Мэдээ / Aug 20, 2009

ХХБ Монголд анх удаа Хөрөнгийн зохистой удирдлагын “Treasury” программын системийг нэвтрүүллээ

ХХБанк Грэйпсити компанитай хамтран хөрөнгийн зохистой удирдлага, бүртгэлийн цоо шинэ систем болох “Treasury” системийг нэвтрүүлэн, банкны үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байгаа билээ. Энэхүү системийн давуу тал, ач холбогдлын талаар тус банкны ХЗАААХ-ийн захирал Ж.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

“Treasury” системийг Та бүхэн Монголд анх удаа нэвтрүүлсэнд баяр хүргэе. Энэхүү системийн зориулалт, ашиглалт, хэрэглээний талаар тодруулахыг хүсч байна?

Энэхүү систем нь харилцагчийн арилжааны нөхцлийг баталгаажуулах, төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэхээс гадна банкны гадаад валют, үнэт металл, үнэт цаас, мөнгөний зах дээрх арилжааны анхан, дунд шатны бүртгэл, хяналт, арын албаны ня-бо бүртгэл, холбогдох эрсдэлийн удирдлага болон гадаадын банкинд байршуулсан харилцах дансны нэгдсэн удирдлагыг автоматжуулсан хөрөнгийн зохистой удирдлагын систем юм. Мөн “Treasury” систем нь банкны суурь бүртгэлийн систем, ерөнхий дэвтрийн системүүдтэй шууд холбогдон ажилладагаараа давуу талтай.

ХАЗТТХ-ийн захирал Ж.Эрдэнэчимэг

Энэ системийг нэвтрүүлэхэд хэдий хэмжээний цаг хугацаа зарцуулав?

Манай банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудаас хамгийн түрүүнд иргэд, аж ахуйн нэгж, гадаад, дотоодын банкуудтай хийгдэж байгаа арилжааны төлбөр тооцоог түргэн шуурхай эрсдэлгүй гүйцэтгэх зорилгоор ХЗАААХ-ийг 2000 онд байгуулан ажиллаж эхэлсэн. “Treasury” системийг нэвтрүүлэх ажлын эхлэл нь манай хэлтэс байгуулагдан ажиллаж эхэлснээс хойш буюу 2002 онд тавигдсан. Систем маань олон хүний урт удаан хугацааны судалгаа, туршилт, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бүтсэн. “Treasury” системийг нэвтрүүлсэн нь зөвхөн ХХБанк төдийгүй Монголын банкны системийн хөгжилд онцгой хувь нэмрийг оруулж байгаа юм.

“Treasury” систем нь банкны үйл ажиллагааны ямар ажлуудыг хөнгөвчилж, хялбарчилж байгаа вэ? Онцлох давуу талуудаас нь дурдвал?

Тиймээ, энэ систем банкны үйл ажиллагаанд маш олон давуу талуудыг бий болгож, олон ажлуудыг давхар хөнгөвчилж байгаа. “Treasury” системийг нэвтрүүлснээр банкны хөрөнгө зохицуулалт, бүртгэлийн үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, гүйлгээний болон дотоод хяналтыг сайжруулах, хөрөнгө зохицуулалтын үйл ажиллагааны орлого, зардлыг тайлан балансд цаг хугацаанд нь бүртгэх, арилжааны мэдээллийн санг автоматжуулах, газар, нэгжүүдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг давуу талуудыг дурдаж болно.

“Treasury” системийг банкны үйл ажиллагаанд ашиглаж эхлээд хэдий хэр хугацаа болж байгаа вэ? Үр дүн, сэтгэл ханамж Та бүхэнд хэрхэн мэдрэгдэж байна вэ?

Системийг ашиглаж эхлээд 2 сарын хугацаа өнгөрсөн байна. Системийн хэрэглэгчдийн ажлын ачааллыг хөнгөвчлөх, гар ажиллагаанаас үүсэх алдааг бууруулах, харилцагчийн төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэхээс эхлээд олон давуу талуудыг олгож байна. Мэдээж анхны юм бүхэнд алдаа оноо байдаг учраас цаашид бид иргэд харилцагчид маань юу хүсч байгааг байнга судалж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ мэдээллийн технологийн хөгжил, олон улсын банкуудын туршлага дээр үндэслэн шинэчлэн сайжруулж байх болно.

ХХБ-наас ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ямар шинэ технологи байгаа вэ?

Бид ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн олон ажил байгаагаас дурдвал, худалдааны санхүүжилтийн иж бүрэн систем, VISA, MASTERCARD-ын хувьд EMV chip картын технологийг нэвтрүүлэх гэх мэт олон зүйлийг хийхээр ажиллаж байна.

Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих