Мэдээ / May 17, 2010

Худалдаа хөгжлийн банк Монгол улсын Картын төлбөр тооцооны нэгдсэн сүлжээг эхлүүлэхээр боллоо

Худалдаа, хөгжлийн банк өнгөрсөн жилээс эхлэн Монголбанкны банк хоорондын картын төлбөр тооцооны нэгдсэн сүлжээг нэвтрүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллаж, бэлтгэл ажлуудыг хангасны үндсэн дээр 2010 оны 6-р сарын 16-ны өдрөөс Картын төлбөр тооцооны нэгдсэн сүлжээгээр дамжуулан картын төлбөр тооцоог хийхээр харилцан ойлголцлын санамж бичигт Монгол банк болон Хаан банкны хамт гарын үсэг зурлаа.

Энэхүү үйл ажиллагаа эхэлснээр ХХБ, Хаан, болон ХХБ-ны гэрээт банк болох Капитал, Улаанбаатар хотын банк, Хадгаламж банкны төлбөрийн картууд бүгд нэг нэгнийхээ ПОС терминал дээр гүйлгээ хийх боломжтой болж байгаа ба энэ нь карт эзэмшигчдийн эрх ашгийг хангахын зэрэгцээ арилжааны банк болон үйлчилгээний байгууллага цаашлаад манай улсын эдийн засгийн хувьд томоохон ахиц дэвшил болж буй юм.

Учир нь карт эзэмшигчдийн хувьд зөвхөн карт авсан банкныхаа картын сүлжээний хүрээнд үйлчлүүлэх баригдмал байдал үгүй болох төдийгүй арилжааны банкууд бүгд зөвхөн өөр өөрийн сүлжээгээр картыг төлбөрт хүлээн авдаг илүү зардлаа хэмнэх ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл карт эзэмшигч өөрийн эзэмшиж буй картаараа аль ч банкны салбар, АТМ, үйлчилгээний байгууллагын ПОС терминал дээр үйлчлүүлэх боломж нээгдэх юм.

Худалдаа, хөгжлийн банк 1993 оноос эхлэн томоохон ресторан, зочид буудал, МИАТ, татваргүй барааны дэлгүүрүүдэд гадаадын олон улсын эрхтэй картыг төлбөрт хүлээн авах, гадны мөнгөн урсгалыг төлбөрийн картаар татах үйл явцыг Монгол улсад анхлан эхлүүлж байсан бөгөөд улмаар бэлэн бус төлбөр тооцоог эх орондоо түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн идэвхи санаачлагатай тэргүүлэн ажилласаар ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар ХХБ Монгол улсад картаар үйлчлэгч 1200 гаруй байгууллага, 60 АТМ-тай, дотоодын зах зээл дэх картын бэлэн бус төлбөр тооцооны 70 орчим хувийг дангаараа гүйцэтгэдэг картын хамгийн том сүлжээтэй банк юм.

Хөгжил дэвшилд хамтдаа


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих