Мэдээ / Oct 25, 2019

Хандлагаа өөрчилье Хуримтлалаа өсгөе

“Хорин нэгдүгээр зууны холын аянд хос мэргэжил, хоёроос дээш хэлтэй байж, хоёр зуун саяыг хуримтлуулан, урт хугацааны хуримтлалыг дадал болгож хожмоо бахдан дурсагдахаар амьдарцгаая” хэмээн Монголбанкнаас гаргасан уриаг иш татлаа.

 

 

Хуримтлалын туршлага ба бусад улс орон

Манай улсын урд хөрш болох Хятад улсын жилийн дундаж цалингийн хэмжээ нь 9.4 мянган ам.доллар буюу дэлхийд 47-т жагсдаг хэдий ч өрхийн хуримтлалын төвшнөөр тэргүүн эгнээнд жагсдаг байна. 2017 оны байдлаар Хятад улсын айл өрх орлогынхоо 36.1%-ийг хадгалдаг гэж “Organisation for economic co-operation development” ийн тайланд дурджээ. Энэ нь Дэлхийн улс орнуудаас хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа ба удаах байранд Швейцар улсын иргэд орлогынхоо 18.7%-ийг нь хадгалдаг гэжээ. Харин тэдний дундаж цалин нь 83.5 мянган ам.доллар буюу орлогын төвшнөөр 4-т жагсдаг ба хуримтлалаараа ч мөн тэргүүлж байгааг дурдсан.

Америк улсын иргэдийн дундаж цалин нь 62.9 мянган ам.доллар хэмээн https://www.worlddata.info/ сайтад дурдсан ба орлогынхоо 6.9%-ийг л хадгалдаг байна.

Дэлхийн бусад улс орон ч урд хөршөөс хуримтлах дадлыг нь суралцаж, жишээ татан уриалж байдаг билээ. Бид ч бусад улсын жишгээс суралцан хуримтлалаа өсгөн, санхүүгийн сахилга батаа дархлаатай болгох хэрэгцээ гарч байна.

 

Бидний туршлага ба зарлагын өсөлт

Монголчуудын орлого өсөхөд хуримтлал нь өсөхгүй, зарлага нь дагаад өсдөгийг Үндэсний статистикаас харж болно. 2018 оны байдлаар нэг өрхийн сарын дундаж орлого 1,181 сая төгрөг, зарлага 1,240 сая төгрөг буюу орлогоосоо давсан үзүүлэлттэй байсаар байна. Бид зайлшгүй бус зарлагаасаа танах боломжийг байнга эрэлхийлэх хэрэгтэй гэдгийг энэ үзүүлэлт харуулж байна.

Мэдээж хэрэгцээнээс давсан хэрэглээ эрсдэл дагуулан, санхүүгийн дарамт бий болгоно гэдгийг бид мэддэг. Гэнэтийн шаардлага, хэрэглээ гарч ирэхэд хуримтлалын нөөцтэй байх нь иргэн бүрийн хувьд санхүүгийн дарамт үүсгэхгүй байж тайван амьдралын эхлэл болох боломжтой.

 

Төсвөө хуваарилах арга буюу 50/20/30-ийн дүрэм

Хэрэв Та хуримтлалаа анх удаа эхлэх гэж байгаа бол 50/20/30-ийн дүрэм ашиглаж болно. Энэхүү арга АНУ-ын Сенатор асан Elizabeth warren-ийн бичсэн “All Your Worth: The Ultimate Lifetime Money Plan” номд гардаг энгийн төсвийн дүрэм юм.

Та өөрийн татварын дараах орлогоосоо хэрэгцээнд 50%, дуртай зүйлдээ 30%, хуримтлалдаа 20% гэж гурван үндсэн хэсэгт хуваан зарцуулалтаа төлөвлөх юм.

Таны заавал төлөх зээл, байрны төлбөр, утасны төлбөр, хоол хүнсний зардал гэх мэт зардалд орлогынхоо 50%-ийг, шаардлагатай зардлаас бусад тогтмол бус зардлыг 30% гэж тооцон, үүнээс хэтрүүлэхгүй зарцуулж, 20%-ийг ирээдүйн хэрэгцээндээ зориулан хуримтлуулах нь зохистой төлөвлөгөө байх боломжтой. Мөн санхүүгийн мэргэжилтнүүд 15%-ийг хадгалбал зохистой хэмээн зөвлөдөг.

Монголчуудын дундаж цалингаар тооцоод өрх айл 15%-ийг хадгална гэж үзвэл сард хамгийн багадаа 110 мянган төгрөгийг хуримтлалдаа хийх боломжтой байна. Хуримтлал нь хувь хүн бүрийг санхүүгийн сахилга батад сургаж, цаашлаад улс орны суурь эдийн засгийн дархлааг бий болгоход чухал ач холбогдолтой.

Тиймээс хуримтлалаа хувь хүн бүр эхлүүлэн, өөрийн болоод улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах хариуцлагатай иргэн байж, ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨН, ХУРИМТЛАЛАА ӨСГӨӨРЭЙ.

 

Хуримтлалтай Монгол мөрөөдөл

Худалдаа, хөгжлийн банк


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт