Мэдээ / Dec 18, 2019

Худалдаа хөгжлийн банк нь Европ, Монголын хамтарсан худалдааны танхимд гишүүнээр элсэж хамтран ажиллана

 

2019 онд Монгол Улс болон Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд өнгөрсөн 11 дүгээр сард Европ, Монголын хамтарсан худалдааны танхим албан ёсоор Монголд нээлтээ хийлээ. Европ, Монголын хамтарсан худалдааны танхим нь дараах үндсэн 4 чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах юм. Үүнд:

 

1. Европын холбооноос Монгол улс руу хийгдэх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих;
2. Европын зах зээлийг Монголын бизнес эрхлэгч, хэрэглэгчдэд илүү ойртуулах:
3. Монгол улс болон  Европын хооронд бизнес хамтын ажиллагааны гүүр болох;
4. Гишүүддээ үнэ цэнэ авчрах зорилготой юм.

 

Танхимын зүгээс 2019 оны 12-р сарын 6-ны өдөр Их Британийн бизнесийн групп, Франц-Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоотой хамтран “Европын холбооны нэгдсэн зул сарын баярын үдэшлэг”-ийг Кемпински Хаан Палас зочид буудалд нийт гишүүн байгууллагуудаа урьж зохион байгууллаа.

 

Энэхүү үдэшлэгт Европын Холбоо, ХБНГУ, Франц Улс, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд нар Европ, Монголын аж ахуйн нэгж, олон улсын байгууллагууд болон Монголын засгийн газрын төлөөлөгчид зэрэг нийт 150 гаруй зочид үдэшлэгт оролцсон юм. Худалдаа хөгжлийн банкнаас Олон улсын байгууллагын харилцааны газрын захирал Б.Эрхэмбаяр болон банкны төлөөллүүд оролцлоо.

 

Үдэшлэгийг нээн Европын холбооны Монгол дахь элчин сайд Трайн Христеа болон Европын худалдааны танхим, бизнесийн холбоодын ерөнхийлөгч нар хамтран мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд энэхүү үдэшлэг нь бизнес болон нийгмийн харилцаа холбоог хөгжүүлэх зорилгоор 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй томоохон арга хэмжээний нэг юм.

 

Зул сарын баярын таатай уур амьсгалд гишүүн байгууллага бүрт бизнесийн шинэ харилцаа холбоо тогтоох, одоогийн харилцаа холбоо, түншлэлээ өргөжүүлэх, 2019 оны амжилт, сорилтуудаа дүгнэн ярилцах боломжийг бий болгосон үдэш байлаа. Европын Худалдааны танхим болон Худалдаа хөгжлийн банкны хамтын ажиллагаа нь Монгол, Европын бизнес, худалдаа эрхлэгчдийг холбох, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

 

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт