Мэдээ / Jun 02, 2017

Д.Хүрэлбаатар: Банкны системд хийгдсэн олон шинэчлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн дэвшилд манай банк манлайлж ирсэн

Монгол Улсын Банкны салбарын ажилтнуудын өдрийг тохиолдуулан ярилцлагынхаа зочноор удам дамжсан банкир, ХХБанкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Хүрэлбаатарыг урилаа.

 

- Сайн байна уу? 6-р сарын 2-нд болох Банкны салбарын ажилтнуудын өдрийн мэндийг хүргэе. Хэзээнээс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон бэ?

Юуны өмнө  Банкныхаа нийт хамт олонд болон Монгол Улсын банкны салбарт ажиллаж буй мянга мянган мэргэжил нэгтнүүддээ Банкны салбарын ажилтны өдрийн мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсье. 2014 онд Монгол Улсад Банкны тогтолцоо үүсч бэхжсэний 90-н жилийн ойг тохиолдуулж Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 6-р сарын 2-ны өдрийг Банкны салбарын ажилтнуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байх шийдвэр гарч энэ жил 4 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. 1924 оны 6-р сарын 2-нд Монголын анхны банк болох Төв банк буюу Монголбанк байгуулагдсан түүхээс үүдэж, энэхүү өдрийг Банкны салбарын ажилтны өдөр болгосон юм.

 

- Тэгэхээр Монгол улсад банкны тогтолцоо үүсч хөгжөөд 93-н жил болж байгаа юм байна. Энэ түүхэн хөгжлөөс та бидэнд сонирхуулахгүй уу?

Ардын хувьсгалаас өмнө Монгол орон гадаад, дотоодын мөнгө хүүлэгчдийн эрхшээлд автагдсан, эрх мэдлийн хүрээнд боомилогдсон улс байлаа. Хувьсгалын дараагаар улс орны эдийн засгийн байдлыг бүхэлд нь сайжруулж гадаадын мөнгө хүүлэгчдийн шахан зайлуулж үндэсний банк, мөнгө, зээлийн системийг бий болгосон түүхтэй.

1924 оны 6-р сарын 2-ны өдөр Монгол - Зөвлөлтийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр Монголын худалдаа аж үйлдвэрийн банк буюу одоогийн Монголбанкыг Алтанбулаг дахь нэг салбарын хамт нээсэн байдаг юм. Монголбанк анх нээгдэхдээ 260’000 янчааны хөрөнгөтэй, 22 орон тоотой, үүний дотор Монгол ажилчид 4, зөвлөлтийн мэргэжилтэн 18 байсан гэдэг. Хожим 30-н жилийн дараа 1954 онд ЗХУ өөрийн хувь эзэмшлээ Монгол Улсад шилжүүлснээр БНМАУ-ын Улсын банк болсон.

 

- ХХБанк анх үүсгэн байгуулагдсанаас эхлээд өнөөдрийг хүртэлх түүхийг бичилцэж байгаа цөөхөн хэдхэн хүний нэгтэй ярилцаж байгаагийн асуухгүй өнгөрч болохгүй цөөн хэдэн асуулт байна. Тэртээх 1990 онд чухам ямар үйл явдал болж, өнөөдрийн энэ том банкны эхлэл тавигдав аа? Банктайгаа хэрхэн хувь заяагаа холбосон бэ?

Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үед Монгол Улсад 2 шатлалт банкны систем бүрэлдэн тогтох хууль эрхзүйн үндэс бий болж, манай банк 1991 онд Улсын банкны Гадаад тооцооны газрын суурин дээр арилжааны анхны банк болж үүсгэн байгуулагдсан түүхтэй. Тэр үед компьютер, SWIFT гэж байдаггүй, бүхий л зүйлийг гараараа бичиж, тог унтарвал сампин ашиглаад л ажилладаг байлаа.

Миний хувьд банкны системд 1981 оноос Улсын Банкны Ерөнхий Хорооны (Монголбанк) Гадаад тооцооны газраас ажлын гараагаа эхлэн ажиллаж байгаад ХХБанк байгуулагдахад Касс Үнэт Зүйлсийн Хэлтсийн захирлаар анхлан томилогдсоноос өдийг хүртэл банкныхаа удирдлагын багт ажилласаар ирлээ.

 

- Танай банкны анхны байр хаана байв, хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажлаа хэрхэн эхлүүлж байв?  

Анхны гэх бүх зүйл одоогийн өнцгөөс харвал сонирхолтой, итгэхэд бэрх зүйл олон байсан даа. 90-ээд оны үед техник, технологи хөгжөөгүй, зах зээлийн сэтгэлгээний ойлголт муутай, боловсон хүчин бэлтгэгдээгүй үед анхны арилжааны банкны нэг болон байгуулагдаж байсан. Тэр үед манай банкны суурь нь Төв банкны Гадаад тооцооны газар байсан учраас бусад арилжааны банкуудыг бодвол гадаад төлбөр тооцооны туршлагатай 47 боловсон хүчин, 2 газар, 8 хэлтэс, 1 тооцооны төвтэй ажиллаж эхэлж байлаа.
Эхэндээ Монголбанкны байрны 1 давхарт үйл ажиллагаагаа явуулж байгаад 1995 онд шинэ байр барьж, орж байлаа.

 

 - Анх ХХБанк байгуулагдаж байх тэр үед Та бүхэн ирээдүйг хэрхэн харж байсан бэ? Одоо эргээд харахад таны төсөөлснөөс хэр ялгаатай байна вэ гэдэг их сонирхол татаж байна?

Манай банк тухайн үедээ голдуу валютын үйлчилгээ явуулж байсан. Тэр үеийг өнөөгийнхтэй харьцуулахад тэмээ, ямааны зүйрлэлээс илүү юм болно доо. Мэдээж ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж хамтдаа урагш тэмүүлж ирсэн үе үеийн хамтрагчдын маань хүчин чармайлтын үр дүнд өнөөдрийн амжилтад хүрсэн.
Банкны системд хийгдсэн олон шинэчлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн дэвшилд манай банк манлайлагч болж ажиллаж ирсэн. Өнөөдөр арилжааны банкуудын тэргүүнд бичигдэж, бусдыгаа дагуулж, олон улсад Монгол улсын санхүүгийн салбараа төлөөлж чадаж байна шүү дээ.

Нийгэм солигдон өөрчлөгдөж, Монгол улсын нийгэм, улс төр эдийн засгийн тогтолцооны суурь шилжилтийг хийхэд манлайд нь санхүү эдийн засгийн амин чухал хэсэг болох банкны тогтолцооны цоо шинэ маягийн суурь өөрчлөлтөд манай банкны оролцсон түүхэн үүрэг ач холбогдлыг онцгойлон тэмдэглэх нь зүйтэй.

 

- Орчин үед техник технологи хөгжөөд салбарын ажилтнууд компьютер дээр хэдэн товч дараад л харилцагчид шуурхай үйлчилж байна. Харин анхны он жилүүдэд ямар үйлчилгээг хэрхэн харилцагчдаа хүргэж үйлчилдэг байсан талаар яривал манай уншигчдад их сонирхолтой байх болов уу?

Банкны тухайн үеийн зарим үйл ажиллагааг санахад Тунгалаг тамир кинон дээр Итгэлт баян Эрдэнээд дансаа танилцуулахдаа “Бичиг номтой чам шиг хүнд ичмээр дамшиг даа” гэдэг үгтэй адилтгаж болох юм. Гадаад руу төлбөр явуулахдаа бичгийн машинд хортой цаас хийж 3 хувь бичээд шуудангаар явуулна шүү дээ. Голдуу валютын төлбөр тооцоо эрхэлдэг байхад, нэг хэсэг төгрөгийн гүйлгээ банк хооронд их саатдаг болж ирсэн.

Мөнгө хураалт, тоолох тасгийн үйлчилгээ эрхэлдэггүй, бид ердөө 1 ширхэг УАЗ 469 машин Монголбанкнаас түрээсээр хэрэглэдэг байв. Тэр нь хаанаа ч хүрдэггүй. Бэлэн мөнгө ирэхээр газар, хэлтэс бүрээс хүн гуйж мөнгө тоолуулах гээд бөөн л ажил ундардаг байлаа. Гадаадаас бэлэн валютын зузаатгал авчрах гээд Б.Мэдрээ захирал бид хоёр олон ч удаа өөрсдийн биеэр харуул хамгаалалт, даатгалгүй бараг ганзагын наймаанд явдаг шиг юм болдог байсан.
Орой болгон хуулгаа авч нийлэх гээд манай харилцахынхан хэвлэх үйлдвэр ажиллаж байгаа юм шиг л ажилладаг байлаа гээд яривал дуусахгүй түүхүүд бий дээ. Тэр үед банкныхан тайлан балансаа гаргах гээд хонон өнжин ажиллаж, шинэ оноо банкин дээрээ угтдаг байсан. 

 

- ХХБанкинд анх ажиллаж байхдаа л хэрэглэж байсан, одоог хүртэл хадгалж явдаг дурсгалтай зүйл байдаг уу? Эдгээр сайхан дурсамжуудыг тань санагдуулдаг байх?

 Анх Standard Chartered Bank-тай 1992 онд Visa, Mastercard төлбөрийн картуудыг төлбөрт хүлээн авч үйлчилгээ үзүүлэх гэрээ, мөн  1994 оны JCB картын гэрээнд гарын үсэг зурсан үзэгнүүдийг дурсгал болгон хадгалдаг. Мөн 1991, 1994, 2000 оны ажлын газрын үнэмлэхүүд байна. Хүсвэл сонирхуулж болно шүү.

 

- “Мөнгөний зохистой хэрэглээ аян”-ыг Монголбанк санаачланарилжааны банкууд дэмжиж ард иргэддээ зөв мэдээ мэдээллүүдийг хүргээд байгаа. Тэгвэл мөнгөн тэмдэгт, төлбөр тооцооны хэрэгслийн талаар ойлголтыг манай уншигчдад өгнө үү?

Мөнгө гэж үгүй байхад дэлхийн янз бүрийн оронд төрөл бүрийн зүйл мөнгөний үүргийг гүйцэтгэж байсан. Үүнд: алт, мөнгө, хүрэл, зэс, төмөр, ан амьтдын арьс, мал, давс, үр буудай, шүр сувд, хясаа, үнэт чулуу, хавч гэх мэтчилэн. Мөн манай орны хувьд мөнгөний үүргийг хадаг, хонь, цай, ембүү зэрэг бараа гүйцэтгэж байсан.
Мөнгө гэдэг нь бүгдэд хүлээн зөшөөрөгдсөн, хэрэгцээгээ хангах солилцооны хэрэгсэл юм. Улс бүр өөрийн гэсэн мөнгөний нэгжтэй байдаг.

Мөнгөний зөв бодлого нь улс орны эдийн засгийг авч явах гол хөшүүрэг болж өгдөг. Харин буруу үйл ажиллагаа нь үйлдвэрлэлийг бууруулах, тогтвортой үйл ажиллагааг хэлбэлзүүлж, нийгмийн баялгийн хуваарилалтыг гажуудуулах, эдийн засагт үнийн ноёлох байр суурийг бэхжүүлэх гол шалтгаан нь болдог. Эндээс мөнгө нь эдийн засгийг үр ашигтай болгодог шинж чанартай хэрэгсэл гэсэн дүгнэлт хийж болно.

 

- Монгол улсын мөнгөн тэмдэгтийн үүсэл хөгжлийн талаар сонирхуулж болох уу?

Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсны дараа анхны мөнгөн тэмдэгтээ 1925 оны 12-р сарын 9-нд Зөвлөлт улсад үйлдвэрлэн гүйлгээнд гаргасан байдаг. Үүний дараа 1939, 1941, 1955, 1966, 1992 онуудад мөнгөн тэмдэгтүүдээ шинэчлэн гаргаж, 1993 онд өнөөдрийн бидний хэрэглэж байгаа мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнд оруулсан. Харин зоосон мөнгөний тухайд, мөн л цаасан дэвсгэрт гаргахын хажуугаар 7-н төрлийн мөнгөний дэвсгэрттэй гаргаж, БНМАУ-ын түүхэн ой, онцгой үйл явдалд  зориулан “НЭГ” төгрөгний шар зоосыг онцгойлон 8-н төрлөөр гаргасан байдаг. Түүнчлэн, дурсгалын зориулалтаар алт, мөнгөн зоосон мөнгөнүүдийг тусгай захиалгаар үйлдвэрлэдэг.

 

- Гүйлгээнд ашиглагдаж байгаа мөнгөн тэмдэгтийн бүтэц, хэр удаан гүйлгээнд хэрэглэгддэг талаарх товч мэдээлэл өгнө үү?

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гүйлгээнд 11-н төрлийн цаасан дэвсгэрт байна. Монголбанкны судалгаанаас харахад цаасан мөнгөний насжилт дунджаар 3,8 жилийн насжилттай байдаг. 20’000 төгрөг нь 5,3 жил байхад 1’000 төгрөг 2,6 жилийн насжилттай байх жишээтэй. Сонирхуулахад, мөнгөн тэмдэгтийн гүйлгээнд эзлэх хувиар 20’000 төгрөг хамгийн их буюу 69 хувийг эзэлдэг гэсэн тоо гарсан байна лээ.

 

- Мөнгийг ер нь юугаар хийдэг юм бэ?

Мөнгөн тэмдэгтийг цаасан мөнгө, полимер мөнгө гэж 2 ангилдаг л даа. Цаасан мөнгө гэдэг нь бид бүхний хэрэглэж байгаа дэвсгэртүүд бөгөөд полимер мөнгөнөөс насжилт, чанарын хувьд муу байдаг. Полимер мөнгө нь гадна талаараа тусгай түрхлэгтэй, хатуу, удаан эдэлгээтэй, хир толбо болох магадлал багатай хулдаасан мөнгө байдаг. Аливаа улс орны тусгаар тогтнолын баталгаа нь тухайн улс орны үндэсний мөнгөн тэмдэгт юм. Ийм учраас Монгол Улс өөрийн үндэсний мөнгөн тэмдэгт дээрээ Соёмбо, Их Эзэн Чингис хаан болон Сүхбаатар жанжныхаа хөргийг залж ирсэн түүхтэй.

 

- Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээ аяны гол зорилго мөнгөний насжилтыг уртасгах зорилготой гэж ойлгоод байгаа. Ямар хүчин зүйлүүд нөлөөлснөөр мөнгө ашиглалтаас гарахад нөлөөлж байна вэ?

Цаасан өнгө нь тивээс тив алгасч, гараас гарт дамжин төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэдэг. Цаасан мөнгө нь маш их нян агуулж байдаг тул зориулалтын хэтэвчинд хийж занших хэрэгтэй. Манай иргэд мөнгийг бохир гараар барих, олон давхар нугалж халааслах, гутал, оймсын түрүүнд хийж хадгалах, хүнсний худалдааны захуудаар мах, сүү, ногоог бээлийгүйгээр барих, дараа нь мөнгөө авч өгөлцөх байдлууд их байдаг тул мөнгө хиртэх, урагдах, толбо болох, цоорох гэх мэт гадны механик гэмтлүүд их үүсээд байдаг. Ингэж зүй бус харьцсан гэмтэлтэй мөнгөнүүд эргээд арилжааны банкуудад ирж тоолох, ялгах, хүчинтэй, хүчингүй, сайн, муу, хуурамч, гүйлгээнд оруулах, оруулахгүй мөнгөн тэмдэгт гэж ангилагддаг. Энэ бүх үйл ажиллагааг гараар хийдэг тул маш их зардал гардаг, нөгөө талаас зүй бус хэрэглээ гэдгийг иргэд маш энгийнээр ойлгох хэрэгтэй. Мөнгөн тэмдэгт гүйлгээний хэрэгсэл тул гүйлгээндээ тогтвортой удаан хэрэглэгдэх ёстой байдаг. Иргэд банкнаас шинэ жижиг дэвсгэртүүдийг их хэмжээгээр авч лус савдагийг номхруулах, суварга шүтээн бүтээх, овоо тахилга тахих зэрэг зан үйлд мөн сугалаа, үзвэрийн билет, шинэ номны нээлт зэрэгт зориулж цоолох гэх мэтээр зүй бусаар хэрэглэж байна. Ийм буруу ойлголт, хэрэглээнээс салах хэрэгтэй байна.

Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээнээс гадна хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болсон хадгаламжийн үйл ажилллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй. Технологийн дэвшил дээр суурилсан бэлэн бус төлбөр тооцоо, ялангуяа, цахим мөнгө, карт, интернэт банк, гар утсанд суурилсан ухаалаг төлбөр тооцоог өргөн хэрэглэх талаар иргэдэд хүргэх явдал чухлаар тавигдаж байна.

 

- Олон сэдвээр нээлттэй ярилцсан Танд баярлалаа. Танд болон гэр бүлд тань сайн сайхан бүхний дээдийг хүсье.


Хаяг, Байршил Валютын ханш Тооцоолуур Facebook Twitter Youtube Онлайн туслах Холбоо барих