Та интернэтээр веб сайтаас худалдан авалт эсвэл төлбөр тооцоогоо хийх гэж байгаа бол дараах зөвлөмжүүдийг дагаарай.
1. ОЛОНД ТАНИГДСАН БАТАЛГААТАЙ САЙТААР ХУДАЛДАА ХИЙХ
Та олон хүний итгэл хүлээсэн онлайн худалдааны сайтаар худалдаа хийх нь аюулгүй юм. Amazon, Alibaba, Apple зэрэг томоохон онлайн худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг цахим хуудсаар худалдаа хийх нь найдвартай байдаг. Таны хандаж буй веб сайт төлбөрийн картын тань мэдээллийг авах зорилготойгоор өндөр ашиг амлаж, эсвэл хэт хямд үнэтэй бүтээгдэхүүн санал болгож байж мэдэх тул албан ёсны үйл ажиллагаа явуулдаг эсэхийг нь шалгаарай.
2. ХАМГААЛАЛТТАЙ ЦАХИМ ХУУДАСНУУД АШИГЛАХ
Өөрийн картаа ашиглан хамгаалалтгүй сайтаар хэзээ ч битгий худалдаа хий. SSL нууцлалын сертификатаар хамгаалагдсан сайтуудын URL код нь HTTPS:// гэж эхлэх бөгөөд таны ашиглаж байгаа browser-с хамаарч URL хаягийн хажууд цоожны зурагтай байдаг.
Танд VERIFIED by VISA, MASTERCARD SECURECODE хамгаалалтын технологи эсвэл Paypal зэрэг эргэж карт эзэмшигчийг баталгаажуулдаг сайтуудаар гүйлгээ хийхийг зөвлөж байна. Эдгээр сайтууд нь интернэт пин кодоор гүйлгээг давхар баталгаажуулдаг.
3. БАРИМТАА ШАЛГАХ
Өөрийн онлайн банкаараа орж ямар гүйлгээ хийснээ байнга хянаж бай. Ингэснээр таны хийгээгүй ямар нэгэн гүйлгээ гарсан тохиолдолд та илүү хурдан мэдэх болно.
4. ХУДАЛДАА ХИЙХ ҮЕДЭЭ ОЛОН НИЙТИЙН КОМПЬЮТЕР БҮҮ АШИГЛААРАЙ
Компьютерууд таны мэдээллийг хадгалж үлдэх боломжтой ба таны зорчсон түүх, нэвтрэх мэдээлэл тань хадгалагдаж үлдэх боломжтой юм. Тиймээс худалдаа хийх үедээ заавал хувийн компьютер ашиглаж байгаарай.
5. ОЛОН НИЙТИЙН ҮНЭГҮЙ WI-FI БҮҮ АШИГЛААРАЙ
Худалдаа хийх үедээ олон нийтийн сүлжээ ашиглах нь мөн олон эрсдэлийг дагуулах боломжтой байдаг. Тиймээс өөрийн хувийн мэдээллийг алдахаас сэргийлэх үүднээс худалдаа хийхдээ хувийн сүлжээг ашиглаарай.