монголчууд андахгүй мэддэг болжээ. Энэ удаад Moneygram байгууллага ХХБ-ны хүсэлт, олон удаагийн харилцан зөвшилцөл, уулзалтын үр дүнд зөвхөн Монголчуудад зориулан шимтгэлээ огцом бууруулжээ. Энэ талаар бид ХХБ-ны ИБГ-ын захирал Б.Баярмаатай ярилцлаа.

Юуны өмнө олон улсын мөнгөн гуйвуулгын Moneygram байгууллага зөвхөн Монгол улсад зориулан шимтгэлээ онцгой хямд болгосон талаар тодруулахыг хүсч байна?

Харилцагч олны хэзээний танил, найдвартай, шуурхай, хямд үйлчилгээтэй олон улсын мөнгөн гуйвуулгын MoneyGram үйлчилгээ нь мөнгө шилжүүлэх гүйлгээний үндсэн шимтгэлээ огцом бууруулсан онцлох мэдээг хүргэж байгаадаа таатай байна.

Манай банк анх 2000 онд MoneyGram байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүлж, Монгол улсад анх удаа хамгийн хямдаар тив дэлхий алгасан 10-хан минутад мөнгө шилжүүлэх гайхалтай боломжийг олгож байсан.

Энэ удаад ХХБ MoneyGram-аар үйлчлүүлдэг харилцагчиддаа бодит байдлаар урамшуулах зорилгоор MoneyGram байгууллагатай харилцан зөвшилцөж, нэлээдгүй цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулсны үр дүнд MoneyGram гуйвуулгын үйлчилгээний шимтгэлийг Монгол улс дахь олон улсын гуйвуулгын зах зээл дээр хамгийн хямд болгож чадлаа.

Жишээ болгоод хэлэхэд, өмнө нь 100 хүртэлх $-ыг 12 $-ын шимтгэлээр илгээдэг байсан бол одоо 8-хан $-оор, харин 500 хүртэлх $-ыг 30 $-ын шимтгэлээр илгээдэг байснаа 20 $ болтлоо буурч байгаа юм.

Энэ бол Монгол улсаас мөнгө илгээхэд мөрдөгдөх тариф бөгөөд MoneyGram үйлчилгээг хүргэдэг ХХБ, Эрэл банк, Капитрон банк, Улаанбаатар хотын банк зэрэг банкууд хамтран Монголд анх удаа ийнхүү харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээнд тулгуурлаж, эрэлт хэрэгцээнд нь бодитоор нийцсэн мөнгөн гуйвуулгын маш том давуу талыг буюу хамгийн хямдаар мөнгө гуйвуулах боломжийг эх орондоо, Монголчууддаа зориулж бий болгож чадсандаа туйлын баяртай байна.

Олон улсын мөнгөн гуйвуулгын олон төрлийн үйлчилгээ арилжааны банкуудад бий. Тэдгээрээс давж гарсан, MoneyGram-ийг сонгохоос аргагүй тийм давуу талуудыг нэрлээч гэвэл?

MoneyGram бол 70 гаруй жилийн түүх, арвин туршлагатай байгууллага. ХХБ-ны хувьд бүтээгдэхүүн үйлчилгээ бүрийг харилцагчиддаа дээд зэргийн сэтгэл ханамжтай хүргэх зорилгынхоо дагуу MoneyGram үйлчилгээг ч мөн адил шинэчлэх, дэвшилтэт бүтээгдэхүүн байлгахаар эрмэлздэг. Бусад өрсөлдөгч гуйвуулгын үйлчилгээнүүдээс ялгаатай, давуу тал нь манай харилцагчид MoneyGram-аар үйлчлүүлэхдээ баримт бөглөх шаардлагагүй, гадаадын улс орноос мөнгө хүлээн авахдаа зөвхөн ам.доллароор хязгаарлагдахгүй давхар евро валютыг хүлээн авах боломжтой байдаг. Одоо дээр нь нэмэгдээд MoneyGram үйлчилгээ хамгийн хямд болсон. Мөн Солонгос улсад ажиллаж, амьдарч буй Монголчууд 2000 хүртэл $-ыг ердөө 5 $-ын шимтгэлээр Монгол улс руу гуйвуулдаг. Хугацааны хувьд ердөө л 10 хүрэхгүй минутын дотор дэлхий даяар шүү дээ.

Технологийн хувьд Moneygram цоо шинэ шатанд гарсан талаар мэдээлэл цацагдаж байсан, энэ талаар тодруулвал, харилцагчдад ямар боломжуудыг тэрхүү технологийн шинэчлэл нээж өгсөн бэ?

Тиймээ, 2010 онд эхлүүлсэн энэхүү том ажил маань энэ онд бүрэн дуусгавар боллоо. Ингэснээр манай ажилтнууд олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын программ дээр ажиллахдаа гадаад хэл дээр бус харин төрөлх Монгол хэл дээрээ ажилладаг болсон нь үйлчилгээний чанарыг сайжруулж, харин харилцагчид баримт бөглөх шаардлагагүй болсон. Та зөвхөн бичиг баримттайгаа, шимтгэлийн болон илгээх мөнгөний хамт ирэхэд л болно. Таны баримт бөглөх ажлыг бид программчилж, харилцагч Таны өмнөөс гүйцэтгэж байгаа нь мөн л Монголдоо анхдагч болж чадсан. Төгсгөлд нь, олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын MoneyGram үйлчилгээгээр үйлчлүүлж, хилийн чанадаас гэр бүл, хайртай хүмүүс, хамаатан садан, найз нөхөд, бизнесийн хамтрагч нартаа мөнгө шилжүүлж, тэднээс мөнгө хүлээн авч, хөгжил дэвшилд хамтдаа явдаг Та бүхэнд талархал илэрхийлье.

Б.Мишээл


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт