Мэдээ / Jun 10, 2019

Зээлийн хүү бага байх нь банкинд ч ашигтай

Бид валютын урсгалыг зохицуулсан цагт зээлийн хүүг бууруулна

Монголын Улс төрийн орчинд байсхийгээд сөхөгддөг, ялангуяа, сонгууль ойртох тусам улам ширүүсдэг зээлийн хүү тойрсон санал шүүмжлэл дахин хөндөгдөж эхэллээ. Нийгмийн зарим хэсэг макро эдийн засгийн “барометр” болдог зээлийн хүүг хүчээр буулгаж, зах зээлийн халууны шилийг шууд хагалснаар санхүүжилтийн өртгийг багасгана гэж үзэж байна. Тэгвэл Монголын нийгэмд маргаан дагуулаад буй энэ сэдвээр ул суурьтай хариулт авахаар Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээтэй ярилцлаа.


-Банкууд их ашиг олохын тулд зээлийн хүүг өндөрт хадгалж байна гэж нийгмийн зарим хэсэг үздэг. Монголын банкууд үнэхээр өндөр ашигтай ажиллаад байна уу?


-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос зээлийн хүү хэт өндөр байсан. Төв банк, төр засаг, арилжааны банкууд сүүлийн 30 орчим жил хамтран зээлийн хүүг бууруулсаар өнөөгийн түвшинд хүргээд буй нь энэ. Гэхдээ зээлийн хүү одоо хоёр оронтой тоонд хэмжигдэж байгаа нь дэлхийн бусад улстай харьцуулахад өндөр түвшин. Үүнийг бууруулах боломж одоогоор хомс байгаа ч бүр боломжгүй зүйл биш. Үүнийг төр засаг, төв банк гардан хариуцаж, тууштай бодлого хэрэгжүүлэн шийдэж болно.


Нөгөө талаас, зээлийн хүү өндөр байгаа нь банкны ашигт ажиллагаатай холбоотой гэж зарим хүн үздэг. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар арилжааны 14 банк нийт 96.8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байхад зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 807.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа танилцуулж байна.


Мөн 2017 онд ч арилжааны 14 банк нийлээд 241 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол ганцхан “Эрдэнэс Тавантолгой” үүнээс хэд дахин их ашиг олсон байх жишээтэй.


-Гэтэл арилжааны банкуудыг буруутган, чичлэх хандлага ажиглагддаг. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?


-Зээлийн хүү өндөр буйн учир шалтгааныг ул суурьтай авч үзэн, олон улсын жишиг, шинжлэх ухааны үндэслэлтэй судлахгүйгээр шууд л банкуудыг буруутгаж байна. Өнөөгийн нийгэмд арилжааны банкуудыг дөрвөн хүчин зүйлээр буруутгадаг. Нэгдүгээрт, банкууд өндөр ашигтай ажилладаг. Хоёрдугаарт, шулаач мөлжигч гэдэг. Арилжааны банкууд олны хөдөлмөрийг шулан амьдардаг, бусдыг ёс бусаар хохироосон, ашиг олдог байгууллага гэж ойлгогдоод байгаа.


Гуравдугаарт, луйварчин буюу бусдын юмыг мэхлэн авагч хэмээн чичилж байна. Уг нь иргэд, аж ахуйн нэгжүүд өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд банкуудад албан ёсоор хүсэлт тавьж зээл авдаг. Дөрөвдүгээрт, мөнгө хүүлэгч буюу мөнгө болон эд зүйлийг бусдад өндөр хүүтэй зээлүүлж, дундаас нь ашиг олдог гэж шүүмжилдэг.


Хүн төрөлхтний түүхэнд арилжааны банк XIV зуунд үүссэн бол манайд анх 1990 оноос арилжааны банкны гараа эхэлсэн түүхтэй. Банкны систем аль 1668 онд швед улсад төв банк, арилжааны банк гэсэн хоёр шатлалтай тогтолцоо руу шилжиж байхад бид 17 дугаар зуунд банкны талаар ямар ч ойлголтгүй, мөнгө зээлийн систем ч байхгүй, манжийн дарлалын эсрэг тэмцэж байсан үе.


Шигтгээ: Арилжааны банк гэж юу вэ? Иргэд байгууллагаас харилцах хадгаламж хэлбэрээр эх үүсвэр татаж, уг санхүүжилтээрээ зээл олгож, харилцагчийн төлбөр тооцоог гүйцэтгэх гэх мэт санхүүгийн үйлчилгээ үзүүлж, хүүгийн зөрүүнээс ашиг олдог санхүүгийн зуучлалын байгууллага. Компанийн тухай хуулиар банк бол ашгийн төлөө байгууллага мөн.


Зээлийн хүү дөрвөн хүчин зүйлээс хамаардаг


-Тэгвэл зээлийн хүү яагаад өндөр байна вэ. арилжааны банкууд зээлийн хүүг хэрхэн тогтоодог вэ?


-Арилжааны банкны зээлийн хүү дөрвөн хүчин зүйлээс хамаардаг. Нэгдүгээрт, хүүгийн зардлаа тооцдог. Үүнд хадгаламж эзэмшигчдэд тооцож буй хүүгийн зардлаас гадна харилцагчид тооцож буй хүүгийн зардал багтана. Мөн арилжааны банкууд дулаан, цахилгааны мөнгө, тоног төхөөрөмж, түрээс, цалин зэрэг үйл ажиллагааны зардлаа нэмнэ. Үүнээс гадна, эрсдэлийн нэмэгдэл гэж бий. Зээл авсан иргэн зээлээ бүрэн төлөхгүй байх явдал тохиолддог. Тиймээс арилжааны банк эрсдэлийн сан байгуулдаг. Эцэст нь, цэвэр ашгийг нэмснээр зээлийн хүү тогтдог учиртай.


Одоогоос 30 орчим жилийн өмнө буюу 1990-ээд оны эхээр инфляц 300 гаруй хувь, зээлийн сарын хүү 10 гаруй хувьтай байсан. Үүнийг бууруулах талаар банкууд л өөрсдөө ажилласаар 1998 онд төгрөгийн зээлийн хүү жилийн 45.8, валютын зээлийн хүү 34.2 хувьтай болж байсныг хэдхэн цаас сөхөөд харж болно. Энэ үед хууль гараагүй, төр ч дэмжээгүй, банкуудыг ч шахаагүй. Харин банкууд өөрсдөө л хүүгээ бууруулсаар өнөөгийн буюу 2019 оны эхний улирлын байдлаар төгрөгийн зээлийн хүү жилийн 17.1, валютынх 10.3 хувьтай байгааг төв банкны тайлангаас харж болно.


2008 оноос валютын хадгаламжийн статистикийг тооцож эхлэхэд төгрөгийн хадгаламжийн хүү жилийн 13.6, валютын хадгаламжийнх 7.4 хувьтай байсан. 2019 оны гуравдугаар сарын 31 -ний байдлаар төгрөгийн хадгаламжийн хүү 13.5, валютынх 4.2 хувьд хүрээд байна. Эдгээрээс харилцах хадгаламж эзэмшигчдэдээ төлдөг хүү нь банкуудын нийт зардлын 60 орчим хувийг бүрдүүлдэг, хамгийн том зардал юм. тухайлбал, харилцах дансанд худалдаа, хөгжлийн банк гурван хувийн хүү төлдөг.


Шигтгээ: Зээл гэж юу вэ? Санхүүгийн байгууллага, хувь хүнээс өөрийн хувийн хэрэгцээ, бизнесийн үйл ажиллагаандаа шаардлагатай санхүүжилтийг тодорхой хугацаанд, хүүтэй, эргүүлж төлөх нөхцөлтэй авахыг зээл гэнэ. Зээлийн хүү гэдэг нь нэг төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний үнийг илэрхийлдэг.


Зээлийн хүү нь нэг улс, нийт иргэдэд хамаатай нийтлэг үзүүлэлт бөгөөд аль нэг улстөрч, эсвэл намын зээлийн хүү гэж байхгүй. Тухайлбал, МАН-ын зээлийн хүү, АН-ын зээлийн хүү гэж үгүй.


-Санхүүгийн систем хөрөнгийн зах зээл, даатгал, банк гэсэн гурван тулгууртай ч сүүлийн 30 орчим жил ачааны хүндийг зөвхөн Монголын арилжааны банкууд үүрч ирлээ. Арилжааны банкуудын зээлийн хүүг зах зээлийн бусад оролцогчтой харьцуулахад ямар дүр зураг ажиглагдаж байна вэ?


-Монгол Улсад таван субьект зээл олгох эрхтэй. Иргэний хуулиар иргэд хоорондоо зээл олгож болно. Харин байгууллагын түвшинд арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллага, ломбард зээлийн үйлчилгээ үзүүлж болно.


Эдгээр байгууллагын зээлийн хүүг харьцуулъя. арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 17.1 хувьтай байгааг ярилцлагын эхэнд өгүүлсэн.


Төрөөс дөрвөн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлчихвэл зээлийн хүү буурна


Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны тайлангаар 2018 оны эцсийн байдлаар хадгаламж зээлийн хоршооны зээлийн дундаж хүү жилийн 34.8, банк бус санхүүгийн байгууллагынх 38.4, ломбардынх 42 хувьтай байна.


Албан мэдээлэлд үндэслэн тооцоход санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг дөрвөн байгууллагын зээлийн хүүгийн жигнэсэн дундаж 33.07 хувьтай тэнцэж байна. Харин арилжааны банкийг хасаж, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, ломбардын зээлийн хүүг жигнэн тооцоход дундаж нь 38.4 хувьд хүрч байгаа юм.


Арилжааны банкийг нэмж тооцвол санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн дундаж хүүгийн түвшин хавьгүй буурч байгаа биз. Зээл олгодог таван субъектээс хамгийн бага хүүг “муу нэртэй, луу данстай” банкууд санал болгож байна.


Дэлхийн банкны 2017 оны тайлангаар зээлийн хүүгийн хамгийн өндөр түвшнээр мадагаскар улс нэгдүгээрт бичигджээ. Тус улсын зээлийн хүү одоогоос хоёр жилийн өмнө 60 хувьд хүрсэн бол 46.92 хувийн хүүтэй Бразил улс хоёрдугаарт жагссан байна. Харин Монгол Улс (20.01 хувь) зээлийн хүүгийн түвшнээрээ аравдугаарт, татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу хадгаламжид төлж буй хүүгийн түвшнээрээ дэлхийд долоодугаарт жагссан байдаг.


Монголын банкуудын өгөөжийн түвшин олон улсынхаас бага


-Монголын банкны салбарын өгөөж, үр ашиг бусад улстай харьцуулахад аль түвшинд байна вэ?


-Зээлийн хүүгийн түвшинг банкуудын ашигтай холбодог. Монголын банкууд үнэхээр их хэмжээний ашиг олоод байна уу гэдгийг бусад орны банкуудтай харьцуулахад ашигт ажиллагаа нь хэр байгааг тооцоо судалгаа, баримттай ярих нь зөв байх. Дэлхий даяар банкуудын ашигт ажиллагааг ROE буюу өөрийн хөрөнгийн өгөөж, ROA буюу активын өгөөжөөр хэмждэг.


Эхлээд дэлхийн топ зургаан банкны ашигт ажиллагааг харцгаая. Өөрийн хөрөнгийн өгөөжөөр Хятадын Construction Bank Сorporation банк 14.76 хувиар тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл, өөрийн хөрөнгийн өгөөжөөр толгой цохиж буй том банкны өгөөжийн түвшин 15 хувьд ч хүрэхгүй байгаа биз. Харин хамгийн бага нь японы Mitsubushi банк 8.43 хувьтай байна.


Гэтэл уул уурхайн компаниудын өөрийн хөрөнгийн өгөөжийн түвшин 35 хувиас багасдаггүй бөгөөд дунджаар 60-70 хувийн өгөөжтэй ажилладаг. Харин топ банкуудын активын өгөөжийн үзүүлэлтээр АНУ-ын JP Morgan Chase банк 1.15 хувиар тэргүүлж буй бол японы Mitsubushi банкных 0.43 хувьтай байгаа нь бага хувьд тооцогдож байна. Тэгвэл Монгол Улстай хөгжлийн түвшин ойролцоо гэгдэж буй улсуудын банкны үзүүлэлтийг харьцуулахад активын өгөөжөөр хамгийн өндөр нь 2.80 хувьтай Беларусын Alfa банк бол хамгийн бага нь Коста рикагийн Banco de Costa Rica банк 0.34 хувьтай байна. Харин өөрийн хөрөнгийн өгөөжөөр Vietcom Bank 22.92 хувиар дээгүүрт бичигдэж буй бол Коста рикагийн Banco de Costa Rica банк 3.29 хувиар сүүл мушгиж байна.


Монголын томоохон компаниудыг аваад үзэхэд “Тавантолгой” компани активын өгөөж хамгийн өндөр буюу 33.38 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж нь 58.9 хувьтай байна. Гэтэл монголын банкны салбарын өгөөж үүнээс хэд дахин бага. Тухайлбал, худалдаа, хөгжлийн банкны активын өгөөж 0.27 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж нь 2.11 хувьтай байгаа. Тэгэхээр монголын банкууд их ашиг олж, бусдыг шулдаг гэдэг нь худлаа болж таарч байна.


Хэр хэмжээний мөнгө эргэлдүүлж нэг төгрөгийн ашиг олсноор нь банкны салбарыг дүгнэдэг. Монголын банкууд 2018 онд 33.1 их наяд төгрөг эдийн засагт эргэлдүүлээд 96 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. 2017 онд арилжааны 14 банк 28.7 их наяд төгрөг эргэлдүүлээд 241.9 тэрбум төгрөгийн (ам. долларт шилжүүлбэл, 109 сая ам.доллар) ашигтай ажилласан байна.


2006-2017 онд Монгол Улсын банкны системийн өөрийн хөрөнгийн өгөөж 7.9 хувьтай байхад манай улстай орлогын түвшин ижил гэгддэг орнуудынх 14.6 хувьтай байгаа юм. Тэгэхээр монголын банкуудын өгөөжийн түвшин олон улстай харьцуулахад бараг хоёр дахин бага. Өөрөөр хэлбэл, банкны эзэн өөрийн хөрөнгөөрөө банк ажиллуулаад 7.9 хувийн өгөөж хүртэхийн оронд мөнгөө хадгаламж болгосон бол дунджаар 13.5 хувийн өгөөж хүртэнэ гэсэн үг.


Шигтгээ: Активын өгөөжийгтооцохдоо цэвэр ашгийг нийт активд хуваадаг. харин цэвэр ашгийг нийт өөрийн хөрөнгөд хувааснаар өөрийн хөрөнгийн өгөөжийг тооцдог.


-Өр зээлийг үгүйсгэх, өрхийн өрийн дарамт нэмэгдэж буйд арилжааны банкуудыг буруутгах хандлага зарим улстөрчөөс цухалзаж байна. Та үүнтэй санал нийлэх үү?


-Зээл хүн төрөлхтнийг хөгжил дэвшилд хөтөлсөөр ирсэн. АНУ-ын автомашины агуу зохион бүтээгч Генри Форд зохион бүтээсэн автомашинаа цөөхөн хэдэн баян хөрөнгөтөнд борлуулж байсныг нь JP Morgan тэргүүтэй банк санхүүжүүлсний үр дүнд автомашиныг бүх хүн унаж болох тээврийн хэрэгсэл болсон. Цаад агуулгаараа банк дэмжиж, үүнийг банкирууд хийсэн.


Өнөөдөр сэтгэгч, зохион бүтээгчдийн санааг нэвтрүүлсэн гар утас, хөргөгч, компьютер, зурагт  зэрэг бүтээгдэхүүн нийтийн хэрэглээ болсон. Энэ бүхнийг хэн санхүүжүүлсэн вэ? Банк болон банкирууд шүү дээ. Банкирууд залхуу, худал ярьдаг хүмүүст биш, хөдөлмөрч, үнэнч, авьяаслаг хүмүүсийг дэмжиж, орлого, эрсдэлийг нь тооцсоны үндсэн дээр санхүүжилт олгодог. Ингэснээр хөгжил, дэвшил, ахиц бий болдог. Үүнийг эдийн засгийн өсөлт гэж бид нэрлээд байгаа юм. Хүн төрөлхтөнд, дэлхий нийтэд өгч буй банкны өгөөж маш өндөр. Нийгмийг хувьсан өөрчлөгдөхөд нөлөөлдөг эдийн засгийн гол судас гэж хэлж болно.


Тухайлбал, худалдаа, хөгжлийн банкны зээлээр “Говь” компани, “Монос” групп, “Могол” ноос, “Оргио” тахиа, “Оргих” ургамлын тос, “Шар доктор”, “Янмал” оймсны үйлдвэр гээд дурдаад байвал олон дотоодын баялаг бүтээгчийг санхүүжүүлсэн. Одоо эдгээр бизнес эрхлэгчид баялаг бүтээж, олон мянган ажлын байр бий болгож, төсөвт татвараа төлж байна.


Монгол улсад хүнд аж үйлдвэр буюу суурь аж үйлдвэрийг хөгжүүлэх нь хамгаас чухал!!!


-Зээлийн хүүг бууруулахын тулд юу хийх ёстой вэ. Монголын санхүүгийн системийн ноён нуруу болох банкны салбарт олон жил ажиллаж буй хүний хувьд Танд ямар санал байна вэ?


-Миний бие, төрөөс зээлийн хүүг бууруулах талаар дөрвөн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлчихвэл хүүг бууруулах бүрэн боломжтой гэж үздэг. Зээлийн хүүг буулгахаар хүч түрэмгийлсэн, түр зуурын арга хэмжээ авахаас илүү илүү прагматик, нухацтай, ул суурьтай авч үзэхийг чухалчлах хэрэгтэй. Санхүүжилтийн өртөг болох зээлийн хүүг бууруулахын тулд эхлээд монгол төгрөгийн үнэ цэнийн талаар ярихаас өөр аргагүй. Тэгвэл валютын ханшийг гадаадын валютын албан нөөц тодорхойлж байна.


Валютын орох, гарах урсгалын тэнцвэр алдагдсанаас ам.долларын ханш өсөөд байна. иймд монгол улсад валютын ханшийн тогтвортой байдал болон валютын орох, гарах урсгалын тэнцвэртэй тогтолцоог бий болгоход анхаарах шаардлагатай.


Зээлийн хүү өндөр байгаа нь бодлогын хүү, инфляциас илүү ам.долларын эсрэг төгрөгийн дархлаатай холбоотой. Монгол Улс 1993 оноос төгрөг, ам.долларын хослолыг тооцож эхэлсэн. Тухайн үед нэг ам.доллар 396.51 төгрөгтэй тэнцэж байжээ. Харин 1994 онд нэг ам.доллар 414.09 төгрөг, 1999 онд 1072.37 төгрөг болтлоо өссөн. 2015 онд “ногоон”-ы ханшийн эсрэг төгрөг 1995.51, 2016 онд 2489.53 нэгжид хүрсэн бол 2019 оны гуравдугар сарын 31-ний байдлаар нэг ам.доллар 2631.51 төгрөгтэй тэнцэж байна. Гэтэл социализмын үед буюу 1989 онд нэг ам.доллар тогтмол ханштай буюу ердөө хоёр төгрөг 99 мөнгө байлаа. Монгол Улс тухайн үед өнөөгийнх шиг их хэмжээний бараа, үйлчилгээ импортолдоггүй, социалист орнуудтай шилжих рублиэр худалдаа арилжаа хийж, тайлан баланс гаргадаг байлаа. Үүнээс үзэхэд, сүүлийн 30 орчим жилийн турш монгол улс тасралтгүй төгрөгийн ханшийг гадаад валютын эсрэг алдсаар ирсэн.

Шигтгээ: Гадаад валютын албан нөөц гэж юу вэ? тухайн улсын төв банкны балансад бүртгэлтэй, гадаад валютаар хадгалж байгаа хөрөнгийг хэлнэ.


-Тэгвэл Монгол улсын санхүүгийн тогтвортой байдал ганхахад хүргэж буй гадаад валютын нөөцийг дотооддоо хадгалахын тулд юу хийх хэрэгтэй вэ?


-Төв банк болон холбогдох байгууллагын тайлан мэдээллээс харахад Монгол Улс 2016 онд1.3 тэрбум ам.долларын валютын нөөцтэй атлаа гурван тэрбум ам.долларын импорт хийсэн байна.


2017 онд 3.1 тэрбум ам.долларын валютын нөөцтэй манай улс дөрвөн тэрбум гаруй ам.долларын бараа бүтээгдэхүүнийг хилийн чанадаас худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл, алдагдал байнга хүлээж, дараа жилийнхээ нөөцийг түрүүлээд “идэж” ирсэн гэсэн үг.


Монгол Улс валютын орох, гарах урсгалд тасралтгүй алдагдал хүлээсээр ирсэн нь ам.доллар ховордож, төгрөг үнэгүйдэх шалтгаан болж буй. Бид жилд 3-3.6 тэрбум ам.доллар буюу монголбанкны дансан дахь валютын албан нөөцийг бүгдийг нь импортын бараа бүтээгдэхүүн  худалдан авахад зарцуулж байна. Бид валютын орох, гарах урсгалыг хянаж зохицуулсан цагт зээлийн хүүг жинхэнэ утгаар нь бууруулж чадна.


-Монгол улс бүтээгч, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэгч орон болохгүйгээр үүнийг шийдэх боломжгүй гэсэн үг үү?


-Яг тийм. Үүний тулд хүнд аж үйлдвэр буюу суурь аж үйлдвэрийг хөгжүүлэх нь хамгаас чухал. Хилийн чанад руу урсаж буй ам.долларыг дотооддоо үлдээхэд нэгдүгээрт, цахилгаан станц барьж, цахилгаанаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах хэрэгтэй байна. Одоогоор Монгол Улс өмнөд болон хойд хөршөөсөө цахилгаан эрчим хүч худалдан авч, их хэмжээний валютын урсгалыг гадаадад алдаж байна. Ялангуяа, уул уурхайн “Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг томоохон компаниуд БНХАУ-аас импортолсон цахилгаан эрчим хүчээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нүүрсний нөөцөөр бүс нутагтаа дээгүүрт бичигддэг, нар, салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр баялаг Монгол Улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Ингэснээр цахилгаан худалдан авахад зарцуулдаг ам.доллар дотооддоо шингэнэ.


Хоёрдугаарт, газрын тосны нөөцтэй цөөн орны нэг болох манай улс нефтиэ өөрсдөө бушуухан нэрдэг болмоор байна. Одоо бол шатах тослох бүтээгдэхүүнээ 100 хувь гадаадаас авдаг, шатахуунаас хараат, нэг ёсондоо колони улс болчихоод байгаа нь үнэн. Бид түлш, шатахуунд жилд 1.5 тэрбум гаруй ам.доллар алддаг. Иймд, энэ ажлыг цаг алдалгүй түргэвчлэх учиртай.


Мөн шил, шилэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нь зүйтэй. Шилний үйлдвэргүй учраас зөвхөн архи, пивоны шил импортлоход бид жилд 200 гаруй сая ам.доллар зарцуулдаг. Гэтэл шилний хэрэгцээ ингээд дуусахгүй бөгөөд хотын төвд сүндэрлэж буй өндөр шилэн барилгуудын гадна, дотор фасадаас эхлээд цонхны шил, шилэн эдлэл гээд энэ төрлийн бүтээгдэхүүнд хэдий хэмжээний валют гадаад руу урсаж байгаа бол. Гэтэл манайд шилний түүхий эд болох цахиурын нөөц бий шүү дээ.


Дээрээс нь, Зэс боловсруулах үйлдвэр. Энэтхэгийн шинэ дэлигийн баячуудын хороололд цэвэр болон бохир усны хоолойг зэсээр хийж байна. Зэс зэвэрдэггүй, тэр бүр эвдэрч гэмтдэггүй.


Өдгөө түүхийгээр нь импортолж буй зэсийн баяжмалыг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон экспортын орлогыг өсгөснөөр валютын нөөцийг ихэсгэнэ. Түүнчлэн, дээд зэргийн ган хайлах үйлдвэр бидэнд мөн л хэрэгтэй. Монгол шиг жижиг зах зээлд хүнд аж үйлдвэр зохимжгүй гэж зарим эдийн засагч хэлдэг. Энэ бол хоцрогдсон ойлголт. Ган хайлах бага чадлын үйлдвэр байгуулаад ашигтай ажиллуулж болно. АНУ-д “Нукор” нэртэй ийм гангийн жижиг үйлдвэрийн сүлжээ бий. Өнөөдөр бид төмөрлөгийн үйлдвэртэй бөгөөд арматур төдийхөн л хийж байгаа.


Монголын валютын нөөцийг хилийн чанад руу урсгадаг импортын бүтээгдэхүүнийг орлох энэ таван үйлдвэрийг эх орондоо байгуулсан цагт төгрөгийн ханшийг хамгаалж, бас чангаруулж чадна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд аж үйлдвэрийн яам тусад нь байгуулах нь зүйтэй. Үүнээс гадна “хос төмөр зам” барих хэрэгтэй. Сүхбаатараас Замын-Үүд хүртэл хос төмөр зам барихаас гадна уул уурхайн түүхий эд зөөх “экспортын төмөр зам” тавих шаардлагатай. Автомашинаар нүүрс, төмрийн хүдэр зөөхөд өртөг өндөртэй. Энэ төмөр замыг нарийн, бүдүүн цариг гэж маргахын оронд экспортын төмөр зам гэж эергээр нэрлээд барьж болно.


Миний сая дурдсан эдгээр арга зам, ажил бол макро түвшний буюу төрийн оролцоо үнэхээр шаардсан ажил. Төр бодлогоо гарган, хувийн хэвшил хамтран ажиллавал зээлийн хүүг гарцаагүй нэг оронтой тоо руу оруулж чадах юм.


-Макро түвшний ийм арга хэмжээнээс гадна банкны систем дотроо зээлийн хүүг бууруулах боломж бий юу?

-Банкны систем гар доороо зохицуулж болох хэд хэдэн арга зам бий.


Нэгдүгээрт, монголд 730-аад хууль хэрэгжиж буйн 55 нь банкны салбартай холбоотой зүйл заалт агуулсан байдаг. Эдгээр хуулийн цөөнгүй нь банкны өртөг зардлыг нэмэгдүүлсэн зүйл заалтыг чамгүй багтаасан. Нэг ёсондоо банкуудыг хуулиар дөнгөлж, чангатгаж, өртөг зардлыг нэмэгдүүлдэг. Жишээ нь хэрэв иргэн зээл авахаар хоёр өрөө орон сууцаа барьцаалсан тохиолдолд банкны нягтлан бодох бүртгэлийн балансад уг хөрөнгө банкны өмчлөх бусад хөрөнгө болж, банкны балансын гадна бүртгэгддэг. Иргэн зээлээ төлсөн тохиолдолд байраа буцаагаад авдаг. Гэтэл арилжааны банкууд барьцаанд авсан учраас үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг арилжааны банкууд төлдөг. Энэ нь нэмэлт зардал учраас банкууд үүнийг зээлийн хүүдээ шингээдэг гэх мэт олон жишээ хэлж болно.


Хоёрдугаарт, хуулийг дагаж гарсан дүрэм, журам, зааврыг харахаар банкуудыг мөн л чангалсан, өртөг зардлыг нэмэгдүүлэх заалтууд байдаг. Үүнийг заавал засаж өөрчлөх шаардлага бий. Жишээ нь, тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар бол банкны салбар шинээр байгуулахад хураамж төлөх ёсгүй байдаг. Учир нь банкны нэгж нь тухайн байгууллагын нэг хэсэг учраас нэгдсэн байдлаар тайлан баланс нь тооцогдож татвараа төлдөг. Гэтэл монголбанк нэгжийн тухай шинэ журам батлаад түүндээ хэрэв банк шинэ салбар байгуулах юм бол гурван сая төгрөгийн хураамжийг монголбанкинд төлөхөөр заасан байдаг. Энэ мэт шимтгэл, хураамж нь банкны өртөг зардлыг нэмэгдүүлдэг.


Гуравдугаарт, карт уншигч машинуудыг цэгцлэх. Монголд нэг дэлгүүрт ороод бараа худалдан авлаа гэхэд банк бүр тусдаа карт унших машинтай. Харин бусад оронд карт унших ганцхан машинтай, бүх банкны картыг уншиж, орсон мөнгө банкуудад нь программын кодоор ангилагддаг. Гэтэл банкууд тэр ПОС машиныг нь худалдан авна, суурилуулна, боловсон хүчнээ сургана, засна, цаасаар нь хангана. Энэ бүхэн давхардсан зардал болдог. Уул нь, ПОС машин чинь дэлгүүрийн кассын машин шүү дээ. Тэгэхээр дэлгүүрийн өмч байх ёстой. Банкны өмч яавч биш. атм ч ялгаагүй. Нэг дэлгүүрт 4-5 банкны атм байна. Үүнийг бас төгрөгөөр цэнэглэнэ. Харуул хамгаалалтаас эхлээд цэнэглэх хүн, засварчин, инженер хөлсөлнө. Үүнийг дагасан хамгаалалт, унаа шатахууны зардал бас гарна.


Бусад улсын төв банкны тухай хуулийн эрх үүрэгт арилжааны банкууд дэд бүтцээ өргөжүүлэхэд нь төв банк нь үүнийг удирдан зохион байгуулж хэрэгжүүлэхээр заасан байдаг. Банкууд дундаа процессэнгийн төв байгуулж, нэг ПОС машинтай байж яагаад болохгүй гэж. Арилжааны банкууд хоорондоо хэл амаа ололцохгүй байж болох ч хуулиар зохицуулж болно. Хэрэв монголбанкны тухай хуульд нэг заалт оруулаад, банкуудын дэд бүтцийг цэгцлэх ажлыг төв банк санаачлан зохион байгуулна гэж заасан байхад арилжааны банкууд “мэдлээ, гүйцэтгэе л” гэж хэлнэ.


Эцэст нь, дээр дурдсан арга замуудыг үе шаттай хэрэгжүүлж, тууштай, тогтвортой үргэлжлүүлэхэд төр засаг, төв банкны оролцоо чухлаас чухал. Эдгээрийг хэрэгжүүлчихвэл зээлийн хүү буурах бүрэн боломжтой. Банкууд зээлийн хүүг буулгахгүй байна гэж зарим хүн хэлдэг. Угтаа бол зээлийн хүү бага байх нь банкинд ч ашигтай.


Учир нь банкны эрсдэл буурч, муу болон чанаргүй зээл багасна. Хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг зээлдүүлдэг банкны салбарын зээлийн эргэн төлөлт сайн байснаар хадгаламж эзэмшигчдэд мөнгөө илүү найдвартай өгч чадна. Мөн бизнес тэлж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн тоо, хөрөнгө нэмэгдэнэ. Хүү өндөр байх нь хамгийн түрүүнд иргэд, зээлдэгчдэд л дарамт болдог. Тэгэхээр аль аль талынх нь ашиг сонирхол нийлж байгаа юм. Хийе гэвэл арга зам олдоно. Эдгээр зүйлийг ажил хэрэгчээр хамтарч хийх юм бол зээлийн хүү буурах бүрэн боломжтой гэж миний бие өөдрөгөөр хардаг.


-Ярилцсанд баярлалаа.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт