Мэдээ / Nov 04, 2019

ХХБанк Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багаа дэмжин ажиллахаар боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны үүсгэн байгуулагдсаны 60-н жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойтой давхцан Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа, хөгжлийн банк нь Монголын Хөлбөмбөгийн Холбоо болоод үндэсний шигшээ баг тамирчдаа дэмжин ажиллахаар болж өнөөдөр “3-н жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ”-г үзэглэлээ.

Тус хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны стандартын дагуу бүтээн байгуулагдаж буй хөлбөмбөгийн талбайн орчны тохижилт болоод Үндэсний шигшээ баг тамирчдын бэлтгэл сургуулилт, олон улсын тэмцээн уралдаанд оролцоход шаардлагатай хувцас хэрэглэлүүдэд зориулан Нэг тэрбум төгрөгийн  ивээн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо.

Яармагт баригдаж буй олон улсын стандартыг хангасан хөлбөмбөгийн талбай нь манай улсад баригдсан хамгийн том хэмжээтэй буюу 73 харьцах 115 метрийн талбайтай гэдгээрээ онцлогтой юм. Монгол Улсын Үндэсний шигшээ багийн хувьд амжилт нь жил ирэх тусам өсөж байна.  Өнөөдрийн байдлаар Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны 2 дахь сунгаанд анх удаа шалгарч, анхны гоол цаашлаад анхны хожлоо авсан нь үүнийг бэлхэн харуулж хөлбөмбөг сонирхогчдыг баярлуулсан. Үндэсний шигшээ баг Мьянмар улсын эсрэг 11-р сарын 19-ний өдөр энэ шатны ээлжит тоглолтоо хийнэ. Энэ тоглолтын бэлтгэл болгож тэд тун удахгүй Камбож улсыг зорих гэж байна.

Аливаа спортод тамирчдын бэлтгэл сургуулилт, сэтгэл зүй, хүч хөдөлмөрөөс гадна Үндэсний компаниудын дэмжлэг туслалцаа, үнэнч хөгжөөн дэмжигчид хамгийн чухал байдаг. Сүүлийн жилүүдэд манай улсад хөлбөмбөгийн спортын хөгжил хурдасч, Үндэсний шигшээ багийн үзүүлэх амжилтууд, чансаа нь жил ирэх тусам сайжирсаар байна. Мөн цаашид ч Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргах Үндэсний шигшээ багийнхаа амжилтыг бататган ахиулахын төлөө тоглолтын өмнөх бэлтгэл, сургуулилт болон тэмцээн уралдаануудад ХХБанк шигшээ баг тамирчдаа дэмжин, хамтран ажилласаар байх болно.


Хүн төрөлхтний агуу гайхамшиг болсон хөлбөмбөгийн спортоор эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй Монголынхоо тамирчдыг, үнэнч хөгжөөн дэмжигч Та, бид бүгдээрээ нэгдэж сэтгэл зүрхээрээ дэмжицгээе.


Багийн спортыг дэмжигч,
Худалдаа, хөгжлийн банк


2019.11.01


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт