Мэдээ / Apr 08, 2019

Дотоод аудит сайн байх хэрээр байгууллагадаа үнэ цэнэ нэмж байдаг

Хариуцлагатай тогтолцоог бүрдүүлье гэвэл байгууллага бүр дотоод аудитортой байх ёстой

 

 

Б.Баяртогтох

Монголын банкны системийн 25 хувийг дангаар бүрдүүлж буй Худалдаа хөгжлийн банкны Ерөнхий аудитор, Монголын үндэсний дотоод аудиторуудын холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Гантуултай ярилцлаа.

-Таны хариуцдаг дотоод аудит байгууллагад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Үүнээс ярилцлагаа эхэлье?

-Орчин үед байгууллагыг амьд организмтай зүйрлэдэг болсон. Хүмүүс насны хувьд янз бүр, ондоо мэргэжил боловсролтой, өөрийн гэсэн зан араншинтай, дахин давтагдашгүй амьдралын түүхтэй байдаг. Байгууллага үүнтэй яг ижил. Өөрийн гэсэн ажилтнуудтай, тогтсон соёлтой, хөгжлийн замнал түүхтэй. Засаглал, эрсдэл даах чадварын хувьд ч байгууллага бүр харилцан адилгүй. Байгууллагыг хүнтэй адилтгаж үзвэл байгууллагын дархлааны систем нь дотоод аудит юм. Бидний үйлчлүүлэгчид байгууллагын  ажилтнууд, удирдлагууд, харилцагчид, түншүүд зэрэг байдаг бол банкны ажилтнууд харилцагчдад үйлчилгээ үзүүлдэг. Дотоод аудит нь байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах, тавьсан зорилгодоо хүрэхэд нь тусалдаг ба баталгаажуулалт, зөвлөгөө өгөх үйлчилгээнээс энэ нь бүрддэг. Бид өөрт ногдсон энэ чиг үүргээ гүйцэтгэхдээ гурван зүйл дээр төвлөрч ажилладаг. Үүнд компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналт ордог. Эдгээр гурван зүйлийн үйл явц нь үр өгөөжтэй байна уу, зөв байна уу гэдгийг системтэйгээр үнэлж, байгууллагынхаа ажлыг үргэлж сайжруулахын төлөө ажилладаг. Үүний цаана манай байгууллагын үнэ цэнэ үргэлж өсөн нэмэгдэж байх учиртай. Иймд дотоод аудит бол байгууллагын өөрөө өөрийгөө сайжруулах механизм буюу хөдөлгөгч хүч нь байдаг.

-Дотоод аудитаас байгууллагын эрсдэл даах чадвар, сайн засаглалтай эсэх нь хамаардаг болсон байна. Хөрөнгө оруулагчид, түншүүд ч үүнийг шийдвэр гаргах явцад түлхүү харгалздаг болжээ. Та бүхний хувьд өөрсдийн энэ үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?

-Аливаа байгууллагын үр дүнтэй засаглалыг Төлөөлөн удирдах зөвлөл, Дотоод аудит, Гадаад аудит, Гүйцэтгэх удирдлагаар нь хэмждэг. Өөрөөр хэлбэл, үр дүнтэй засаглалын үндсэн дөрвөн тулгуур баганын нэг нь Дотоод аудит. Энэ дөрөв өөрсдийн чиг үүргээ дор бүрнээ хариуцлагатай, сайн гүйцэтгэхээс тухайн байгууллагын сайн засаглал шалтгаална гэсэн үг. Банкны салбар нь зохицуулалт ихтэй учраас банк бүрт дотоод аудитын нэгж байгаа. Сүүлийн үед ихэнх төрийн байгууллагууд дотоод аудитын чиг үүргийг бий болгочихлоо. Өмнөх зүйрлэлээр хүний бие эрүүл чийрэг, эрч хүчтэй, илүү бүтээмжтэй байх нь дархлааны системээс шалтгаалдаг. Тэгвэл байгууллагын дотоод аудит нь хэдий чинээ сайн байна тэр хэрээр тавьсан зорилгодоо хурдан хүрч, байгууллагынхаа үнэ цэнийг нэмэгдүүлдэг байна. Байгууллага дотор олон чиг үүрэгтэй хэлтэс, газар, нэгж бий. Хүний нөөц, санхүү, хууль, маркетинг гээд бүгд өөрсдийн хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд ажилладаг бол дотоод аудит тэр болгоныг бүхэлд нь, өргөн хүрээнд харж, зөв ажиллаж байна уу, үр дүнтэй байна уу гэдгийг нь хараат бусаар баталгаажуулах, зөвлөх үүрэгтэй оролцдог. Ингэхдээ үнэн зөв, бодит мэдээллээр Төлөөлөн удирдах зөвлөл, хөрөнгө оруулагч, түнш зэргээ хангах, удирдлагыг стратеги, зорилтоо тодорхойлох, удирдан чиглүүлэхэд нь тусалдаг.

-Системийн нөлөө бүхий банкны нэг болж, өнгөрсөн хугацааны хөгжлийн явцад одоогийн түвшинд хүрэхэд дотоод аудит чухал үүрэг, роль гүйцэтгэсэн байх. Танай банкны хувьд дотоод аудит хэзээнээс дээрх чиг үүргийнхээ дагуу ажиллаж эхэлсэн байдаг вэ?

-Манай банк 1990 онд байгуулагдсан. Хоёр шатлалт банкны тогтолцоо дөнгөж бүрэлдэж эхэлсэн үе юм. Банкны түүхээ судлахад, дотоод хяналтын чиг үүрэг 1992 оны тавдугаар сард бий болсон байдаг. Тухайн үед Санхүү, тайлан бүртгэлийн газарт хяналтын үндсэн үүрэг бүхий хоёр орон тоо шинээр бий болсноор банкинд дотоод хяналтын мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн түүхтэй. Харин 1994 онд Хяналт шалгалтын тасаг гэж бие даасан нэгж байгуулагдсан нь одоо Дотоод аудитын газрын суурь юм. Тэгэхээр Худалдаа хөгжлийн банкны хяналтын тогтолцоо 25 жилийн түүхтэй. Энэ хугацаанд бид хөгжиж, өргөжсөөр маш том багтай болсон. Дотоод аудитын олон улсын сайн туршлагын хувьд 2006 оноос бид үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн. Одоо ч нэвтрүүлсээр байна. Учир нь дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж байгаа учраас дотоод аудитын үйл ажиллагаа, арга аргачлалаа байнга сайжруулж байна. Мөн дотоод аудитын үйл ажиллагаагаа олон улсын стандарт руу шат шатаар ахиулж, чиглүүлж ирлээ. Сүүлийн үед бид зөвлөх үйлчилгээндээ багагүй ахиц, дэвшил гаргаж байгаа. Ялангуяа, мэдээллийн технологийн эрсдэл, түүнтэй холбоотой баталгаажуулах болон зөвлөх үйлчилгээг анхаарахаас аргагүй болж байна.

-Дотоод аудитын чиг хандлага энэ хугацаанд өөрчлөгдсөн үү?

-Мэдээж өөрчлөгдсөн. Дотоод аудит өнгөрсөн үйл явцад тулгуурлаж ажилладаг байсан бол илүү алсыг харсан, үнэ цэнэ дагуулсан ирээдүй цагт түшиглэдэг болж байна. Дотоод аудит нь чухал юм гэсэн ойлголт, чиг хандлага нь дэлхийн хоёрдугаар дайны эхэн үеэс хүчээ авч, үүнээс хойш хөгжлийн явцад бий болсон, шалгарсан сайн туршлагууд олон улсад нэвтэрч, дэлхий нийтээр байгууллагын засаглал дахь хэрэглээ болж нутагшиж байна. Бидний чиг хандлага ч энэ чиглэлд хандуулж явж байгаа. Сүүлд хийсэн ажлаасаа жишээ болгоход, Байгууллага дахь мэдээллийн технологийн зардлын зохистой түвшин, Хүний нөөцийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага гэсэн хоёр сэдвээр тодорхой судалгаанд суурилсан зөвлөх тайлангаа удирдлагадаа танилцуулсан.

-Та бүхний ажилд хаанаас үнэлэлт дүгнэлт өгч байна вэ. Банкны үйл ажиллагаанд төв банкнаас гадна өөр аль, аль байгууллагуудаас хяналт тавьдаг вэ?

-Банкны системийн нөлөө бүхий банк учир Монголбанкнаас газар дээрх шалгалт болон зайны хяналтыг тогтмол хийдэг. Төв банкны ээлжит шалгалт CAMELS системээр үнэлэгдэн хийгдэж байгаа. Саяхан гэхэд Мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хөдөлмөрийн харилцааны асуудлаар шалгаад явсан.  Дотоод аудит бол байгууллага дотор Гүйцэтгэх удирдлагын харьяанд байдаггүй цорын ганц нэгж. Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд аудит хийж, үр дүнг ТУЗ-д тайлагнадаг. Манай банктай хамтарч ажилладаг олон улсын байгууллагууд олон байдаг. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч үнэлгээний байгууллагаас гадна АХБ, JICA, ING, SMBC зэрэг банк, санхүүгийн байгууллагууд банкны засаглал, эрсдэлийн удирдлага, хяналтын тогтолцоог чухалчилж хардаг. Иймд хараат бус дотоод аудитаас холбогдох тайлан, мэдээллийг авч танилцдаг. Ер нь манай банк гадаад, дотоодын банк санхүүгийн байгууллагуудтай өргөн хүрээнд харилцдаг, олон улсын зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа  явуулдгийн хувьд олон улсад мөрдөгддөг практик шаардлагын дагуу үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллээ зохих ёсоор тайлагнаад явдаг.

 -Та байгууллагынхаа эрсдэл, хяналтын тогтолцооны сайн туршлагаасаа хуваалцаач?

-Дотоод аудит бол тухайн байгууллагын хөрөнгийг хамгаалах эцсийн шатны хамгаалалт юм. Аливаа байгууллага, тэр нь банк эсвэл бизнесийн байгууллага байна уу хамаагүй бүгд эрсдэлээс хамгаалах гурван шатны хамгаалалтын шугамтай байдаг. Хөл бөмбөгөөр жишээлэхэд талбай дээр “довтлогч” гэж байдаг. Тэр нь бизнес, үйл ажиллагааны ажилтнууд юм. Хоёр дахь хэсэг нь “хамгаалагчид” буюу эрсдэлийг бодлогоор зохицуулдаг хэсэг. Гурав дахь шугам буюу “хаалгач” нь дотоод аудит юм. Эрсдэлийг “бөмбөг” гэж үзвэл хамгийн эхэнд бизнесийн шугамын ажилтнууд түүнтэй нүүр тулна. Дараа нь эрсдэл, комплаенс зэрэг хоёрдугаар шугамынхан, хамгийн сүүлд дотоод аудит нь тэрхүү эрсдэлээс хамгаалахад оролцдог. Энэ тохиолдолд зохицуулагч  байгууллага, гадаад аудит нь “хөндлөнгийн шүүгч”, “орлон тоглогч” гэсэн үг. Тэгэхээр аливаа байгууллагын хамгаалалтын гурван шугам зөв зохистой, өөрсдийн үүрэгт ажлаа бүрэн, зөв хийж байвал тэр байгууллага аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадна гэсэн үг. Ажил хийж байгаа хүн болгон эрсдэлийн эзэн байдаг. Тухайн ажлын байран дээр тодорхой хэмжээний эрсдэл байдаг. Тэр эрсдэлийг хамгийн түрүүнд тухайн ажилтан өөрөө удирддаг. Хийснээ эргэж хянах, шалгах байдлаар эрсдэлээ бууруулж, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж болно. Гэсэн ч хаана эрсдэл өндөр байна тэнд сайн хяналт байх шаардлагатай тул эрсдэлийг нэгдсэн бодлогоор удирдаж, хяналтыг зохих түвшинд байлгах шаардлагатай. Иймд дотоод аудит нь нэг ба хоёрдугаар шугамын хамгаалалт зохих ёсоор ажиллаж байгааг харж байдаг. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, дотоод аудитын ажилтнууд гүйцэтгэх ажил хийх ёсгүй. Ингэж байж хэн нэгний гүйцэтгэсэн ажилд хараат бус үнэлэлт дүгнэлт өгдөг. Манай байгууллагын хувьд эрсдэл хяналтын тогтолцооны дээрх зарчмыг бүх шатандаа ойлгодог, хамгаалалтын гурван шугамын ажил үүргийн зааг ялгаа нь тодорхой, дотоод хяналтын матрицыг үйл ажиллагаа бүртээ ашиглаж ажилладаг.

-Та Олон улсын дотоод аудиторуудын институт (Institute of Internal Auditors) байгууллагын Монгол дахь салбарыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. Энэ байгууллага орж ирснээр дотоод аудиторуудын ур чадварыг ахиулахад хэрхэн нөлөөлж байна вэ. Таны сонгуульт ажлын нэг гэж үүнийг ойлгосон. Та холбооныхоо сонин сайхнаас дуулгаач?

-Манай банкны дотоод аудитын удирдлагууд АНУ-д төвтэй Institute of Internal Auditors  буюу IIA Global байгууллагын гишүүнээр анх 2006 онд элсэж байсан. Миний хувьд энэ байгууллагын гишүүн нь 2009 онд болсон. Эхлээд гишүүнчлэл өдөр тутмын ажил үүрэгтэй минь холбоотой байсан бол мэргэжилдээ ахиц дэвшил гаргах, дотоод аудитын үнэ цэнийг бусдад мэдрүүлэх, эх орондоо хөгжүүлэхийн тулд түвшин ахих шаардлагатай болсон. Тиймээс Монгол дахь салбарыг 2014 оноос мэргэжил нэгт нөхдийн хамт байгуулахаар зорьж, албан ёсоор 2016 онд үүсгэн байгуулаад Удирдах зөвлөлийн даргаар нь сонгогдон ажиллаж байна. Дотоод аудитын мэргэжлийн байгууллагын салбар Монгол Улсад байгуулагдсан нь олон хүний хичээл зүтгэл, цаг зав, уйгагүй хөдөлмөрийн үр дүн байсныг хэлэх нь зүйтэй.   Өнөөдөр Монголын үндэсний дотоод аудиторуудын холбоо нь IIA Global байгууллагын цорын ганц, албан ёсны салбарын эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. IIA Global бол дэлхий нийтэд дотоод аудитын мэргэжлийг хөгжүүлдэг, сурталчилдаг, дотоод аудитын стандартыг тогтоодог, дотоод аудитын мэргэжлийн сертификатыг олгодог дотоод аудитын мэргэжлийн институт юм. Тус институт нь дэлхийн 170 гаруй оронд 200 гаруй мянган гишүүнтэй, 78 жилийн турш хуримтлуулсан мэдлэгийн сантай. Дотоод аудиторуудын найдвартай ар тал, өмгөөлөгч нь байх, тэднийг сургах, чадавхжуулах зорилготой.  Ер нь хариуцлагатай тогтолцоог бүрдүүлье гэвэл байгууллага бүр дотоод аудитортой байх ёстой. Ихэнх хүмүүс дотоод аудиторуудыг санхүүгийн суурь мэргэжилтэй гэж боддог. Гэтэл тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс хамаараад дотоод аудиторууд өөр байх жишээтэй. Би музейн, нисэх онгоцны буудлын, сонины газрын дотоод аудиторуудтай уулзаж байсан. Нээлттэй компани, банк санхүү, даатгал, үнэт цаасны компаниудад дотоод аудиторууд олноороо ажилладаг. Сүүлийн үед мэдээллийн технологийн дотоод аудиторуудын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Дотоод аудит бол байгууллагын хөгжлөөс бий болсон мэргэжил. Засаглалын төдийгүй стратегийн ач холбогдолтой мэргэжил юм. Өнөөдөр монголын дотоод аудиторуудад олон улсын жишгээр хөгжин дэвжих, мэргэжлийн ур чадвараа сайжруулах боломж нээлттэй болж байна.


Ярилцсан: Б.Баяртогтох

 

ХХБанкны сошиалд нэгдээрэй.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт