Мэдээ / Jun 21, 2010

ХХБ “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-г амжилттай эхлүүллээ

Монгол улсад “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-г нэвтрүүлэх туршилтын ажлыг Монголбанк, Худалдаа, хөгжлийн банк, Хаан банк хамтран хэрэгжүүлсний үр дүнд туршилтын үйл ажиллагаа амжилттай болж, улмаар бусад банкууд уг сүлжээнд нэгдэх бүрэн боломжтойг харууллаа. Энэхүү амжилтад тулгуурлан Монголбанк “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-г үндэсний хэмжээнд бий болгон, 2010 оны 6 дугаар сарын 16-нд нээлтийн ёслолыг зохион байгуулж, банк санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж буй юм.

“Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ” ийнхүү албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлснээр ХХБ, Хаан, болон ХХБ-ны гэрээт банк болох Капитал, Улаанбаатар хотын банк, Хадгаламж банкны төлбөрийн картууд бүгд нэг нэгнийхээ ПОС терминал дээр гүйлгээ хийх, АТМ-д үйлчлүүлэх боломжтой болж байгаа ба энэ нь карт эзэмшигчдийн эрх ашгийг хангахын зэрэгцээ арилжааны банк болон үйлчилгээний байгууллага, цаашлаад манай улсын эдийн засгийн хувьд томоохон ахиц дэвшил болж буй юм. Карт эзэмшигч өөрийн эзэмшиж буй картаараа аль ч банкны салбар, АТМ, үйлчилгээний байгууллагын ПОС терминал дээр үйлчлүүлэх, илүү өргөн хүрээнд бүх банкийг хамруулах ажил цаашид үргэлжлэх аж.

Худалдаа, хөгжлийн банк 1993 оноос эхлэн томоохон ресторан, зочид буудал, МИАТ, татваргүй барааны дэлгүүрүүдэд гадаадын олон улсын эрхтэй картыг төлбөрт хүлээн авах, гадны мөнгөн урсгалыг төлбөрийн картаар татах үйл явцыг Монгол улсад анхлан эхлүүлж байсан бөгөөд улмаар бэлэн бус төлбөр тооцоог эх орондоо түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн идэвхи санаачлагатай тэргүүлэн ажилласаар ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар ХХБ Монгол улсад картаар үйлчлэгч 1200 гаруй байгууллага, 60 АТМ-тай, дотоодын зах зээл дэх картын бэлэн бус төлбөр тооцооны 70 гаруй хувийг дангаараа гүйцэтгэдэг картын хамгийн том сүлжээтэй банк юм.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт