Мэдээ / May 03, 2019

ХХБанк Бүс ба Зам санаачилгын Ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудад нэгдлээ

2019 оны 4-р сарын 25-нд зохион байгуулагдсан Бүс ба Зам хоёрдугаар чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын Ногоон санхүүгийн үндэсний зөвлөл болон Лондон хотын захиргаа шинээр боловсруулан гаргасан Ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудыг танилцууллаа. Уг зарчимд нийт 12 орны 27 санхүүгийн байгууллага нэгдээд байгаа бөгөөд ХХБанк тус зарчмуудад нэгдсэнийг ийнхүү дуулгахад таатай байна.

 


БНХАУ-ын Ногоон санхүүгийн үндэсний зөвлөлийн тэргүүн Др. Ма Жун: “Дараагийн жилүүдэд Бүс ба Замын хамарч буй бүс нутгийн дэд бүтцэд томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэх тул эдгээр төслүүд нь Парисын гэрээ болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд томоохон ач холбогдолтой байх болно. Ногоон хөрөнгө оруулалтын зарчмууд нь Бүс ба Замын хүрээнд явагдах шинэ төсөл, хөрөнгө оруулалтуудыг байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, дасан зохицох чадвартай, олон нийтэд хүртээмжтэй байлгах зорилготой.” гэв.

Ногоон хөрөнгө оруулалтын зарчмууд нь тогтвортой хөгжлийг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахтай холбоотой дараах 7 зарчмаас бүрддэг бөгөөд гишүүн байгууллагууд сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах юм.

  • Байгууллагын засаглалд тогтвортой байдлыг нэгтгэх
  • Байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлүүдийг ойлгон, таньж мэдэх
  • Байгаль орчинтой холбоотой мэдээллээ ил тод тайлагнах
  • Оролцогч талуудтай харилцаагаа сайжруулах
  • Ногоон санхүүгийн хэрэгслүүдийг ашиглах
  • Ногоон нийлүүлэлтийн сүлжээг ашиглах
  • Хамтын ажиллагаагаар дамжуулан чадавх суулгах

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

 


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих