Байгалийн гамшигт үзэгдэл, цас зудны бэрхшээл, малчдын амьдралд хэмжээлшгүй гарз хохирол учруулж, манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүнд нөхцөлтэй байгаа энэ цаг үед Худалдаа, хөгжлийн банк халуун сэтгэлийн илэрхийлэл болгож, нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлан, 50 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг малчдад олгох шийдвэр гарган, 2010.1.28-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Т.Бадралд ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол гардууллаа.
Монгол улсын арилжааны ууган банк Худалдаа, хөгжлийн банкны 20 жилийн ой 2010 онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд Монгол улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын уриалгыг дэмжин малчиддаа үзүүлж буй 50 сая төгрөгийн энэхүү буцалтгүй тусламж нь Худалдаа, хөгжлийн банкны нийт ажилтнуудын хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр шимийн нэгээхэн хэсэг юм.
Худалдаа, хөгжлийн банк нийгмийн хариуцлага, иргэдийн сайн сайхан амьдрал, нийгмийн гэрэлт ирээдүйн төлөө байнга мөнгөн хөрөнгө хандивлаж, дэмжлэг, туслалцааг үзүүлсээр ирсэн бөгөөд нэг жилд дунджаар 100 гаруй сая төгрөгийг тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа нийгмийн салбаруудад тусламж үзүүлэн, хамтран ажилладаг юм.
Ийнхүү Худалдаа, хөгжлийн банк малчдаа дэмжиж, малчиддаа туслах халуун сэтгэлийн дэмжлэг, хандивыг идэвхижүүлэн, бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачлагыг өрнүүлж буйн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, нийгмийн хариуцлагыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чаддаг Монгол улсын тэргүүлэгч банк болохоо нотоллоо.
ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХАМТДАА